Хичээл 1. Энх тайван гэж юу вэ? (Садако Сасаки охин ба мянган тогорууны түүх)
ЗОРИЛГО
Суралцагчдад энх тайвны тухай ойлголтыг гүнзгийрүүлэн эзэмшүүлж, дайн тулааны сөрөг үр дагавар, аюулын тухай хэлэлцэх замаар энх тайвныг эрхэмлэх хандлага төлөвшүүлэх
ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Энх тайван, хамрах хүрээ: Дайн мөргөлдөөн, хүчирхийллийн бүхий л хэлбэр, аюул занал, нийгмийн доройтол, ялгаварлан гадуурхалт, дарлал мөлжлөг, ядуурал, шударга бус байдал зэргээс ангид байх нь энх тайван юм. Энх тайван нь хувь хүний дотоод амар амгалангаас гадна хүмүүс хоорондын, нийгэм, олон нийтийн, олон улсын, цаашлаад даян дэлхийн энх тайвныг хамрах өргөн хүрээний ойлголт юм.
- Сөрөг энх тайван: Хоёр тал хоорондоо дайтахгүй ч зөрчил тэмцэл нь байсаар байхыг сөрөг энх тайван гэнэ. Өөрөөр хэлбэл дарамт хүчирхийлэлгүй л болохоос хүний сайхан амьдрах бусад нөхцөл боломж бүрдээгүй байдлыг хэлнэ. Хүмүүст шууд ба шууд бусаар нөлөөлөх дарангуйллын дэглэм, хүчирхийлэл, дарамт байхгүй үед тайван байдалд оршин байж болох ч хүмүүсийн эрх, эрх чөлөө хязгаарлагдмал байвал нь алдагдана. Жишээ нь сөргөлдөгч талууд бие биенийхээ эсрэг гал нээхгүйгээр тохиролцох, тоглоомын талбай, эсвэл ангид зодолдохыг хориглох гэх мэт нь хүчирхийллийг хориглож буй хэдий ч далд зөрчил нь байсаар байхыг хэлнэ.
- Эерэг энх тайван: Хүчирхийлэл, дарамтаас ангид байхаас гадна хүн аз жаргалтай, эрүүл аж төрөх, өөрийгөө илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөө, боломж хангагдсан нөхцөлд жинхэнэ буюу эерэг энх тайван цогцолно гэж үздэг. Эерэг энх тайвны үед хүмүүсийн дундах буруу тогтсон хандлагыг өөрчилж, ялгавар гадуурхалт, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол, шударга бус байдлыг арилгахын тулд хүмүүс идэвхтэй хүчин чармайлт гаргаж хамтран ажилладаг.
ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ
Багш дараах хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд:
- Наадаг цаас (өнгө өнгийн)
- Өнгийн харандаа, бал
- Сасаки охины түүх
- Цаасан тогоруу хийх заавар
- Цаасан шувуу дууны үг