Эко гэж юу вэ?


Эко: гэдэг нь нэр үг, нэмэлт үгтэй нийлж, экологитой холбоотой ямар нэг зүйлийг дүрсэлсэн бусад нэр, нэмэлт үгсийг үүсгэдэг.
Экологи: (грек: οicοs-”орчин”; Lοgos-“судлал”) гэдэг нь амьд байгаль дахь организмуудын харилцан үйлчлэл, тэдгээрийн хүрээлэн буй орчинтой харилцах харилцааг судалдаг биологийн салбар шинжлэх ухаан юм.
Экосистем: Ургамал, амьтан, бичил биетэн зэрэг бүх амьд биес хоорондын болон тэдгээрийн тархан амьдрах газар шороо, хөрс, агаар, ус, нар, уур амьсгал зэрэг хүрээлэн буй орчны элементүүдтэй харилцан үйлчлэлийг багтаасан өргөн систем юм. Өөрөөр хэлбэл, экосистем гэдэг нь организмын бие биетэйгээ болон тэдгээрийн амьдардаг хүрээлэн буй орчин хоорондын харилцан үйлчлэл гэж ойлгож болно.
Бүх амьд биеүүдийн нэгэн адил хүн төрөлхтөн абиотик ба биотик хүчин зүйлүүдтэй харилцан уялдаатай амьдардаг. Байгаль орчныг бүрдүүлж буй эдгээр хүчин зүйл нь экологийн тэнцвэрийг бүрдүүлэх, хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Харамсалтай нь гал түймэр, үер, шуурга, галт уулын дэлбэрэлт гэх мэт байгалийн гамшигт өртөж экосистем доройтохоос гадна  хүний ​​үйл ажиллагаа нь экосистемийн доройтолд асар ихээр нөлөөлж байгаа бөгөөд энэ нь том аюул юм. 
Хүн идэш тэжээлийн хэлхээ оргилд гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд дэвшилтэт шинжлэх ухаан, технологийг ашигладаг болсноор хүрээлэн буй орчинд асуудал үүсэж эхэлсэн. Хүн төрөлхтөн ба байгаль орчин нь хоорондоо  нарийн уялдаатай юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш дэлхийн хүн ам геометрийн прогрессоор өсөж түүнийг дагаад байгаль орчинд ихээхэн өөрчлөлт орж байна. Ойн хомсдол, бохирдол, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь хүн ам, технологийн хөгжлөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийн нэг юм. Иймд хэрэглээ нэмэгдэхийн хэрээр байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эдгээр бүтээгдэхүүнийг ашиглах шаардлага үүсэж байна.
Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэснээр байгалийн доройтол, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, багасгах, улмаар байгаль орчинд ээлтэй шинэ технологийн загварыг бүтээж болно.
Эко бүтээгдэхүүн: орц, найрлага зэрэг үйлдвэрлэлийн явц болон хэрэглээнээс үлдэх хаягдал нь байгальд хоргүй дахин боловсруулагдах сав баглаа боодолтой, хөрсөнд хурдан шингэх хог хаягдалгүй бүтээгдэхүүнийг хэлнэ. Түүнийг тусгай тэмдэглэгээгээр тэмдэглэдэг.
Байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүнийг сонгон худалдан авахдаа бүтээгдэхүүний сав баглаа боодолд байршсан тэмдэг, тэмдэглэгээг хянаж худалдан авалт хийх нь зөв бөгөөд бид дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүн сонгосноор эх дэлхийгээ хайрлах, зөв худалдан авалт хийх зэрэг олон эерэг талтай юм.