Экологийн ул мөр гэж юу вэ?


Экологийн ул мөрийг талбайн хэмжээгээр тооцож гаргадаг. Өнөөдөр дэлхийн хүн ам 7.4 тэрбум.
Дэлхийн үржим шимт талбайн хэмжээ болох 12.7 тэрбум га газар нутгийг 7.4 тэрбум хүнд хуваахаар нэг хүний амьдралын хэрэгцээгээ хангах ёстой талбайн хэмжээ ердөө 1.7 га.
Гэтэл хүмүүс байгалийн нөөц баялгаа тасралтгүй хэрэглэж, улмаар бохирдуулсаар ирсэн учраас өнөөдөр дэлхийн нэг хүн дунджаар 2.6 га талбайн нөөц баялгийг хэрэглэж байгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Амьд ертөнцийн тайлан”-д тэмдэглэжээ.
Нэг хүн хэрэглэж буй нөөцийн 2.6 га-г эх дэлхийнхээ даацад харьцуулж тооцохоор бидэнд 1.5 дэлхий  хэрэгтэй гэсэн үг. Гэвч хүн төрөлхтөнд зориулсан өөр дэлхий бий болохгүй нь тодорхой бөгөөд өнөөгийн хүмүүс ирээдүй хойчийнхоо амьдрах орчинд сөрөг ул мөрөө үлдээж байна гэсэн үг. Нөгөө талаар хүн бүрд ногдож буй 1.7 га-гаас ч эх дэлхийн нөөцийг хүртэж чадахгүй, ядуу тарчиг хүмүүс хэдэн зуун саяараа хүнд нөхцөлд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн түвшингээсээ хамааран хүн төрөлхтний экологийн ул мөр нь янз бүр байна.

АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад, ОХУ гэсэн улсуудад дэлхийн хүн амын 13 орчим хувь нь оршин суудаг ч экологид үзүүлэх ул мөрийн 30 гаруй хувийг эзэлж байна.

Эдгээр орны аж үйлдвэрлэлийн хөгжил нь бусдаас илүү эрчим хүч, бусдаас илүү ус ашиглаж, бусдаас илүү хог хаягдал ялгаруулж байгаа учраас экологид илүү ул мөрөө үлдээж байна гэсэн үг. Хэрэв дэлхийн бүх хүнийг Америкийн дундаж орлоготой иргэдтэй адил хэрэглээтэй болгоно гэвэл нийт хүн төрөлхтөнд манай дэлхий шиг 4.1 дэлхийн нөөц баялаг шаардлагатай гэнэ. Харин Хятад хүн амынхаа тоогоор экологийн нийт ул мөрийн 19 хувийг дангаараа үлдээдэг бол АНУ 13 хувийг үлдээж байна. Гэтэл бөмбөрцгийн нөгөө бөөрөнд байгаа уух усгүй, хоол тэжээлийн дутагдалд орсон олон сая хүн байгаль экологид ямар нэг ул мөр үлдээхгүй шахам атлаа ядуу тарчиг амьдарч байна. Тийм учраас хүн төрөлхтний нэг хэсэг нь хэрэглээ, үйлдвэрлэлээ зохистой явуулах, нөгөө хэсэг нь амьдралын хэрэгцээгээ зохих ёсоор хангадаг байх шаардлага үүсэж, энэхүү тогтвортой хөгжлийн асуудлыг дэвшүүлсэн билээ.