Монголчуудын экологийн ул мөр


Дэлхийн бүх хүнийг монгол хүн шиг амьдруулна гэвэл 3.3 эх дэлхийн нөөц баялаг хэрэгтэй ажээ. Америк, Монголын амьдралын хэв маяг, хөгжлийн түвшин асар их ялгаатай атал монголчууд яагаад адил шахам ул мөрийг үлдээж байна вэ?

Монголчуудын нэг хүнд ногдох дундаж ул мөр 6.1 га бөгөөд үүний 66 хувь нь мал аж ахуйн бэлчээрийн доройтлоос үүдэлтэйг Дэлхийн байгаль хамгаалах сангийн 2014 оны "Амьд байгалийн индексийн тайланд" өгүүлсэн байна.

Монгол орны бэлчээрийн даац хэтэрч, газар нутгийн ихэнх нь цөлжсөн нь монголчуудын үлдээж буй экологийн сөрөг үр дагавар ажээ. БОАЖЯ-наас эрхлэн гаргасан "Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд" өгүүлснээр, 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилтөд өртөөд байгаа бөгөөд үүнээс их хэмжээгээр доройтсон газар нутаг 22.9 хувийг эзэлж байна. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны биологийн даац, чадавх 50 жилийн хугацаанд 50 хувиар огцом буурчээ. Өндөр хөгжилтэй орнуудтай эн зэрэгцэхүйц түвшинд очсон экологийн ул мөрөө бууруулахын тулд малын тоо толгойн зохистой харьцааг барих, сүргийн бүтцээ сайжруулах, бэлчээр сэлгэн нүүдэллэдэг уламжлалт аргуудаа сэргээн дагах шаардлага бидэнд тулгарч байна. Мэдээж эдгээр бодлого, арга хэмжээ нь малчдын амьжиргааг дэмжсэн байх ёстой бөгөөд байгаль орчиндоо халгүй атлаа эдийн засаг нь хөгжсөн, нийгмийн асуудлууд нь шийдэгдсэн байж тогтвортой хөгжлийн зорилтуудаа хангах билээ.