Экологийн ул мөрийн нөлөөллүүд


Байгалийн баялгийн хэтэрхий ашиглалт нь байгаль орчинд дараах байдлаар нөлөөлдөг. Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл, ой ашиглалт, загас агнуур, хот суурин газар болон унаа, тээвэр, эрчим хүчний хэрэглээ нь гол нөлөөллүүдийг бий болгодог. Тухайлбал, Монгол орны хувьд мал аж ахуй экологийн ул мөрийн гол нөлөөлөл болж байна.

Дэлхий нийтэд ул мөрийн үзүүлэлтүүдээс хамгийн их хувийг дэлхийн дулаарлын гол шалтгаан болж буй нүүрстөрөгчийн давхар исэл эзэлдэг бөгөөд энэ нь нийт ул мөрийн 53 хувийг эзэлдэг.

Малтмал түлшний хэрэглээнээс ялгардаг нүүрс төрөгчийн давхар ислийн дийлэнхийг хөгжингүй орнууд ялгаруулж, энэ хэрээр экологийн ул мөр үлдээж байна. Хүн амын болон эдийн засгийн өсөлт, ул мөрийн хэмжээ зэрэг бүх зүйл яг энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд агаарын температур хоёр хэмээр нэмэгдэж, биологийн төрөл зүйлийн 40 хувь нь устаж үгүй болох тооцоог эрдэмтэд гаргажээ. Нөхцөл байдал иймдээ тулбал хүн төрөлхтний үлэмж хэсэг усны гачаалд нэрвэгдэж, усаар тэжээгддэг үр тарианы ургац муудан, наад зах нь хүнсний хомсдол нүүрлэх билээ. Бидний хэрэглээ хэдий чинээ тансаг, үрэлгэн байна, эх дэлхийдээ төдий чинээ дарамт үзүүлж байна гэсэн үг. Жишээ нь, нэг тонн цаас үйлдвэрлэхэд 17 ширхэг мод хэрэглэдэг. Гэтэл нэг модыг ургуулахад дор хаяж 10-15 жил шаардагддаг. Харин бид цаасаа хэмнэдэг бил үү?
Ирээдүй хойч үеэ эх дэлхийд амьдрах боломжийг үлдээхийн тулд өнөөгийн хүмүүс бид экологийн ул мөрөө тооцож, бууруулах зайлшгүй шаардлагатай. Дэлхий нийт тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын дагуу экологид үзүүлж буй ул мөрөө бууруулах алхмуудыг хийж байгаа боловч улс орон бүр харилцан адилгүй байна.