Тогтвортой хэрэглээ ба хүрээлэн буй орчны тогтвортой байдал


Анх 1987 онд Брундландийн комиссын илтгэлд “Тогтвортой хөгжил” гэсэн нэр томьёог хэрэглэж, энэ ойлголтыг тодорхойлсон байдаг. Үүнд: “Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүйн үеийнхний хэрэгцээгээ хангах боломжийг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээгээ хангах хөгжил юм”.

1992 оны Рио-гийн Дэлхийн дээд хэмжээний уулзалтаас хойш тогтвортой хөгжил нь урт удаан хугацааны хөгжлийн харилцан хамаарал бүхий бие биеэ нөхцөлдүүлэгч бүрдэл хэсгүүд болох эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил болон байгаль орчны хамгааллыг интеграцчилсан хөгжлийн шинэ үзэл баримтлал болсон. 
Тогтвортой хөгжил бол өнөө үеийнхний амьдралын чанарыг баталгаатай байлгахын зэрэгцээ хойч үеийнхэндээ өөрсдийн амьдралаа сэтгэл ханамжтай авч явахад зохистой зөв сонголт хийх боломжийг үлдээсэн, нийгмийг бүхэлд нь хамарсан, урт удаан хугацаанд үргэлжлэх өөрчлөлт хувиргалтыг цогцлоох үйл явц юм.
Байгалийн нөөцийг хэрэглэгдэх байдлаар нь шавхагдашгүй, шавхагддаг гэж ангилдаг. Шавхагддаг нөөцийг дахин сэргээгдэх ба дахин сэргээгдэхгүй гэж бас ангилж болно.
Сэргээгдэхгүй нөөц гэдэг нь дахин бий болохгүй ба бий болохдоо хүн ашиглах хурдаас удаан бий болдог газрын хэвлийн баялаг буюу ашигт малтмал юм. Сэргээгдэхгүй нөөцийг хайр гамгүй хэрэглэх нь зайлшгүй мөхөлд хүргэдэг. Иймд нөөцийг хэмнэлттэй, зохистой, иж бүрэн ашиглах эсвэл аль болох бага алдагдалтай орлуулагч хайх шаардлагатай болдог.
Сэргээгдэх нөөцөд хуурай газрын дээд өнгөн давхарга үе буюу таримлын ургац өгөх хөрс, ойн нөөц хамаарна. Хөрс хамгийн үнэтэй нөөц бөгөөд цаг уур, амьд организмын оролцоотойгоор маш удаан сэргээгдэнэ. Мөн сэргээгдэх нөөцөд амьтан, ургамлын аймаг, нуур тэнгисийн усанд тунах давс зэрэг зарим эрдсүүд хамаарагдана. Гэхдээ байгалийн нөөцийн сэргээгдэх хугацаа нь харилцан адилгүй байна. 
Байгалийн нөөц нь улс орнуудад өргөн тархсан байдаг. Заримд нь элбэг дэлбэг байхад заримд нь бага тархалттай байдаг. Байгалийн баялгийн талаар сайн ойлголттой байх нь эдгээр нөөцийг хаана ч байсан зөв удирдах, хэрэглэх боломжийг олгодог.