Бид юу хийж чадах вэ?


Энэ агуулгыг хүүхэд судалснаар цаг агаар ба уур амьсгалын ялгаа, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврыг ойлгож, учир шалтгааныг тайлбарлах, өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга замыг тодорхойлох, өөрийн оруулах хувь нэмрийг ухамсарлан, түүнд дасан зохицохын тулд амьдралын зөв хэв маяг, зан үйлд суралцаж байгальд ээлтэй эерэг хандлагатай болно.

Цаг агаар: Тухайн газар орны богино хугацааны доторх агаарын төлөв байдал (Цаг агаар нь богино хугацаанд хувирч өөрчлөгдөнө)
Уур амьсгал: Цаг агаарын олон жилийн дундаж горим

ЦАГ АГААРЫГ ТОДОРХОЙЛОХ ЭЛЕМЕНТҮҮД
Агаарын температур: халуун хүйтнийг илэрхийлэх тоон хэмжүүр. Термометрээр хэмжинэ.
Чийгшил: Агаарт агуулагдах усны уурын хэмжээ. Чийгшлийг гигрометрээр хэмжинэ.
Үүл: Агаар мандалд үүсэх усан дусал болон мөсөн талстын нүдэнд үзэгдэх бөөгнөрөл. Үүлшилтийг 1-10 баллаар хэмжинэ.
Тунадас: Үүлнээс  дэлхийн гадарга дээр унах хатуу шингэн төлөвийн усны хэлбэрүүд (агаарын тунадас - бороо, цас, мөндөр, цасан ширхэг). Гадарга дээр конденсаци (усны уур шингэн төлөвт шилжих) явагдснаас үүсэх цан, шүүдэр, хяруу гэх зэрэг нь гадаргын тунадасны хэлбэр
Алсын барааны харагдалт: тэнгэрийн дэвсгэр дээр өдрийн цагт ялгарч харагдах хамгийн холын зай. Харагдах тэмдэгтийн орших зайгаар цаг уурын алсын барааг нэрлэж, тэмдэглэдэг болно.
Манан: Газрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр нөлөөгөөр үүсэх усан дусал, мөсөн талстуудын хуримтлал. Өөрөөр хэлбэл газрын гадарга дээр үүсэх үүл.
Агаарын даралт: Агаарын баганын жин. Барометрээр хэмжинэ.
Салхи: Даралтын зөрөөнөөс үүсэх агаарын хэвтээ чиглэлийн урсгал