Сэдэв 2. Зөрчлийг энх тайвнаар шийдвэрлэх нь
ЗОРИЛГО
Суралцагчдын дунд зөрчил, түүний мөн чанарын тухай хэлэлцүүлэх замаар зөрчлийг шийдвэрлэх энх тайванч, үл хүчирхийлэл бүхий “хожил-хожил шийдэл” ба эвлэрлийг эрхэмлэх хандлага төлөвшүүлэх
ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Зөрчил: Зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн санал бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм (Росс Стингер, 1967). Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг.
- Зөрчлийн шалтгаан: Зөрчил нь нөөц боломжийн хомдслоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл хүмүүс хоорондын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг.
- Зөрчлийн гүнзгийрэл: Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдснаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог.
- Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдэл: Зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэрэг сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг энх тайвны арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал болж байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.
- Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг арга барил: Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд чухал нэг алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг дараах таван амьтнаар төлөөлүүлэн тайлбарласан байдаг.
- Яст мэлхий: Зөрчлийн үед өөрийн байр суурийг илэрхийлж, бусдын байр суурийг сонсох замаар зөрчлийг шийдвэрлэх гэж хичээхээс илүү зөрчлийг үл хайхарч, зөрчилт байдалд орохоос зугатан зайлахыг эрмэлздэг. (Зайлсхийх арга барил)
- Баавгай: Зөрчлийн үед үүссэн асуудлыг шийдвэрлэхээс илүү харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Зөрчилт нөхцөл байдлыг орхиж, аяндаа шийдэгдэхээр үлдээдэг. (Зохицох арга барил)
- Үнэг: Зөрчлийг аль болох зохицуулахыг эрмэлздэг. Зөрчил гэдэг нь харилцан хоёр тал байр сууриа өөрчлөх замаар буюу өгч, авах замаар шийдвэрлэх боломжтой зүйл гэж үздэг. (Зохицуулах арга барил)
- Шар шувуу: Дундын шийдлийг олохыг эрмэлздэг. Зөрчлийг шийдвэрлэхийн тулд цаг зав, хүчин чармайлт гаргадаг. Харилцаанд ач холбогдол өгөхийн хамт зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг.
- Аварга загас/Арслан: Зөрчилтэй шууд нүүр тулдаг. Өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлж, өөрийнхөө зүтгэж дайрах байдлаар зөрчлийн үед ялахыг эрмэлздэг. (Өрсөлдөх арга барил)
- Зөрчлийг шийдвэрлэх боломжит дөрвөн шийдэл байдаг. Зөрчилдөж буй хоёр талыг А ба Б тал гэж нэрлэвэл тэдний дунд үүссэн зөрчил нь дараах дөрвөн хувилбарын аль нэгээр шийдэгдэж болно.
А | Б | |
---|---|---|
1 | Хожил | Хожигдол |
2 | Хожигдол | Хожил |
3 | Хожигдол | Хожигдол |
4 | Хожил | Хожил |