Сургагч багшид зориулсан сургалтын модуль
ЗОРИЛГО:
Сургагч багшийн модуль нь оролцогчдод амьдрах хэв маяг, хэл яриа, итгэл үнэмшил, үнэт зүйл, уламжлал, угсаатан тэдгээрийн холбоо хамаарлын талаар ойлголттой болж, ялгаатай байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлэх, соёлын олон янз байдалд хүндэтгэлтэй хандахад суралцах боломж олгоно.
ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Соёл: Оршихуйн арга зам нь нэг үеэс нөгөө үед уламжлагдаж буй нийтлэг хэл, итгэл үнэмшил, үнэт зүйл, хэм хэмжээ, зан үйл зэргийг хэлнэ.
- Соёлын олон янз байдал: Энэ нь тодорхой нутаг дэвсгэрт оршин суудаг хэсэг бүлэг хүмүүсийн хэл, уламжлал, хоол унд, шашин шүтлэг, зан заншил, гэр бүлийн зохион байгуулалтын загвар, улс төр зэрэг өөр өөр соёлыг төлөөлдөг олон янз талууд юм.
- Соёлын төрөл зүйн онцлог: Хүмүүсийн хооронд хэл харилцаа, хувцас, уламжлал гэх мэт олон соёлын ялгаа байдаг. Нийгмийн зохион байгуулалт ч гэсэн ёс суртахуунтай эсвэл хүрээлэн буй орчинтой холбоотойгоор ихээхэн ялгаатай байж болно. Соёлын олон янз байдлыг биологийн төрөл зүйлтэй ижил төстэй гэж үзэж болно. Соёлын цорын ганц загвар байдаггүй, харин ижил үнэ цэнэтэй, ижил хүндэтгэлийг хүлээсэн олон янзын соёл байдаг.
- Соёлын олон янз байдлын хүчин зүйлүүд: Дэлхий дээрх бүх амьдрал урт хугацаанд оршин тогтнох хүчин зүйл гэж үздэг биологийн олон янз байдалтай зүйрлэвэл соёлын олон янз байдлыг хүн төрөлхтний урт удаан оршин тогтнох амин чухал зүйл гэж үзэж болно. Мөн төрөл зүйл, экосистемийн оршин тогтнолыг ерөнхийд нь хадгалж байдаг тул уугуул соёлыг хадгалах нь чухал ач холбогдолтой юм. ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурал 2001 онд “Соёлын олон янз байдлын тухай түгээмэл тунхаглал”-ын 1 дүгээр зүйлд “Биологийн олон янз байдал байгальд зайлшгүй шаардлагатайн адил хүн төрөлхтөнд соёлын олон янз байдал зайлшгүй шаардлагатай” гэсэн заалтыг баталснаар ийм дүгнэлтэд хүрсэн.
- Соёлын өв: Энэ нь өвөг дээдсээсээ нийгмийн өвлөн олж авсан ард түмэн эсвэл нийгмийг төлөөлж буй биет элементүүд ба биет бус шинж чанаруудын цогц юм.
- Даяаршил: Дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл, соёл, техник
технологи, цэргийн салбарын хүрээнд нэгдэн нягтрах үйл явц юм. - Оролцоо: Нийгэмд эв найртай амьдрахын тулд эдийн засаг, нийгэм, соёл, улс төрийн, иргэний амьдрал, үйл ажиллагаанд бүх талаар оролцох арга замыг идэвхтэй эрэлхийлж буй явдал юм.
- Интеграц: Цагаачид нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэ нөхцөл байдалд дасан зохицох замаар тухайн улсад суурьших үйл явц юм. Үүнтэй зэрэгцэн хүлээн авагч улс орон ч мөн шинэ ирж буй хүмүүс, тэдэнтэй холбоотой өөрчлөлтөд дасан зохицохыг хичээх хэрэгтэй болдог.
- Цагаачид: Хүлээн авч байгаа улс орны орон нутгийн үйл ажиллагаанд оролцож, оршин суугчийнхаа хувиар үүрэг хүлээж, эрхээ эдлэх үед тухайн улсдаа интеграцчилагддаг.
- Соёлын уусах үзэгдэл (Assimilation): Цагаачдыг хүлээн авагч орныхоо уламжлал, соёл, үнэт зүйлд бүрэн дасан зохицож, зарим нэг хувийн онцлог шинж чанараа гээж, тухайн улсынхаа нэгэн хэсэг болохыг шаарддаг.
- Олон соёлт үзэл (Multiculturalism): Өөр өөр соёлын бүлгүүдийн ялгаатай байдал, эрхийг хүлээн зөвшөөрч, олон соёлын уламжлалыг зэрэгцүүлэн орших боломжийг олгодог.
- Соёл хоорондын үзэл (Interculturalism): Харилцах, хамтрах замаар өөр өөр соёл өөрсдийн ялгаатай байдлаа хадгалангаа нийгэмд хамтдаа оршин тогтнох, оролцох арга замыг авч үздэг.
- Хүлцэн тэвчих (tolerance), хүндэтгэл (respect): Хүлцэн тэвчих нь бусдыг хохироохгүй, тэдний эрхийг хязгаарлахгүйгээр олон янзын үзэл бодол, үйлдлийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Хүндэтгэл нь бусадтай эрх тэгш байх харилцааг илэрхийлдэг тул хүлцэнгүй байдлаас давсан алхам юм. Ийм тохиолдолд цөөнхийн бүлгийг олонх нь тэгш эрхтэй гэж хүлээн зөвшөөрч, зүгээр нэг тэвчих бус нийгэмд тэгш боломж олгодог.
- Үнэт зүйл: Нийгэм, хувь хүний болон ерөөс аливаа үзэгдлийн бодит шинж чанар болон түүний эерэг сөрөг утга, үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт юм.