Сургагч багшид зориулсан сургалтын модуль
Зорилго
“Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл”, “Ногоон бүтээгдэхүүн ба үйлдвэрлэл”-ийн талаар системтэй мэдлэг ойлголт эзэмших, олон нийтэд мэдээлэл түгээх, ногоон хэрэглээг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэрэглээ ба үйлдвэрлэлд шүүмжлэлтэй ханддаг, шинэ санааг амьдрал, үйлдвэрлэлд нэвтрүүлэгч бүтээлч иргэнийг бэлтгэхэд оршино.
Үндсэн ойлголтууд
- Тогтвортой хөгжил - Хойч үеийнхээ хэрэгцээ, шаардлагыг хангах боломжийг хязгаарлахгүйгээр, өнөө үеийнхэн өөрсдийн хэрэгцээ, шаардлагаа хангахад чиглэсэн хөгжил
- Тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл - Эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, тогтвортой дэд бүтцийг дэмжих үндсэн үйлчилгээнүүд, ажлын байр, амьдралын чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаа
- Ногоон хөгжил - Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, нийгмийн оролцоог хангаж, ядуурлийг бууруулах хөгжлийн загвар
- Ногоон худалдан авалт - Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт
- Ногоон ажил - Эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөр
- Ногоон ажлын байр - Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн зохистой ажлын байр
- Ногоон оффис - Эрчим хүч, усны хэмнэлттэй, хог хаягдал багатай, байгаль орчинд ээлтэй техник, технологи ашигладаг, ажлын өрөөний тав тухыг хангасан, дотоод орчны агаарын солилцоо нь хүний эрүүл мэндэд ээлтэй ажлын өрөө, танхим хонгил
- Ногоон үйлдвэрлэл - Эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эрсдэлгүй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа
- Байгаль орчинд ээлтэй технологи /Цэвэр технологи, эко технологи/ - Байгалийн нөөц, эрчим хүчний хэмнэлттэй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, орчны бохирдлыг бууруулахад чиглэсэн, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй технологи
- Ногоон бүтээгдэхүүн - Бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчинд бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүн
- Эко шошго - Ногоон бүтээгдэхүүн ба хүрээлэн буй орчны ялгааг тодорхойлсон олон улсын нэрийг Эко шошго гэж нэрлэдэг. Европын Холбооны Зөвлөл нь 1992-д эко шошгоны системийг бий болгосон.
- СВОТ шинжилгээ - (SWOT шинжилгээ) гэдэг нь байгууллагын үйл ажиллагаааг шинжлэхэд хэрэглэгддэг менежментийн шинжилгээний арга. Англи хэлээр S-Strength, W-Weakness, O-Opportunity, T-Threat гэсэн үгсийн товчлол. Үйл ажиллагааг шинжлэхдээ ДАВУУ ба СУЛ тал, БОЛОМЖ ба АЮУЛ ЗАНАЛ-ыг нь илрүүлдэг арга юм.
- Бизнес төлөвлөгөө - Бизнесийн байгууллага, хамт олны стратеги, зорилтыг тодорхойлдог ба үйл ажиллагаагаа эрхлэх бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай, найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт бичиг