ХИЧЭЭЛ 1. НОГООН АЖЛЫН БАЙР, НОГООН ХУДАЛДАН АВАЛТ


ЗОРИЛГО

Байгууллагын хувьд ногоон ажлын байрыг хэрэгжүүлэхийн тулд байгалийн нөөц (эрчим хүч, ус)-ийн хэрэглээгээ багасгах, хог хаягдлыг бууруулах, ингэснээр хэмнэлт гаргах асуудлыг хөнддөг тул багш нар хамтран сургуулийн хамт олон, сурагчдад дээрх соёлыг ухамсарлан ойлгуулахад энэхүү сургалтын зорилго оршино.

ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

  • Ногоон ажил: Эрчим хүч, түүхий эд материал, усны хэрэглээг багасгах, хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах, хог хаягдал, бохирдлыг бууруулах, экосистемийг хамгаалж нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох замаар хүрээлэн байгаа орчны чанарыг сайжруулж, хамгаалахад чиглэсэн ажил хөдөлмөрийг хэлнэ.
  • Ногоон ажлын байр: Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн зохистой ажлын байр
  • Ногоон оффис: Эрчим хүч, усны хэмнэлттэй, хог хаягдал багатай, байгальд орчинд ээлтэй техник, технологи ашигладаг, ажлын өрөөний тав тухыг хангасан, дотоод орчны агаарын солилцоо нь хүний эрүүл мэндэд ээлтэй ажлын өрөө, танхим хонгил
  • Ногоон худалдан авалт: Эрчим хүч, байгалийн нөөц баялгийн хэмнэлттэй хэрэглээ, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт.
  • Ногоон барилга: Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн бага байх хийцтэй, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй, эрчим хүч, нөөцийн хэмнэлт, үр ашигтай, хур тунадасны усыг хуримтлуулж ашиглах, хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах технологи бүхий, тав тухтай орчныг бүрдүүлсэн барилга байгууламж.
  • ЛЕД (light-emitting diode) гэрэл: Бага хэмжээний цахилгаан зарцуулдаг, байгаль экологид ээлтэй, хар тугалга болон мөнгөн ус агуулдаггүй, олон төрлийн өнгөний сонголттой гэрэлтүүлэг
  • Люминенценц (compact fluorescent light bulbs) гэрэл: Гадны нөлөөнд эмзэг, хадгалахад хүндрэлтэй, мөнгөн ус агуулдаг гэрэлтүүлэг

ХИЧЭЭЛИЙН БЭЛТГЭЛ

Багш дараах хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн байна. Үүнд:

  • Шугам, метр
  • Термометр
  • Бие даан гүйцэтгэх ажлын хуудас
  • Зурагт хуудас зэргийг бэлтгэсэн байна.

ХИЧЭЭЛИЙН ЯВЦ

Багш сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан интегратив сургалтын загварын дагуу тэдний ажиллах дасгал даалгаврыг боловсруулж, сургалтыг удирдан чиглүүлнэ.

НЭГ. ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭМНЭХ

Байгууллагын хэрэглээний хэмнэлтийг тооцохыг тулд эхлээд эрчим хүчний хэрэглээг тооцон гаргах нь чухал. Эрчим хүч гэдэгт дулаан болон цахилгааны хэрэглээ хамаарна.

Дулааны алдагдлыг багасгах нь ногоон барилгатай холбоотой болдог. Манай барилгууд баригдахаасаа өмнө “Ногоон барилга” байхаар төлөвлөгдөөгүй, ихэнх нь дулааны алдагдал ихтэй байдаг. Иймээс байгууллага дулаан алдагдлаа хэт ягаан туяаны дулаан хэмжигч багажаар хэмжиж, үйлчилгээ үзүүлдэг ААН-ээр хийлгэж, хэрвээ дулаан алдагдалтай бол шал, дээвэр, цонх, коридори, ханыг дулаалах байдлаар эрчим хүчний хэмнэлт гаргах боломжтой.

Дулаанд зурцуулж буй эрчим хүчийг хэмнэх санаа өгөхийн тулд багш сурагчдаар ажиллуулах дасгал даалгаврыг урьдчилан бэлтгэнэ. 

Үйл ажиллагаа 1. Ажлын байрны дулааны эрчим хүчний хэрэглээг үнэлэх

Дараах тооцооллыг хийж, дулааны эрчим хүчийг хэмнэх зөвлөмж боловсруулаарай. 

  1. Ангийхаа дулаан алдагдлыг тооцоолохдоо дараах апплейкшнийг ашиглаарай. https://www.omnicalculator.com/construction/heat-loss
Ангийн хэмжээ (м) Температур (oC) Хана Дулаан алдагдал

Шаардлагатай чадал (Вт)

Хоногт зарцуулах дулааны эрчим хүч (кВт*цаг)
Урт   Гадаах   Дулаалгагүй      
Өргөн   Доторх   Нэмэлт дулаалгатай      
Өндөр       Маш сайн дулаалгатай      

2. Дулаалгагүй болон маш сайн дулаалгатай үед жилд зарцуулах дулааны эрчим хүчийг тооцоорой. 

3. 1 кВт.цаг дулааны эрчим хүчний төлбөр 604.00 төг/м3 гэж үзвэл 1 жилд маш сайн дулаалгатай үед хичнээн төгрөг хэмнэж болохыг тооцоорой. Тооцоолохдоо 1 кВтц = 9.5м3 гэдгийг ашиглаарай. 

4. Ангийн дулааны алдагдал их эсвэл бага байвал цаашид ямар арга хэмжээ авах вэ?

Дулааны алдагдах их бол Дулаан алдагдаг бага бол