СЭДЭВ 2. НОГООН БҮТЭЭГДЭХҮҮН, ЭКО ШОШГО


ЗОРИЛГО

Суралцагч хувийн хэрэглээ болон байгальд хандах зан үйлээ хянаж, бусад хүмүүс, улс орон, дэлхий ертөнцийн хүн төрөлхтөний сайн сайхан байдал, амьдрах таатай орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахад энэхүү сургалтын модулийн зорилго оршино.

ТҮЛХҮҮР ҮГ, ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Тогтвортой хэрэглээ: Хойч үеийнхээ амьдралыг эрсдэлд оруулахгүйн тулд байгалийн баялгийн хэрэглээг багасгах, бохирдол, хог хаягдлыг бууруулах зорилгоор бараа, үйлчилгээг хариуцлагатайгаар сонгон хэрэглэхийг хэлнэ.

Ногоон бүтээгдэхүүн: Бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчны бохирдолт бага гаргадаг бүтээгдэхүүн.

Бүтээгдэхүүний амьдралын мөчлөг: Бүтээгдэхүүн материалыг үйлдвэрлэснээс эхлээд устгах хүртэлх хугацааг хэлнэ.

Экo шошго: Хэрэглэгч эко шошгын тусламжтайгаар өөрийн хүрээлэн буй орчин, нийгэмд тавигдах шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож чадна. Бизнес эрхлэгчдийн хувьд эко шошго бол бизнесийн бүтээмжийг хэмжих, аливаа нэг бүтээгдэхүүний байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь баталгаатай байгааг сурталчлах хэрэгсэл болох юм.

Ногоон худалдан авалт хийхийг “4E” (Education - боловсролоор Economical - эдийн засгийн, Environmental – байгаль орчны, Efficient – үр ашигтай) загвараар  дамжуулан эзэмшүүлэхийг дэлхийн улс орнууд зөвлөж байна.