Сургагч багшид зориулсан сургалтын модуль


ЗОРИЛГО

Энх тайван, үл хүчирхийллийг дэмжсэн орчин бүрдүүлэхийн ач холбогдлыг таниулах, гэр бүл, сургууль, нийгмийн орчинд үүссэн зөрчлийг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх арга хандлагыг төлөвшүүлэхэд оршино.

ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

  • Энх тайван, хамрах хүрээ: Дайн мөргөлдөөнөөс гадна хүчирхийллийн бүхий л хэлбэр, аюул занал, нийгмийн доройтол, ялгаварлан гадуурхалт, дарлал мөлжлөг, ядуурал, шударга бус байдал зэргээс ангид байх нь энх тайван юм. Энх тайван нь хувь хүний дотоод амар амгалангаас гадна хүмүүс хоорондын, нийгэм, олон нийт, олон улс, цаашлаад даян дэлхийн энх тайвныг хамрах өргөн хүрээний ойлголт юм.
  • Энх тайван: Хүчирхийлэл, дарамтаас ангид байхаас гадна хүн аз жаргалтай, эрүүл аж төрөх, өөрийгөө илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөө, боломж хангагдсан нөхцөлд эерэг энх тайван цогцолно. Энх тайвны үед хүмүүсийн дундах буруу тогтсон хандлагыг өөрчилж, ялгавар гадуурхалт, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол, шударга бус байдлыг арилгахын тулд хүмүүс идэвхтэй хүчин чармайлт гаргаж хамтран ажилладаг.
  • Хуурмаг энх тайван: Хоорондоо сөргөлдддөг хоёр тал хоорондоо шууд дайн, мөргөлдөөн байхгүй ч зөрчил тэмцэл нь далд байсаар байхыг хуурмаг энх тайван гэнэ.1 Дарамт хүчирхийлэлгүй л болохоос хүний сайхан амьдрах бусад нөхцөл боломж бүрдээгүй байвал хуурмаг энх тайван юм.
  • Үл хүчирхийлэл: Хувь хүн ба бүлэг хүмүүс нийгэм дэх зөрчлийг шийдвэрлэх, шударга бус явдлын эсрэг тэмцэхдээ бусад хүмүүс, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр шийдвэрлэхийн тулд хүчирхийлэл хэрэглэхгүйгээр тууштай хүчин чармайлт гаргах үйл явц юм.
  • Шууд хүчирхийлэл: Бие махбодын хувьд зодож гэмтээх, зодолдох, хүчирхийлэх, өвтгөх, тамлан зовоох, амь насанд заналхийлэх, хэл амаар доромжлох зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдийг агуулдаг.
  • Бүтцийн хүчирхийлэл: Хууль тогтоомж, дүрэм журам, ёс заншил зэргээр дамжин тухайн нийгэмд бүрэлдэн тогтсон байдаг ба нийгмийн тодорхой хэсгийг бусдаас нь ялгаварлан гадуурхсан шинжтэй байдаг. Тухайлбал, хөдөлмөрийн ба бэлгийн мөлжлөгийг хориглоогүй, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, шашин, соёлын цөөнхийг гадуурхсан зэрэг хэв маягтай байдаг.
  • Соёлын хүчирхийлэл: Хүний бие махбодоос илүү оюун санаанд нөлөөлж байдаг үл үзэгдэх хүчирхийллийн хэлбэр юм. Шууд болон бүтцийн хүчирхийллийг зөвтгөх үндэслэл болж байдаг. Эдгээр нь хүмүүсийн үзэл бодол, үнэт зүйл, итгэл үнэмшил, таамаглал, төсөөлөл, үлгэр домогт суурилсан байдаг.
  • Зөрчил: Росс Стингер (1967)-ийн тодорхойлсноор зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн үзэл бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм. Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг.
  • Зөрчлийн шалтгаан: Зөрчил нь нөөц боломжийн хомдслоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл талуудын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг.
  • Зөрчлийн гүнзгийрэл: Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдснаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог. Зөрчлийн үед үүсдэг мэдрэмж хүнийг тавгүй байдалд оруулдаг. Үүнтэй холбоотой зарим хүн зөрчилдөхөөс зайлсхийх улмаар аль болох зөрчилдөхгүйг хичээх хандлагатай болдог. Зөрчил гүнзгийрэх нь айдас түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, гомдол, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд хөтөлдөг. Гэхдээ хүн зөрчилтэй нөхцөлд тухайн үүссэн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү саруул ухаанаар хандаж бэрхшээл гэхээсээ түүнийг сорилт гэж харан эерэг талаас харж сурах хэрэгтэй. Зөрчилтэй тулгарах үед хүмүүсийн гаргадаг түгээмэл хандлага бол аль болох нөгөө талаа ялан дийлэхийг хичээх явдал байдаг. Ингэснээр нөгөө талын хүн ч гэсэн ялан дийлэхийг хичээсэн арга барилыг хэрэглэдэг.
  • Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдлийг зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг энх тайвны арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал болж байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох арга замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.
  • Зөрчлийн үеийн арга барил: Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн 9∙ арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд нэг чухал алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг өрсөлдөх, зайлсхийх, зохицох, зөвшилцөх, хамтрах гэсэн ангилалд хувааж тодорхой таван амьтнаар төлөөлүүлэн тайлбарласан байдаг. Мөн зөрчлийн үеийн арга барилыг хүч хэрэглэх, зайлсхийх ба энх тайвнаар шийдвэрлэх гэж ангилдаг.
  • Зөрчлийг шийдвэрлэх боломжит шийдэл: Зөрчлийг шийдвэрлэх боломжит дөрвөн шийдэл байдаг. Зөрчилдөж буй хоёр талыг А ба Б тал гэж нэрлэвэл тэдний дунд үүссэн зөрчил нь дараах дөрвөн хувилбарын аль нэгээр шийдэгдэж болно.