УНШИЖ, СУДЛАХ МАТЕРИАЛ


Зөрчил бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Энэ утгаараа зөрчил хаа сайгүй байдаг. Нийгэм хөгжихийн хирээр хүмүүс хоорондын харилцаанд зөрчил улам бүр нэмэгдэх хандлага ажиглагдах болсон. Энэ нь хүмүүс хоорондын ялгаатай байдал нэмэгдэж байгаатай зарим талаар холбоотой. Иймд зөрчлийг ойлгож, түүнийг хүчирхийлэлгүйгээр, үр дүнтэй шийдвэрлэх чадвар хүмүүс бидэнд чухал болж байна.

Росс Стингер (1967)-ийн тодорхойлсноор зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн үзэл бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм.

Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг. 

  • Нөхцөл байдал:
    • зөрчилдөгч талууд бие биенийгээ дундын ашиг сонирхолтой гэж харахаас илүү өрсөлдөгч байр сууринд авч үзэх
  • Хандлага:
    • Үзэн ядах, айх хандлагатай байх
  • Зан үйл:
    • Заналхийлэх, эсэргүүцэх, дайрах, амиа хичээх зан үйл гаргах 

Зөрчлийн шалтгаан. Зөрчил нь юуны өмнө нөөц боломжийн хомсдлоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл талуудын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг. 

  • Зөрчил нь юуны өмнө хүмүүсийн дундын нөөц боломж хомс байдгаас зөрчил үүсдэг. Жишээ нь ангид хорин хүүхэд байхад дунд нь 10 зүсэм торт авчирлаа гэж бодье. Хүүхэд бүхэн тортноос идэхийг хүсэх ч торт хүүхэд бүрт хангалтгүй тул хүүхдүүд өрсөлдсөний улмаас зөрчил үүсч болно. Нөөц боломж хомс, хязгаарлагдмал байдаг. Жишээ нь цаг хугацаа, мөнгө, эд хөрөнгө зэрэг жишээ дурдаж болно.
  • Зөрчил үүсгэдэг дараагийн шалтгаан нь хүний хэрэгцээ хангагдахгүй байх явдал юм. Хүн бүрт үндсэн хэрэгцээ бий. Жишээ нь бид бүгд эрүүл саруул байх, эрх чөлөөтэй байх хэрэгцээтэй. Гэвч хүний үндсэн хэрэгцээ хангагдахгүй, эсвэл бид үндсэн хэрэгцээгээ хангах боломжгүй байх үед хүмүүс зөрчилддөг.
  • Зөрчил үүсгэдэг гурав дахь шалтгаан бол бид бүхэн өөр өөр бодолтой, өөр хүсэл сонирхолтой байдаг явдал юм. Бидний зарим нь газар зүйн хичээлд дуртай байхад зарим нь биеийн тамирын хичээлд дуртай байдаг. Хүмүүс өөр өөр ёс уламжлалтай байж болно. Зарим нь гараараа хоолоо барьж иддэг байхад зарим нь заавал халбага сэрээгээр иддэг гэх мэт. Хүмүүс хоорондын ялгаатай байдлын улмаас харилцах үед тэдгээрийн үзэл бодол, шашин шүтлэг, соёл мөргөлдсөнөөс болж хүмүүс хоорондоо зөрчилддөг. Хүмүүс бид аливаа юмсыг өөр өөрөөр хардаг талаар тайлбарлахад хэрэглэх нэмэлт материал харна уу
Зөрчлийн зарим шалтгаан Хязгаарлагдмал нөөц

Цаг хугацаа

Хөрөнгө мөнгө

Эд баялаг

Хангагдаагүй хэрэгцээ

Харьяалагдах хэрэгцээ

Эрх мэдэлтэй байх

Эрх чөлөөтэй байх Чөлөөт цагаа өнгөрөөх

Хүмүүс хоорондын ялгаатай байдал

Хүсэл сонирхол

Зан заншил

Үнэт зүйл

Итгэл үнэмшил

Зөрчлийн гүнзгийрэл. Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Зөрчил яагаад гүнзгийрдэг талаар эргэцүүлье. 

  • Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдсанаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог.
  • Зөрчлийн үед үүсдэг мэдрэмж хүнийг тавгүй байдалд оруулдаг. Үүнтэй холбоотой зарим хүмүүс зөрчилдөхөөс зайлсхийх улмаар аль болох зөрчилдөхгүйг хичээх хандлагатай болдог. Зөрчил гүнзгийрэх нь айдас түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, гомдол, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд хөтөлдөг. Гэхдээ хүн зөрчилтэй нөхцөлд тухайн үүссэн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү саруул ухаанаар хандаж бэрхшээл гэхээсээ түүнийг сорилт гэж ойлгон эерэг талаас харж сурах хэрэгтэй.
  • Зөрчилтэй тулгарах үед хүмүүсийн гаргадаг түгээмэл хандлага бол аль болох нөгөө талаа ялан дийлэхийг хичээх явдал байдаг. Ингэснээр нөгөө талын хүн ч гэсэн ялан дийлэхийг хичээсэн арга барилыг хэрэглэдэг.

Зөрчлийг шийдвэрлэхэд улам бэрх болгодог хүмүүс бидний үг яриа, хандлагын зарим жишээг зөрчлийн шат зургаас харна уу.

Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдлийг зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг энх тайвны арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал болж байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийнхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох арга замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.

Зөөлөн хариу үйлдэл

Аль болох зөрчилдөхгүйг хичээх

Зөрчлөөс зайлсхийх

Зөрчил байгааг үгүйсгэх

Зөрчилд бууж өгөх

Хатуу хариу үйлдэл

Хэл амаар доромжлох

Бие махбодын хүчирхийлэл (Түлхэх, нудрах, цохих)

Энх тайванч хариу үйлдэл

Тодруулах:

  • Анхааралтай сонсох
  • Ойлгох Хүндэтгэх
  • Өөр үзэл бодолтой байгааг нь хүлээн зөвшөөрөх

Шийдвэрлэх

  • Дундын шийдлийг олох

Бүтээх, санаачлах

  • Шинэ арга замыг хайж олох, нээх илрүүлэх Хүчирхийлэл үл хэрэглэн өөрийн байр сууриндаа бат зогсох

Хүснэгт 1. Зөрчилд хариу үйлдэл үзүүлэх арга замууд (эх сурвалж: Richard J.Bodine, Donna К.Crawford, Fred Schrumph, Creating the Peaceful school, Research Press, Illinois, 1994, p34)

Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг арга барил

Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд чухал нэг алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг дараах таван амьтнаар төлөөлүүлэн тайлбарласан байдаг. 

  1. Яст мэлхий: Зөрчлийн үед өөрийн байр суурийг илэрхийлж, бусдын байр суурийг сонсох замаар зөрчлийг шийдвэрлэх гэж хичээхээс илүү зөрчлийг үл хайхарч, зөрчилт байдалд орохоос зугатан зайлахыг эрмэлздэг. (Зайлсхийх арга барил)
  2. Баавгай: Зөрчлийн үед үүссэн асуудлыг шийдвэрлэхээс илүү харилцаагаа хадгалахыг эрмэлздэг. Зөрчилт нөхцөл байдлыг орхиж, аяндаа шийдэгдэхээр үлдээдэг. (Зохицох арга барил)
  3. Үнэг: Зөрчлийг аль болох зохицуулахыг эрмэлздэг. Зөрчил гэдэг нь харилцан хоёр тал байр сууриа өөрчлөх замаар буюу өгч, авах замаар шийдвэрлэх боломжтой зүйл гэж үздэг. (Зохицуулах арга барил)
  4. Шар шувуу: Дундын шийдлийг олохыг эрмэлздэг. Зөрчлийг шийдвэрлэхийн тулд цаг зав, хүчин чармайлт гаргадаг. Харилцаанд ач холбогдол өгөхийн хамт зөрчилтэй асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг. 
  5. Аварга загас/Арслан: Зөрчилтэй шууд нүүр тулдаг. Өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлж, өөрийнхөө зүтгэж дайрах замаар зөрчлийн үед ялахыг эрмэлздэг. (Өрсөлдөх арга барил)

Зөрчлийг шийдвэрлэх боломжит дөрвөн шийдэл байдаг. Зөрчилдөж буй хоёр талыг А ба Б тал гэж нэрлэвэл тэдний дунд үүссэн зөрчил нь дараах дөрвөн хувилбарын аль нэгээр шийдэгдэж болно.

  А Б
1 Хожил Хожигдол
2 Хожигдол Хожил
3 Хожигдол Хожигдол
4 Хожил Хожил

Дээрх хувилбараас харахад 1 ба 2 дугаар хувилбарт хоёр талын аль нэг нь нөгөөгөө ялан дийлж байгаа нь харагдаж байна. Харин 3 дугаар хувилбарт зөрчилдөж буй хоёр тал хоёулаа хожигдож байна. Хоёр хүүхэд хоорондоо хэрэлдэж муудснаас болж тэд багш, эцэг эх, асран хамгаалагчдаа зэмлүүлж байгаа тохиолдол нь гурав дахь хувилбар юм. Эдгээр шийдвэрээс 4 дэх хувилбар нь зөрчлийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй, оновчтой хувилбарт тооцогддог. Хоёр тал хоёулаа хожихийн тулд бие биенээ сонсож, өөр өөрсдийн хатуу байр сууринаас ухарч дундын шийдэлд хүрэх ёстой гэж үздэг.

Үр дүн Ойрын үр дагавар Урт хугацааны үр дагавар
Хожигдол - Хожигдол Асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ.
Бие биетэйгээ ярихаа болино.
Уур бухимдал хуримтлагдана.
Бие биенээ буруутгасаар байна.
Гомдол бухимдал хуримтлагдана.
Өөрийгөө өмөөрөх, хамгаалах байр сууринд шилжинэ.
Эсрэг тэсрэг байр суурьтай болно.
Уур бухимдлаа барьж дийлэхгүй тэсэрнэ.
Өшөө хорсол, өшөө авалт, хүчирхийлэл, тулаанд хүрнэ.
Хожил – хожигдол Хожсон тал хүч чадлаа мэдэрч, үеийнхэнтэйгээ баяр хөөрөө хуваалцана.
Хожигдсон тал суларч, доройтож, өөртөө итгэлгүй болж үеийнхэндээ гадуурхагдана.
Өрсөлдөөнт уур амьсгал бүрэлдэнэ.
Цаашид өөрийн хувийн сонирхлоо хангахад эрх мэдлийг ашигладаг болно.
Дарамт шахалт, шударга бус байдал улам нэмэгдэнэ.
Харилцан дайсагнал нь хүчирхийллийг өдөөж, үймээн самуун бий болно.
Хожил - хожил Аль аль талын үндсэн хэрэгцээ хангагдана.
Хоёр талын нөөц бололцоогоо хуваалцана.
Харилцан ойлголцол, хамтын ажиллагаа нэмэгдэнэ.
Бие биенээ хүндэтгэсэн уур амьсгал бүрэлдэн тогтоно.
Илүү сайн сайхан санаа, шийдэл гарна.
Шударга ёсыг эрхэмлэсэн, энх тайванч уур амьсгал бүрэлдэн тогтоно.

Зөрчлийг бүтээлчээр, үр дүнтэй шийдвэрлэхийн тулд дараах зүйлийг анхаарах нь чухал: 

  • Сөрөг сэтгэл хөдлөлөө хянах
  • Идэвхтэй сонсох
  • Тодорхой ярих
  • Бусдын хэрэгцээ, асуудал, бэрхшээл, хариу үйлдлийг ойлгохыг хичээх
  • Бэрхшээлтэй шууд тулах
  • Хувь хүн рүү дайрахгүй байх
  • Асуудал шийдвэрлэх арга барилаар ажиллах
  • Ойлгож байгаагаа илэрхийлэх
  • Бодит баримт нотолгоо, үндэслэлтэй үед байр сууриа өөрчлөхөд бэлэн байх
  • Та болон харилцаж буй нөгөө талд аль алинд нийцсэн өөр хувилбар гаргах
  • Тууштай байх
Нийтлэсэн: admin 2023-04-23 10:28:04