Түлхүүр үг, үндсэн ойлголтууд
- Энх тайван, хамрах хүрээ: Дайн мөргөлдөөнөөс гадна хүчирхийллийн бүхий л хэлбэр, аюул занал, нийгмийн доройтол, ялгаварлан гадуурхалт, дарлал мөлжлөг, ядуурал, шударга бус байдал зэргээс ангид байх нь энх тайван юм. Энх тайван нь хувь хүний дотоод амар амгалангаас гадна хүмүүс хоорондын, нийгэм, олон нийтийн, олон улсын, цаашлаад даян дэлхийн энх тайвныг хамрах өргөн хүрээний ойлголт юм.
- Сөрөг энх тайван: Хоорондоо сөргөлддөг хоёр тал хоорондоо шууд дайн, мөргөлдөөн байхгүй ч зөрчил тэмцэл нь далд байсаар байхыг сөрөг энх тайван гэнэ.[1] Дарамт хүчирхийлэлгүй л болохоос хүний сайхан амьдрах бусад нөхцөл боломж бүрдээгүй байвал сөрөг энх тайван юм.
- Эерэг энх тайван: Хүчирхийлэл, дарамтаас ангид байхаас гадна хүн аз жаргалтай, эрүүл аж төрөх, өөрийгөө илэрхийлэх, бүтээн туурвих эрх чөлөө, боломж хангагдсан нөхцөлд эерэг энх тайван цогцолно. Эерэг энх тайвны үед хүмүүсийн дундах буруу тогтсон хандлагыг өөрчилж, ялгавар гадуурхалт, хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол, шударга бус байдлыг арилгахын тулд хүмүүс идэвхтэй хүчин чармайлт гаргаж хамтран ажилладаг.
- Үл хүчирхийлэл: Хувь хүн ба бүлэг хүмүүс нийгэм дэх зөрчлийг шийдвэрлэх, шударга бус явдлын эсрэг тэмцэхдээ бусад хүмүүс, байгаль орчинд хор хөнөөл учруулахгүйгээр шийдвэрлэхийн тулд хүчирхийлэл хэрэглэхгүйгээр тууштай хүчин чармайлт гаргах үйл явц юм.
- Зөрчил бол хүний амьдралын салшгүй нэг хэсэг юм. Энэ утгаараа зөрчил хаа сайгүй байдаг. Зөрчил нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн хооронд үүссэн санал бодол, байр суурийн зөрүүтэй байдал юм (Росс Стингер,1967). Хүмүүс хоорондын зөрчилд тухайн нөхцөл байдал нөлөөлөхөөс гадна хүмүүсийн хандлага, зан үйл нөлөөлдөг.
- Зөрчлийн шалтгаан. Зөрчил нь юуны өмнө нөөц боломжийн хомсдлоос гадна, зөрчилдөж буй талуудын хэрэгцээ хангагдаагүй байх, эсвэл талуудын ялгаатай байдлаас үүсэн бий болдог гэж үздэг.
- Зөрчлийн гүнзгийрэл. Хүмүүс хооронд үүссэн аливаа зөрчлийг шийдвэрлэхгүй бол улам гүнзгийрдэг. Хүмүүст зөрчлийг эхэн үед нь шийдвэрлэх ур чадвар дутагдснаас зөрчил нь улам бүр гүнзгийрч хүндэрдэг. Харин зөрчлийг үр дүнтэй шийдвэрлэснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, харилцаа холбоо сайжирч, өсөлт хөгжил бий болдог. Зөрчлийн үед үүсдэг мэдрэмж хүнийг тавгүй байдалд оруулдаг. Үүнтэй холбоотой зарим хүмүүс зөрчилдөхөөс зайлсхийх улмаар аль болох зөрчилдөхгүйг хичээх хандлагатай болдог. Зөрчил гүнзгийрэх нь айдас түгшүүр, эргэлзээ тээнэгэлзэл, гомдол, үзэн ядалт зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд хөтөлдөг. Гэхдээ хүн зөрчилтэй нөхцөлд тухайн үүссэн асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахаас илүү оюун ухаанаар хандаж бэрхшээл гэхээсээ түүнийг сорилт гэж харан сөрөг биш эерэг талаас харж сурах хэрэгтэй. Зөрчилтэй тулгарах үед хүмүүсийн гаргадаг түгээмэл хандлага бол аль болох нөгөө талаа ялан дийлэхийг хичээх явдал байдаг. Ингэснээр нөгөө талын хүн ч гэсэн ялан дийлэхийг хичээсэн арга барилыг хэрэглэдэг.
- Зөрчлийн үед хүмүүсийн гаргадаг хариу үйлдлийг зөөлөн, хатуу, энх тайванч гэж ангилсан байдаг. Зөөлөн хариу үйлдэл нь аль болох зөрчилдөхгүйг хичээж, зөрчилдсөн үед бууж өгөх, эсвэл үл ойшоох маягаар хандахыг хэлнэ. Харин зөрчлийн үед эсрэг хариу үйлдэл үзүүлж, үг яриа, үйл хөдлөлөөр эсэргүүцэхийг хатуу хариу үйлдэл гэнэ. Зөрчлийн үеийн зөөлөн ба хатуу хариу үйлдэл нь зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү хурцатгах, эсвэл гүнзгийрүүлэх зэргээр сөрөг үр дагавар ихтэй байдаг. Үүнтэ холбоотойгоор зөрчлийг энх тайвны арга замаар шийдвэрлэх хариу үйлдэл чухал бож байна. Энэ нь сөргөлдөгч талууд бие биенийнхээ байр суурийг анхааралтай сонсох, ойлгох замаар тодруулах, хүндэтгэх, өөрсдийн байр сууриа илэрхийлэх, дундын шийдэл дээр хэлэлцэх, харилцан тохиролцох арга замаар зөрчлийг шийдвэрлэхийг хэлнэ.
- Зөрчлийн үеийн арга барил: Хүмүүс зөрчлийн үед тодорхой арга барилыг хэрэглэж хэвшсэн байдаг. Нэгэнт хэвшин тогтсон учир өөрсдийгөө тухайн арга барилыг хэрэглэдэг гэдгээ тэр бүр мэддэггүйгээс болж өөрийгөө зөвтгөх, бусдыг буруутгах хандлагатай байдаг байна. Иймд зөрчлийг шийдвэрлэхэд чухал нэг алхам нь хүмүүс өөрсдийн байнга хэрэглэдэг арга барилаа танин мэдэж, зөрчлийн үед тухайн арга барилыг хэрэглэх нь зөв зүйтэй эсэх талаар тунгаан бодох явдал юм. Зөрчлийн үед хүмүүсийн хэрэглэдэг түгээмэл арга барилуудыг өрсөлдөх, зайлсхийх, зохицох, зөвшилцөх, хамтрах гэсэн ангилалд хувааж тодорхой таван амьтнаар төлөөлүүлэн
[1] Жон Галтунг
Нийтлэсэн: admin 2023-04-19 11:55:58