ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ШАЛТГААН БА ХҮЛЭМЖИЙН ХИЙН ТӨРӨЛ, ЭХ ҮҮСВЭРИЙГ МЭДЭХ
Багшийн зүгээс хүүхдүүдэд дараах кэйсийг тарааж өгч уншиж танилцах хугацаа өгнө.
Хүлэмжийн хий нь нарнаас ирж буй цацраг туяаг өөртөө шингээж аван цацруулдаг нэгэн төрлийн агаарын давхарга юм. Энэ үйл явц нь хүлэмжийн нөлөөний гол учир шалтгаан юм. Озон буюу O3, усны уур, метан, нитро буюу N2O, CO2 гэсэн хийнүүд нь дэлхийн агаар мандалд зонхилох хүлэмжийн хийнүүд юм. Нарны аймгийн Сугар, Ангараг гаригууд болон Санчир гаригийн дагуул Титаны агаар мандал нь хүлэмжийн нөлөө явагдаж болох хийг агуулсан байдаг. Хүлэмжийн хий нь дэлхийн температурт ихээр нөлөөлдөг, хүлэмжийн хийгүй байсан бол дэлхийн гадаргын дундаж температур -18°C байх байсан бөгөөд одоо байгаагаас дунджаар 33°C бага дулаантай байх байжээ. Хий бүр өөр өөрсдийн онцгой шинж чанар, хэмжээ, тархалтаараа хүлэмжийн үзэгдэлд нөлөөлдөг. Бас шууд бус хүчин зүйлүүд ч нөлөөлнө. Жишээлбэл молекул суурьтай шууд цацраг ялгаруулах метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс даруй 72 дахин хүчирхгээр хүлэмжийн нөлөөг явагдуулдаг. Нөгөө талаас шууд туяа цацруулах метаны нөлөөлөл нь озоныг бүрэлдэхэд дэмжлэг болдог байна. Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь малтмал түлшний олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, шаталт, аж үйлдвэрлэлийн салбар (цемент, шохой, ган төмөрлөг, химийн бодис, электроникийн үйлдвэрлэл, г.м.), ой модыг огтлох, ойн болон хээрийн түймэр, мал аж ахуй, газар тариалан, газар ашиглалт, хог хаягдлыг ил задгай шатаах, дарж булах зэрэг юм. |
Дээрх эхтэй уншиж танилцсаны дараа хэлэлцүүлэг хэрхэн өрнүүлэх тухай хэлж өгнө. Хүлэмжид ногоо тарих, гадаа орчинд ногоо тарих 2 ямар ялгаатай болохыг сурагчдаар нэрлүүлнэ. Нарнаас ирэх богино долгионт цацраг хүлэмжийн шилэн ханыг нэвтлэн орж, ургамал болон гадаргад шингэдэг. Халсан гадаргаас ялгарах урт долгионт цацраг шилэн ханыг нэвтэлж гарч чадалгүй тэнд үлддэг учир дулаан байдаг гэдгийг тайлбарлуулна.
БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ
Хэлэлцүүлгийн асуултууд:
- Хүний үйл ажиллагаагаар бий болсон нүүрсхүчлийн хий, метан буюу намгийн хий, азотын исэл, усны уур, гадарга орчмын озон зэргийг хүлэмжийн хий гэж нэрлэдгийн учир юу вэ?
- Хүлэмжийн хийн эх үүсвэр болон хэмжээг бид хэрхэн шийдвэрлэж чадах вэ?
Хүлэмжийн үзэгдлийн ачаар өвөл, зунгүй ургац авах ба халуун орны ургамал ч дүн өвлийн хүйтэнд хүлэмжид ургадаг юм. Зун нартайд зогсоол дээр тавьсан машинд ороход гаднахаас илүү халуун байдаг. Машины дотор талыг нарнаас ирэх цацраг халаана. Халсан дулаан эргээд гарч чадалгүй машины шилэнд хаагддаг учир халуун байдаг зэргийг багш чиглүүлэн сурагчид гаргана.
Үүний дараа дараах асуултыг асуух замаар хичээлийн хүрээнд үзсэн ойлголтыг нэгтгэн дүгнэнэ.
Багш хичээлийг нэгтгэн дүгнэх үүднээс нөөц хэрэглэгдэхүүн 2.2-д өгөгдсөн графикийг хүүхэд бүрд тараан өгч хүлэмжийн хийн төрлүүдийг харуулсан хүснэгтэд эх үүсвэрийг нэрлэж бичих даалгавар өгөнн бөглүүлнэ. Хүлэмжийн хийн эх үүсвэрийг зөв бөглөсөн эсэхээ хамтдаа шалгана. Үүний дараа химийн нэр томъёо, ойлголтуудын талаар товч хэлэлцүүлэг өрнүүлэх замаар хүүхдийн ойлголтыг бататгаж, нэгтгэн дүгнэнэ.
Нөөц хэрэглэгдэхүүн 2.2 Метан болон нүүрсхүчлийн хийн ялгаралтын эх үүсвэр
Зураг 7. Метан болон нүүрсхүчлийн хийн ялгаралтын эх үүсвэр, Эх сурвалж: Уур амьсгалын өөрчлөлтийн алба, Цэвэр хөгжлийн механизмийн үндэсний товчоо
Нүүрсхүчлийн хий | Эх үүсвэр |
---|---|
Усны уур | |
Нүүрстөрөгчийн давхар исэл | |
Метан | |
Азотын давхар исэл | |
Озон |