ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ? ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙХ
БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ
Нэгэнт бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг шууд зогсоох боломжтой юу? гэсэн асуулт тавина. Манай орны хувьд энэ нь ямар байдлаар илэрч байна вэ? Эрт сэрэмжлүүлэг гэж юуг хэлдэг, бид юу хийх боломжтой вэ? гэдэг талаар багш чиглүүлж сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах замаар үйл ажиллагааг хөтлөнө.
Ууршилт нэмэгдэх, хуурайших, мөнх цас, мөсөн гол, цэвдгийн эзлэх талбай буурах, нуур цөөрөм, булаг шанд ширгэх зэргээр тоочин бичнэ. Уур амьсгалын өөрчлөлтийг шууд зогсоох боломжтой, боломжгүй зэргээр өөр өөрийн саналыг гаргаж яагаад гэдэг дээр дүгнэлт гаргаж болно.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж бууруулах хэрэгцээ шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа бөгөөд энэхүү арга зам нь хоёр талтай. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг сайжруулах арга зам байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга зам гэж нэрлэнэ. Хоёр дахь арга зам нь уур амьсгалын өөрчлөлтийг хохирол багатай даван туулах, хохирлыг бууруулах, аятай таатай нөхцлийг ашиглах явдал юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам юм (Зураг 9) гэдгийг хэлж өгнө.
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд:
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малтмал түлш (нүүрс г.м) шатааж эрчим хүч үйлдвэрлэхийг бууруулах, эрчим хүч хэмнэх, ой мод, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх (мод тарих, ойг хамгаалах, газар ашиглалтыг сайжруулах г.м.), нүүрстөрөгчийн ялгаралт багатай, огт ялгаралгүй тээврийн хэрэгсэлд шилжих замаар тээврийн хувьсгал хийх гэх мэтээр нэрлэж бичнэ.
Нөөц хэрэглэгдэхүүн: Экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээ
Зураг 9. Экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээ.
Эх сурвалж: Micheal, D et.al (2019) Measuring the success of climate change adaptation and mitigation in terrestrial ecosystems