ЦАГ АГААР


Яагаад цаг агаарын тухай мэдэх хэрэгтэй вэ? Бидний аж амьдралд цаг агаарын байдал маш их нөлөөлнө. Өмсөх хувцсаа тохируулахаас эхлээд мал сүргээ хааш нь бэлчээх, тарьсан ногоогоо услах, аялал зугаалга хийх ажлыг зохицуулах, цаг уурын аюултай үзэгдлээс хамгаалах зэргээр цаг агаарын мэдээг хүмүүс өдөр тутмын амьдралдаа ашигладаг. Үүнээс гадна цаг агаарын мэдээллийг эрчим хүч, барилга, нисэх тээвэр, усан тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйд ашиглахгүй бол ихээхэн алдагдалд хүргэж болзошгүй юм.
Цаг агаар яагаад үргэлж өөрчлөгдөж байдаг вэ? Цаг агаар өөрчлөгдөхөд 1) агаарын масс 2) агаарын фронт 3) агаарын даралтын өөрчлөлт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Температур чийг, тунгалагжилт зэрэг физик шинжээрээ харьцангуй нэгэн төрлийн их хэмжээний орон зайг эзэлсэн агаарыг агаарын масс гэнэ. Агаарын масс нь оршин буй нутаг дэвсгэрийнхээ цаг агаарын шинжийг тодорхойлно. Температураас нь хамаарч дулаан ба хүйтэн гэж ялгана. Дэлхий дээр дөрвөн төрлийн агаарын масс оршино (Хүснэгт 1.1). 

Хүснэгт 1. 2 Агаарын массын шинж

Агаарын масс Ялгаа Шинж төлөв
Экваторын Жилийн турш халуун, чийглэг
Дулаан орны Далайн Харьцангуй чийглэг, дулаан
Эх газрын Халуун, хуурай, тоосорхог
Сэрүүн орны Далайн Өвөл харьцангуй дулаан, чийглэг, зун нь харьцангуй сэрүүн чийглэг
Эх газрын Өвөл нь хүйтэн хуурай, зундаа халуун, хуурай, тоосоорхог
Туйлын (арктикийн) Жилийн турш хүйтэн, хуурай, тунгалаг

 

Температур, чийг, даралт зэргээрээ хоёр өөр агаарын масс “уулзах” юм уу нэг нь нөгөөгөө “хөөх” үед цаг агаар өөрчлөгдөнө. Жишээ нь: Сэрүүн оронд туйлын агаарын масс шилжин ирэхэд тэнгэр цэлмэг болж цаг агаар хүйтэрнэ. Харин зун эх газрын дулаан агаарын масс шилжиж ирэхэд цаг агаар хуурай халуун болно гэх мэт. Манай оронд өвөл туйлын агаарын масс шилжин ирэхэд хүйтэрнэ (Зураг 1.1).

Зураг 1.1. Агаарын масс

Хоёр өөр агаарын массыг зааглаж буй хил зааг уулзварыг агаарын фронт гэнэ. Агаарын фронтыг хүйтэн ба дулаан гэж ялгана (Зураг 1.2). Хүйтэн агаарын зүг дулаан агаар шилжин ирэх үед дулаан фронт үүснэ. Дулаан фронт үүсэхэд хур тунадас орж, цаг агаар дулаарна. Харин дулаан агаарын зүг хүйтэн агаар шилжин ирэхэд хүйтэн фронт үүснэ. Энэ үед аадрын үүл үүсэж тунадас орно. Цаг агаар хүйтэрнэ. Манай оронд хавар дулаан, намар хүйтэн фронт үүснэ.

 

Зураг 1. 2 А. Дулаан фронт Б. Хүйтэн фронт

Цаг агаар өөрчлөгдөхөд агаарын даралт бас нөлөөлнө. Агаарын даралт бага үед агаар газрын гадаргаас дээш хөөрч хөрөн, үүл үүсэж тунадас орох нөхцөл бүрдэнэ. Харин агаарын даралт их үед агаар ямагт уруудах хөдөлгөөнд орж температур нэмэгдэх тул үүл арилан тэнгэр цэлмэг болно.

Нийтлэсэн: user 2023-04-25 04:09:49