ЦАГ АГААР БА УУР АМЬСГАЛЫН ЯЛГАА


Өмнөх сэдвээр “цаг агаар”-ын талаар үзсэнээ санаарай. “Маргааш бороо орох нь, өчигдөр шороон шуурга болсон, өнгөрсөн жилийн 7 дугаар сард сард их халуун байсан” гэдэг нь бүгд л цаг агаарын тухай ярьж байгаа хэрэг. Харин уур амьсгал нь цаг агаараас өргөн хүрээтэй ойлголт юм. Уур амьсгал гэж юу вэ? Цаг агаараас ямар ялгаатай вэ?
Манай орон жилийн дөрвөн улиралтай, сэрүүн уур амьсгалтай. Энэ төлөв байдал хэдэн өдрийн эсвэл сарын дараа өөрчлөгдөх үү? Эндээс харвал цаг агаар богино хугацаанд хувирч өөрчлөгддөг бол уур амьсгал нь урт удаан хугацаанд тогтвортой байна.
Цаг агаар болон уур амьсгалыг тодорхойлоход температур, агаарын даралт, салхи, хур тунадас, чийгшил зэрэг элементүүдийг хэмжих ба богино хугацааны хэмжилт нь цаг агаарыг, урт хугацааны хэмжилт нь уур амьсгалыг тодорхойлно. Цаг агаарын олон жилийн төлөв байдлыг уур амьсгал гэнэ. Уур амьсгал наад зах нь 35-50 жилийн цаг агаарын төлөв байдлыг авч үздэг.
Зарим газар халуун дулаан, зарим нь сэрүүн, өөр нэг газар хүйтэн гэх зэргээр уур амьсгал ялгаатай байдаг. Үүнд юу нөлөөлөх вэ? Тухайн газар орны уур амьсгал бүрэлдэн тогтоход тодорхой хүчин зүйл нөлөөлдөг. Манай орон х.ө. 41⁰ 35'-аас х.ө. 52⁰ 09' –ын хооронд оршдог учир сэрүүн уур амьсгалтай. Хэрэв манай орон экватор орчим байсан бол халуун уур амьсгалтай байх байв. Тухайн газар орны газарзүйн байрлал, өргөрөг, нарны тусгалын өнцөг, газрын гадарга, ус ба хуурай газрын хуваарилалт, далай тэнгис, агаарын орчил урсгал зэрэг хүчин зүйл уур амьсгал бүрэлдэн тогтоход нөлөөлнө (Зураг 2.1).

Зураг 2.1. Уур амьсгалыг бүрдүүлэгч хүчин зүйл

Нийтлэсэн: user 2023-04-25 04:13:02