ДЭЛХИЙН УУР АМЬСГАЛЫН ЯЛГАА


Нарны тусгалын ялгаанаас болоод дэлхийн гадарга дээрх дулааны хэмжээ нь экватораас туйл руу болох тутам багасдаг болохыг та нар мэдэх билээ. Дулааны энэ ялгаанаас дэлхийн уур амьсгалын бүс үүсдэг. Үүнд экваторын, халуун (2), сэрүүн (2), туйлын (2) гэсэн уур амьсгалын үндсэн 7 бүс, эдгээрийн хооронд 6 шилжилтийн бүсийг ялгадаг. Экватор орчмын(2), дулаан (2), туйл орчмын (2) гэсэн завсрын бүсүүд байна (Зураг 1.7). Энэ ангиллыг Оросын цаг уур судлаач Б.П. Алисов агаарын массын үндсэн хэв шинжийн улирлын хуваарилалтад үндэслэн гаргажээ (Батчулуун, 2018).

 Зураг 3.1. Дэлхийн уур амьсгалын бүс Эх сурвалж: (Бердин и др., 2018)

Экваторын уур амьсгалын бүс. Улирлын ялгаагүй, жилийн турш халуун чийглэг байна. Энд экваторын агаарын масс зонхилдог. Агаарын температур 26°C-28°C, жилийн турш хур тунадас ихтэй (1500 -3000 мм). Конго мөрний сав, Гвинейн булан, Өмнөд Америкийн хойд хэсэг Амазоны нам дор газар, Зондын арлууд энэ бүсэд багтана (экватораас х.ө. 5°-8°, ө.ө. 4°-11°хооронд).
Экватор орчмын уур амьсгалын бүс. Экваторын уур амьсгалын бүсийн хоёр талд х.ө.15⁰, ө.ө. 20⁰ хүртэлх өргөн зурвас нутагт оршдог. Агаарын масс улирлаар солигдоно. Өвөл, зун гэсэн хоёр улиралтай. Зун чийглэг халуун, өвөл хуурай дулаан. Дундаж температур нь 15⁰С-аас 32⁰С. Зундаа 1000-2000 мм тунадас унана. Азийн өмнөд болон зүүн өмнөд, Хойд Америкийн өмнөд хэсэг, Карибын тэнгисийн арлууд, Өмнөд Америкийн хойд хэсэг, Бразилийн тэгш өндөрлөг, Австралийн хойд, Африкийн төв хэсэг, Номхон далайн арлууд энд орно.

Халуун уур амьсгалын бүс. Экватор орчмын бүсийн хоёр талд х.ө. 33⁰ ө.ө. 30⁰-ын хооронд оршино. Зун агаарын температур 30⁰С. Сахарын цөлд 45⁰С-50⁰С хүртэл халдаг. Өвлийн дундаж температур 10⁰С. Эх газрын төв хэсгээр өдөр шөнийн температурын зөрөө их. Сахарт өдөр нь 40⁰С байхад шөнө 18⁰С хүрэх жишээтэй. Агаарын их даралтын бүсэд орших учир хур тунадас бага.

https://kids.nationalgeographic.com/nature/habitats/article/desert

Далайн эрэг орчмын нутгууд өвөл нь хуурай халуун, зун нь чийглэг халуун байдаг. Энэ нь далай ба эх газрын хооронд улирлаар чиглэлээ сольдог муссон салхитай холбоотой. Муссон нь өвөл эх газраас далай руу, зун нь далайгаас эх газар руу салхилдаг учир зун хур тунадас орно. Жишээ нь Энэтхэгт 1 ба 2 дугаар сард үүлгүй, хур бороогүй хуурай цаг агаар зонхилно. 5 дугаар сарын дунд үеэр өдрийн дундаж температур нь 33⁰С байх ба үдээс хойш 43⁰С –аас 48⁰С хүртэл халдаг байна. 6 дугаар сарын эхний хагаст маш хуурай халуун байснаа цаг агаар гэнэт өөрчлөгдөнө. Энэтхэгийн далайгаас чийглэг, хүйтэн агаар түрэн орж ирж, бороо асгарч эхэлнэ. Энэ нь зуны муссон эхэлж байгаагийн шинж. Энэхүү тааламжтай үеийг тэсэн ядан хүлээж байсан хүмүүс муссон эхэлсний баяр наадам хийдэг уламжлал Энэтхэгт бий. Зуны муссон эхэлснээс хойш гурван сарын турш бараг өдөр болгон бороо ордог.

https://stormwater.wef.org/2021/07/climate-change-delays-monsoon-season-threatens-tropical-water-supplies/

Дулаан бүс. Энэ бүс нь х.ө. ба ө.ө. 30 ° -аас 45 ° хооронд өөрөөр хэлбэл халуун ба сэрүүн бүсийн хооронд байрлана. Ихэвчлэн халуун зун, нэлээд сэрүүн өвөлтэй. Дулаан уур амьсгал нь дотроо бас ялгаатай. Агаарын температур зун 22 °С, өвлийн улиралд -3 °C-аас дээш байна. Заримдаа -15 ° C хүрдэг. Эх газрын төв хэсгээр өвөл агаарын температур -5⁰С-10°C, зун +27 ° С байх ба хур тунадас багатай. Эх газрын эргээр зүүн далайн дулаан уур амьсгалтай. Газар дундын тэнгис орчмын нутаг (Пиреней, Балкан, Апеннины хойг) Өмнөд Африк, Австралийн баруун өмнөд, Калифорнийн өмнөд хэсэгт өвөл нь зөөлөн (0°С-ээс дээш) чийглэг, зун нь хуурай халуун байдаг. Үүнийг “Газар дундын тэнгисийн уур амьсгал” гэж нэрлэдэг. Энэ нь халуун орны ба сэрүүн орны агаарын массын шилжилтийн үр дүнд бүрэлдэн тогтжээ.

Сэрүүн уур амьсгалын бүс. Дулаан бүсээс хойш урагш, хоёр тийш дэлхийн гадаргад ирэх дулааны хэмжээ багасаж сэрүүн бүс эхэлнэ (х.ө. ба ө.ө 40⁰-45 ° -аас хойд, өмнөд туйлын цагираг хүртэл үргэлжилнэ). Хамгийн дулаан сарын температур нь +100С-аас дээш байх газрууд энэ бүсэд багтана. Ийм сар нь дэлхийн хойд хагасад 7 дугаар сар, харин өмнөд хагасад 1 дүгээр сар байдаг. Ингэхлээр сэрүүн бүс дэлхийн хойд ба өмнөд хагаст тус бүр үүснэ. Сэрүүн бүсийн хамрах нутгийг авч үзвэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст талаас илүү хувийг хуурай газар, өмнөд хагаст 98 хувийг далай эзэлдэг. Энэ бүсэд жилийн дөрвөн улирал ээлжилнэ. Баруун зүгийн салхи зонхилох ба эх газрын төв хэсгээр хур тунадас багавтар бөгөөд далайн дулаан урсгалын нөлөөгөөр эргийн нутгаар тунадас ихэснэ.
Туйл орчмын уур амьсгалын бүс. Энэ бүс нь дэлхийн хойд ба өмнөд хагасад арктик ба сэрүүн уур амьсгалын бүсүүдийн хооронд байрладаг. Зуны улиралд сэрүүн агаарын масс, өвөл арктикийн агаарын масс зонхилно. Зун богинохон ба хүйтэн 7 дугаар сард, өдрийн цагаар агаарын температур 15⁰С-аас дээш гарах нь ховор, шөнө 0⁰С-3°С хүрнэ. Зуны туршид Өвөл агаарын температур өдөр, шөнөдөө -35-45 хэм байна. Тундрын болон ойт тундар эзэлдэг, хөрс нь мөнх цэвдэг, ургамал ба амьтан ховор. Орос, Канадын хойд хэсэгт, Аляска (АНУ), Өмнөд Гренланд, Европын туйлын хойд хэсэг багтана.
Туйлын уур амьсгалын бүс. Х.ө. 70°, ө.ө. 65°-аас хойд ба өмнөд туйл хүртэлх нутгийг хамарна. Арктикийн агаарын масс зонхилно. Жилийн турш хүйтэн тул цас мөс хайлахгүй. Жилийн турш агаарын дарадт их тул тэнгэр цэлмэг, хур тунадас багатай. Зуны температур 0⁰С-аас хэтрэхгүй, өвөл -20⁰С-аас -40⁰С байна. Өмнөд туйлд хатуу ширүүн хүйтэн уур амьсгалтай. Өвөл агаарын температур -60⁰С-аас -70⁰С, зун -30⁰С-аас -50⁰С байна.
Хэдийгээр уур амьсгалын дээрх бүсүүдийг ялган үзэх боловч нэг бүс дотор багтах газрууд ч уур амьсгалын нөхцөл өөр өөр. Тухайлбал, зарим газар чийглэг халуун байхад нөгөө нь хуурай халуун, нэг хэсэг нь чийглэг хүйтэн байхад зарим нь хуурай хүйтэн байх жишээтэй. Жишээ нь: халуун бүсэд орших боловч Сахарын цөл халуун хуурай уур амьсгалтай байхад Амазонкийн нам газар чийглэг дулаан байдаг. Мөн аль бүсэд оршихоос үл шалтгаалан өндөр ууланд өвөрмөц уур амьсгалын нөхцөл бүрддэг.

Нийтлэсэн: user 2023-04-25 04:14:17