БИД ЮУ ХИЙХ ВЭ?
Эрт сэрэмжүүлэг. Нэгэнт бий болсон уур амьсгалын өөрчлөлтийг шууд зогсоох боломжгүй. Цаашид юу болохыг өөрийн орны жишээн дээр авч үзье. Манай орны хувьд ч цаашид уур амьсгалын нөлөөгөөр өвлийн хүйтэн зөөлөрч цас ахиу орох, зуны халуун эрчимжих, хур тунадас бага хэмжээгээр нэмэгдэх хэдий ч ууршилт нэмэгдэж хуурайших дүр зураг харагдаж байна (Нацагдорж, 2012). Мөнх цас, мөсөн гол, цэвдгийн эзлэх талбай буурна. Үүнээс болж цэвдэгтэй газар барьсан барилга байгууламж гажих, зам тавих, барилга барихад хүндрэл учруулна. Өндөр уулын мөнх цас мөс, цэвдгийнн хайлалтаас гол мөрний урсац эхэн үедээ багасахгүй байх магадлалтай ч ууршилт ихсэхийн нөлөөгөөр гадаргын усны ууршилт нэмэгдэж нуур цөөрөм, булаг шанд ширгэх болно. Баруун бүс нутагт хур тунадасны бууралт болох магадлалтай. Дулааралт болж халуун өдрийн тоо цаашид нэмэгдсээр зун-намрын улиралд мал хэвийн бэлчээрлэх хугацаа богиносох, бэлчээр доройтох, малын жин буурах үйл явц ойт хээр, хээрийн бүсэд улам идэвхжинэ. Хуурайшилтын улмаас ургац буурна. Дулааны нөөц нэмэгдсэнээс хортон шавьжийн тархалтын бүс тэлж, үе үе дэгдэлт ихэснэ. Урьд өмнө ажиглагдаж байгаагүй ургамал, амьтны шинэ өвчин, дулаан орны өвчин дамжуулагчид түрж ирэх магадлалтай. Цаашид ер нь л хэцүү болох нь ээ. Ирээдүйн юу болохыг хүлээгээд суух биш түүнээс сэрэмжлэх шаардлагатай. Тэгвэл бид юу хийх вэ?
Цаашдаа яах вэ?
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж өөрчөлтийг бууруулах хэрэгцээ шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарч байна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга зам нь хоёр талтай. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг сайжруулах арга зам байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах арга зам гэж нэрлэнэ. Нүүрсхүчлийн шингээлтийг сайжруулахын тулд ногоон ургамал мод тарих, ойг хамгаалах, газар ашиглалтыг зохистой болгох, газраа сүйтгэхгүй байх хэрэгтэй. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахын тулд түүнийг бууруулахад чиглэсэн технологи бий болгох явдал юм. “Ногоон хөгжил”, “Ногоон эдийн засаг” хүний байгаль орчиндоо үзүүлж байгаа дарамтыг багасгах, нүүрхүчлийн хийн ялгаруулалтыг багасгасан хөгжил юм. Хоёр дахь арга зам нь уур амьсгалын өөрчлөлтийг хохирол багатай даван туулах, хохирлыг бууруулах, аятай таатай нөхцлийг ашиглах явдал юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга зам юм. Ийм хоёр арга замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцсэнээр өөрчлөлтийг бууруулах, тогтоон барих боломжтой гэж эрдэмтэд үзэж байгаа юм.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг яг өнөөдөр хийхэд дотоодын нийт бүтээгдэхүүний өртгийн 1 хувьтай тэнцэх хэмжээний зардал гарахаар байгаа бөгөөд юу ч хийхгүй 10 ба түүнээс дээш жил хүлээвэл гарах зардал нь 20 дахин өснө гэсэн тооцоог Английн эдийн засагч Николс Стерн хийжээ.
Хар салхи, хүчтэй шуурганы үед аюулгүй ажиллах дүрэм
Шуурганы сэрэмжлүүлэг хүлээн аваад дараах зүйлийг хийх хэрэгтэй.
- Хаалга, цонх, дээврийн хонгил, агааржуулалтын нүхийг хаах;
- Цонхны тавцан, тагтнаас унах зүйлийг зайлуулах;
- Хий, ус, цахилгааныг унтрааж, зуух, задгай зуухны галыг унтраах;
- Хүнс, ундны усны нөөцийг бэлтгэх;
- Шаардлагатай зүйл, бичиг баримтыг авах;
- Подвалд эсвэл хамгаалалтын байгууламжид нуугдах.
Хар салхи, шуурга гэнэт тохиолдсон нөхцөлд дараах зүйлийг хийх шаардлагатай.
a) хэрэв та байшинд байгаа бол:
- цонхноос холдох;
- байшинд үлдэж, аюулгүй газар нуугдах (хамгийн найдвартай хамгаалах байр нь подвал эсвэл барилгын нэгдүгээр давхарт байх болно);
б) хэрэв та гадаа байгаа бол:
- газар доорхи гарц, дэлгүүр, байшингийн үүдэнд нуугдах;
- байгалийн нөмөр нөөлөг (жалга, нүх, шуудуу, суваг) олох, ёроолд нь газар наалдаж хэвтэх;
- сурталчилгааны самбар, мод, гүүрний тулгуур, цахилгаан шугам, автобусны буудлаас хол байх;
- Эвдэрсэн цахилгааны утсанд хэзээ ч бүү хүр. Хүчтэй салхи гэнэт давтагдах магадлалтай тул элементүүд намжмагц хоргодох байрнаас гарах гэж яарах хэрэггүй.
Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
АНУ-д гэхэд жилд дунджаар 330 хүн аянга цохиулдаг бөгөөд үүнээс 51 хүн нас барсан гэсэн судалгаа байдаг байна. Иймээс дуу цахилгаантай бороотой үед хүмүүсийн зайлшгүй анхаарах ёстой зүйлсийн нэг бол цахилгаанаас өөрсдийгөө хамгаалах яах аргагүй мөн юм.
Хэрэв та бороо шуургатай үед гадаа явж таарвал хамгийн эхэнд нөмөр газар олох нь хамгийн чухал. Хамгийн тохиромжтой нуугдах газар бол мэдээж барилга болон таны машин. Ямар ч нөхцөлд модны доор орж нуугдахаас зайлсхийгээрэй. Учир нь мод өөртөө цахилгаан татдаг. Аянга цахилгаантай үед хөлөө хооронд нь аль болох ойр байрлуулж газарт бие хүргэлгүйгээр толгойгоо аль болох доош тонгойх хэрэгтэй. Ийм үед хэзээ ч газар хэвтэж болохгүй бөгөөд цахилгаан газарт буусны дараагаар эргэн тойронд нь цахилгаан гүйдэл тардаг байна. Хэрэв таны ойр орчимд аянга цахилгаан буувал таны биеэр цахилгаан гүйх аюултай юм. Цахилгаан хүний биеэр шууд дамжин өнгөрдөггүй ба хүний зүрх дотоод эрхтнүүдийг гэмтээх аюултай байдаг. Иймд биеэрээ газарт бага хэсгээр хүрэлцэж, аль болох доош тонгойсноор цахилгаанд цохиулах эрсдэлээс сэргийлээрэй.
Хэрэв ямар нэгэн зүйлийн дотор нуугдаж байгаа бол аль болох металл эд зүйлсэд хүрэхгүй байх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн рүү ярих шаардлага гарвал утасгүй утас эсвэл гар утсаа ашиглаарай. Шугамын утас цахилгаан дамжуулах эрсдэлтэй байдаг.
Хэрэв та автомашинаар явж байх үед дуу цахилгаантай бороо орсон тохиолдолд автомашинаа замаас гарган зогсоон, хөдөлгүүрийг унтрааж, ямар нэг металл эд ангид хүрэхгүй шуурга намжтал хүлээхийг зөвлөжээ. Ихэнх хүмүүс машины дугуй автомашиныг аянгад ниргүүлэхээс хамгаалдаг гэж боддог. Гэтэл яг үнэндээ битүү дээвэртэй автомашины хувьд автомашины кузов нь цахилгаанаас зорчигчдыг хамгаалдаг юм.