ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. СЭДЭЛЖҮҮЛЭХ ТОГЛООМ ТОГЛОХ
Багш тоглоом тоглох дүрмийг танилцуулна. Тоглоомын дүрэм:
- Багш төрөл бүрийн ургамал, амьтны нэр, зураг бүхий 20-30 карт бэлтгэнэ.
- Махчин амьтан-5
- Ургамал идэштэн-5
- Нисдэг амьтан-5
- Ургамал-5 тус тус ашиглах нь зохистой.
- Оролцогчдыг тойрог болон зогсохыг хүснэ.
- Хамтдаа “Амьдралын тор” үүсгэх тоглоом тоглохыг оролцогчдод хэлнэ.
- Бэлтгэсэн картыг оролцогчдод нэг нэгээр тарааж өгнө.
- Бүх картыг тарааж дууссаны дараа, нэг оролцогчид олсны үзүүрийг бариулна.
- Багш нэг оролцогчоос ямар ургамал, амьтны нэр, зурагтай карт авсныг асууж, энэ ургамал, амьтан өөр ямар амьд биетэй хэрхэн холбогддог болохыг асууна. Тухайлбал, оролцогчдод дараах байдлаар асуулт тавьж болно:
- “Энэ амьтан юу иддэг вэ?”
- “Үүнийг ямар амьтан иддэг вэ?”
- “Энэ ургамал хаана ургадаг, эсвэл энэ амьтан хаана амьдардаг вэ?” гэх мэт
- Эхний ургамал, амьтантай холбоотой дараагийн амьд биеийг олж тодорхойлсон тохиолдолд тэр сурагч утсыг шидэж хоорондоо холбогдоно.
- Ийм байдлаар аалзны тор үүсэх нь тодорхой болно.
- Бүх оролцогчид гартаа олс барьтал тоглоомыг үргэлжлүүлнэ.
- Ингээд тоглоомын төгсгөлд бүгд олсоо дээш өргөх эсвэл газарт байрлуулснаар амьдралын торыг олж харах болно.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт, тайлбар
- Сургалтад ашиглах картыг бэлтгэхдээ биологийн төрөл зүйлийн харилцаа хамаарлыг сайн бодож ургамал, амьтдын сонголтыг хийх хэрэгтэй. Энергийн хэлхээ, идэш тэжээлийн гинжин хэлхээ, ургамал, амьтан харилцаа холбоог маш сайн төлөвлөж бэлтгэнэ гэсэн үг.
- Дараах асуултуудыг оролцогчдоос асууж тоглоомын дүгнэлтийг хийнэ.
- Тоглоомын явцад юу олж ажиглав?
- Дасгал хэр хялбар, эсвэл хүнд байв?
- Ямар дүгнэлтэд хүрэв? гэх мэт
- Энэхүү оролцоонд суурилсан тоглоомын арга нь байгаль дээрх амьд биесийн харилцан хамаарлын талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ.
Нөөц хэрэглэгдэхүүн 1.1. Амьд биеийн харилцан хамаарлыг харуулсан зураг
Нийтлэсэн: user 2023-04-25 05:03:29