Бие даан ажиллах дасгал даалгавар
Багшийн зүгээс хүүхдүүдэд хандан нэгэн охины түүхийг өгүүлэх талаар хэлнэ. Нөөц хэрэглэгдэхүүн 1.4-д өгөгдсөн охины түүхийг чангаар уншиж өгнө. Эсвэл ангийн ямар нэг хүүхдээр уншуулж болно. Түүхийг уншиж өгсний дараа хүүхдүүдийн дунд дараах асуултыг асуух замаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хэлэлцүүлгийн асуултууд |
---|
|
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Хэлэлцүүлгийн явцад багш дараах мэдээллийг нэмж тайлбарлана.
- Энэ түүх маш гунигтай ч гэсэн дэлхийн маш олон хүмүүст дайнаас зайлсхийж энх тайвныг эрхэмлэхэд уриалснаараа бахархам түүх юм. Энэхүү өр өвтгөм явдал хүн төрөлхтөний чихэнд хүрч дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд Садако Сасакигийн хийж амжаагүй цаасан шувууг гүйцээж мянга болгохын тулд Хирошима хот руу өөрсдийн хийсэн шувуугаа илгээсэн байдаг. Охиныг өнгөрсний дараа тус хотод орон орны хүүхдүүдийн илгээсэн зуун мянга гаруй цаасан тогоруу цугларсан гэдэг. Түүний гунигт хувь тавилан өнөөдөр ч гэсэн дайн байлдаантай байгаа бүс нутагт амьдарч буй хүүхдүүдэд тохиолдож буй хамгийн эмгэнэлтэй хэрэг юм.
- Хүүхдүүдийн энэ нэгдэл улс орнуудын тухайн үеийн удирдагчдад нөлөөлж цөмийн зэвсгийн асуудалд нарийн хандаж, дахиж ийм эмгэнэлтэй явдлыг давтаж болохгүйг сануулсан юм.
Нөөц хэрэглэгдэхүүн 1.4. Садако Сасаки охины түүх
1945 оны 8 сарын 6 -ны өдөр Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяхад Садако Сасаки охин 2 настай байлаа. Атомын бөмбөг дэлбэрэх үед тэрээр гэртээ байсан ба цонхыг хагалан орж ирэх хүчтэй дэлбэрэлтийн улмаас тэр арагшаагаа шидэгдэж түүний хувцас нь түлэгдсэн ч эсэн мэнд үлджээ.
Тэр цагаас хойш 11 нас хүртлээ Садако Сасаки бусад хүүхдийн адил хэвийн амьдарч байлаа. Гэвч нэг өдөр түүний бие тавгүйрхэн эмчид үзүүлэхэд эмч нар түүнийг цусны хорт хавдартай болсныг дуулгасан байна. 2 настай байхад нь болсон аймшигт дэлбэрэлтийн дараах цацраг идэвх бодисын хордлогод өртсөн нь түүний цус хорт хавдартай болсон шалтгаан байжээ. Садако Сасаки охины аав ээж маш их гуниглаж, охиноо алдана гэхээс айж байлаа. Тэд охиндоо чэрри жимсний зурагтай кимоно авч өгөн охиныхоо сэтгэл санааг өргөхийг хичээж байлаа. Гэвч Садако Сасакигийн бие өдрөөс өдөрт муудсаар байв.
Охиндоо итгэл найдвар бэлэглэхийг хүссэн аав нь түүнд япончуудын ярилцдаг мянган цаа сан тогоруу хийвэл өвчин шаналал, гай түйтгэрээс ангижирдаг тухай домгийг ярьж өгөв. Садако Сасаки охин домогт итгэж энэ мөчөөс эхлэн уусан эмийнхээ цаасаар тогоруу хийж эхэлжээ. Харамсалтай нь охины бие өдөр ирэх бүр муудсаар өөд болж, мянган шувуугаа хийж амжаагүй юм. Түү ний орны дэргэд байсан цаасан хайрцагт 644 цагаан тогоруу байл аа.
Үйл ажиллагаа 5. Энх тайвны баатрууд, тэдний уриатай танилцах
Багш нөөц хэрэглэгдэхүүн 1.5-д өгөгдсөн энх тайвны тухай алдартнуудын эшлэлийг дэлгэцээр үзүүлж, өөрт хамгийн таалагдсан 3 эшлэлийг сонгож, хажууд сууж буй хүүхэдтэйгээ яагаад тухайн эшлэл таалагдсан тухай харилцан ярилцаж санал бодлоо солилцохыг хүснэ.
Багшийн чиглүүлэг, дүгнэлт
Үүний дараа дараах асуултыг асууж хичээлийн хүрээнд үзсэн ойлголтыг нэгтгэн дүгнэнэ.
Хэлэлцүүлгийн асуултууд
- Энх тайвны талаар өмнө нь мэдэхгүй зүйлээ мэдэж авсан уу? Тийм бол ямар зүйлийн тухай мэдэж авсан бэ?
- Энх тайвныг бий болгоход хүүхдүүд бид нар юу хийж чадах вэ? Юу хийх хэрэгтэй гэж бодсон бэ?
- Дайн тулаан, мөргөлдөөн ба энх тайвны аль нь чухал вэ? Бид яагаад энх тайвныг дэмжих ёстой вэ?
Хүүхдүүдийн хариултад үндэслэн дараах агуулгыг нэгтгэн дүгнэхэд анхаарна.
- Энх тайван нь заримдаа хуурмаг хэлбэртэй байдаг. Хэдийгээр дайн тулаан, хүчирхийллийн шууд аюул занал байхгүй ч хүмүүс амар тайван амьдарч чадахгүй, түгшүүртэй байх нь хуурмаг энх тайван юм. Хүмүүс бид энх тайвныг цогцлоох учиртай.
- Энх тайван бий болгоход хүн бүрийн оролцоо хэрэгтэй. Хүүхдүүд ч бас эргэн тойрондоо энх тайвныг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
- Энх тайван нь хувь хүнд, гэр бүлд, орон нутагт, улс оронд, олон улсад, дэлхий дахинд хамаатай түгээмэл ойлголт юм.
- Гэр бүлийн энх тайван хувь хүнээс, орон нутгийн энх тайван гэр бүлээс, улс орны энх тайван орон нутгаас гэх мэт энх тайван нь бүх түвшинд уялдаатай.
- Энх тайванд хамгийн их аюул занал учруулдаг зүйл нь үл хүндлэл, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, дайн тулаан юм. Хүмүүс бид хүчирхийлэл, дайн тулаанаас ямагт зайлсхийж энх тайвныг бий болгохын төлөө хичээх ёстой.
- Дайн тулаан, мөргөлдөөн бол энх тайванд хамгийн их аюул занал учруулдаг зүйл юм. Тиймд манай улсад тохиолдохгүй байгаа ч гэсэн өөр улс оронд болж буй дайн тулааныг зогсоохын төлөө дэлхийн бүх хүмүүс шаардах, тэмцэх ёстой.
Багш хичээлийг нэгтгэн дүгнэх үүднээс нөөц хэрэглэгдэхүүн 1.6-д өгөгдсөн үгийн сүлжээг хүүхэд бүрд тараан өгч 5 минутын хугацаанд бөглүүлнэ. Үгийн сүлжээнд 5 үг багтсан ба багш үг бүрийг нэг бүрчлэн асууж үгийн сүлжээг зөв бөглөсөн эсэхээ хамтдаа шалгана. Үүний дараа үгийн сүлжээнд дурдагдсан үг ойлголтуудын талаар товч хэлэлцүүлэг өрнүүлж хүүхдийн ойлголтыг бататгаж, нэгтгэн дүгнэнэ.