ДААЛГАВАР 1.4.
Ажлын заавар
Энх тайвны сэнс бүтээх
Энх тайвны сэнс бүтээх аянд хамрагдах хүүхдүүдийн дунд дараах асуултыг асууж тэдний санаа бодлыг сонсоно уу.
- Хүүхдүүд бид томчуудад энх тайван байхыг уриалах боломжтой юу?
- Хүүхдүүд бид энх тайвны төлөөх дуу хоолойгоо томчуудад хэрхэн хүргэх вэ?
- Хүүхдүүд бид урлагаар дамжуулан энх тайвныг уриалж болох уу?
- Дэлхий дахинд хүүхдүүд энх тайван байдлыг уриалан зохион байгуулдаг “Энх тайвны сэнс” аянд хүүхдүүд бид нэгдэж болох уу?
- Хүүхдүүд бид энх тайвны төлөөх салхин сэнсэн дээр хэнд хандсан ямар үг, өгүүлбэр, уриаг дэвшүүлэн бичиж болох вэ?
Хүүхэд бүрд урьдчилан хэвлэж бэлтгэсэн сэнсний загварыг тараан өгч зааварчилгааны дагуу сэнсийг хайчилж, нааж, будаж бэлтгэхийг хүснэ. “Энх тайвны сэнс” бүтээх аяны тухай товч мэдээллийг хүүхдүүдэд ярьж өгнө.
Даалгавар
Заавар
- Дээрх дүрсийг гадна талын зураасаар хайчилна.
- Тэгээд аль нэг тал дээр нь энх тайвны утга санааг илэрхийлсэн ямар нэг үг өгүүлбэр бичиж, зураг дүрс зурах, наах зэргээр цаасан сэнсээ чимэглэнэ.
- Дараа нь дөрвөн булангаас нь төв рүү чиглэсэн зураасын дагуу хайчлах ба цаасны голын хэсэг зайг хайчлахгүй үлдээнэ.
- Үүний дараа цаасны дөрвөн булангийн хайчлагдсан хэсгийн аль нэг талыг цаасны голд зөөлнөөр аваачиж наана. Нөгөө талын хайчилсан хэсгийг наахгүй үлдээнэ. Энэ маягаар дүрсний дөрвөн булангийн нэг нэг талыг цаасны голд нааснаар салхин сэнсний хэлбэр үүснэ.
- Үүний дараа салхин сэнсний арын хэсгийн голд урьдчилан бэлтгэсэн савхан мод эсвэл харандааг наана.
- Салхин сэнсний хэсгүүд хоорондоо сайтар наалдсан эсэхийг шалгаж үзээд салхин сэнсээ байрлуулахаар бэлтгэсэн газартаа өөр өөрсдийн салхин сэнсээ газар хатгаж байрлуулна.
Товч мэдээлэл: Энх тайвны сэнс хийх аяныг 2005 онд АНУ-ын Флорида мужийн ахлах сургуулийн хоёр багш Энн Эерс ба Эллен Макмилан нар эхлүүлснээс хойш дэлхий даяар олон сургуульд хэрэгжиж байна. Энэ үйл ажиллагааг ихэвчлэн Энх тайвны өдөр болох 9 сарын 21-ныг тохиолдуулан зохион байгуулдаг уламжлал сургуулиудад тогтсон байдаг. Энэ арга хэмжээ нь сурагчдад дэлхий дахинд болж буй зөрчил мөргөлдөөн, дайн тулааны эсрэг өөрсдийн дуу хоолойгоо илэрхийлж, энх тайвныг уриалах зорилготой.
- Салхин сэнсийг бүтээхэд багахан хэмжээтэй цаас эвсэл биет материал, түүн дээр зураг зурж бичих өнгийн харандаа, бүтээлч сэтгэлгээ байхад хангалттай. Хүүхдүүд өөрсдийн салхин сэнсэн дээрээ энх тайвныг уриалсан үг өгүүлбэр бичиж, дүрс зургийг зурж бүтээснээр энх тайвны төлөөх өөрсдийн үзэл бодол, байр сууриа илэрхийлж, салхин сэнсээ ямарваа нэг газарт байрлуулснаар өөрсдийн илгээлтээ салхиар дамжуулан нийт хүмүүст илгээж байна гэсэн утга санааг агуулдаг.
- Бүх хүүхэд сэнсээ бүтээж дууссаны дараа сэнсээ байрлуулах газар руу хамтдаа явж, байрлуулна. Энх тайвны сэнс байрлуулах талбайг сонгохдоо сургуулийн өмнө, хажууд зэрэг сургуулийн эргэн тойронд олон хүн явдаг газрыг сонгоорой. Хүүхдүүдийн энх тайвны сэнсэн дээр бичиж зурсан энх тайвны илгээмжийг хажуугаар өнгөрч буй хүмүүс унших боломжтой байрлалд байрлуулахыг хичээгээрэй. Хүүхдүүд энх тайвны сэнсээ өөрсдийн гараар байрлуулах ба сэнсийг эргүүлэх салхины урсгалаар дамжин хүүхдүүдийн илгээмж зүг бүрт тархан олон хүнд хүрээсэй гэж хамтдаа хүсдэг
- Энх тайвны сэнсээ 3 өдөр, эсвэл 7 өдөр гэх мэт тодорхой өдрүүдэд байрлуулсны дараа хүүхэд бүр өөрсдийн сэнсээ авч, гэрийнхэндээ үзүүлэн өөрийн бүтээлийн хавтсандаа хадгалахыг хүсээрэй.