МОДУЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙ
Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг хэмээн судлаачид үздэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, ямар салбарууд хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг, мөн уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөө зэргийн талаар энэхүү модулийг боловсруулав.
Тогтвортой хөгжлийн боловсролын тэргүүлэх чиглэл нь уур амьсгалын өөрчлөлт (УАӨ) -ийн боловсрол юм. Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол нь уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан, үр дагаврыг ойлгох, өөрчлөлтийн нөлөөнд амьдрахад дасан зохицох, илүү тогтвортой амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх талаар зохих арга хэмжээ авах боломж олгоно хэмээн үзсэн байдаг (UNESCO, 2015).
“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол”-ыг дэмжсэн санал санаачилгыг боловсролын хууль тогтоомж, бодлогод тусгах, уур амьсгалын өөрчлөлтийн сэдвүүдийг сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж, сурагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түгээн дэлгэрүүлэх шаардлага тулгарч байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт гамшгийн (үер, ган, шуурга гэх мэт) хор уршгийг улам бүр нэмэгдүүлж, далайн усны түвшин нэмэгдэх зэрэг шинэ төрлийн эрсдэл бий болгож байгаа тул эдгээр уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх нөлөөлөл, эрсдэлийг бууруулахад чиглэсэн ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэрхэн өөрийн хувь нэмрийг оруулах талаар эргэцүүлэх нь иргэн бүрийн үүрэг болжээ. Монгол Улс газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс үүдэн уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг 10 орны нэг гэж судлаачид үздэг. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Тэгвэл уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох, ямар салбарууд хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг, мөн уур амьсгалын өөрчлөлтийн Монголд үзүүлж буй нөлөө зэргийн талаар мэдлэг олгох юм.
“Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол” бүлэг сэдвийн агуулга
Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болжээ. Тухайлбал, орон нутаг төдийгүй хот, хотын захын хороолол уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөнд өртөмтгий, улам эмзэг болсоор байна. Монгол орны эрс тэс уур амьсгалын нөлөөгөөр өвлийн улирлыг даван туулахын тулд суурин газруудад нүүрс, шахмал түлш хэрэглэх нь улам бүр нэмэгдсэн нь амьсгалын замын өвчлөл ихсэх зэрэг эрүүл мэндийг бодит сөрөг асуудлыг үүсгэсээр байна. (АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, 2017). Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг багасгах талаар бид юу хийж чадах вэ? Энэхүү модулын хүрээнд амтдаа мэдлэг бүтээж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулъя.
Сургалтыг удирдан чиглүүлэх суралцахуйн загвар
Даалгаварт суурилсан суралцахуйн загвараар энэхүү сургалтыг удирдан чиглүүлнэ.
“Даалгаварт суурилсан сургалт (Task-based learning)” гэсэн нэр томьёо нь 1980-аад оноос суралцагчдад эх хэлнээсээ гадна хоёр дахь хэл чанартай эзэмшүүлэх зорилгоор сургалтад анх нэвтэрчээ. Багшийн өгсөн даалгаврыг биелүүлэхийн тулд сургалтад оролцогчид сурч буй зорилтот хэлээ янз бүрийн нөхцөлд ашиглах бөгөөд ингэснээр сурч мэдсэн зүйлээ бодит амьдрал дээр шилжүүлэх боломжтой болно гэж үзсэн байна.
Даалгаварт суурилсан сургалтын талаарх олон бүтээлүүд байдаг боловч хамгийн алдартай нь Жэйн Уиллис (Jane Willis) -ын 1996 онд гаргасан “Taskbased Learning for Framework” номонд танилцуулсан уг аргазүйн талаарх тодорхойлолт, загвар болно. Уламжлалт багш төвтэй, дүрэм, онолыг чухалчлан заадаг арга барилаар сурсан оролцогчид бодит амьдрал дээр сургуульд мэдэж авсан онол дүрмээ хэрэглэж чадахгүй байна хэмээн үзэж, энэхүү арга зүйгээр хичээл сургалтыг зохион байгуулах хэлбэр түгэн дэлгэрчээ. Даалгаварт суурилсан сургалт нь тодорхой үр дүнд хүрэхийн тулд бодит амьдралд үүсдэг нөхцөл байдалд тулгуурласан даалгавар гүйцэтгэхийг хэлнэ.
Даалгаварт суурилсан суралцахуйн загвар
- Даалгаврын өмнөх шат (Pre – task) – Багш сургалтад оролцогчдод даалгаврын зорилго болон даалгавар гүйцэтгэсний дараа ямар үр дүнд хүрэхийг танилцуулна. Оролцогчид өмнөх мэдлэгээ эргэн санах, мөн шинэ мэдлэг, ойлголтыг олж авна.
- Даалгаврыг гүйцэтгэх шат (During – task) – Сургалтад оролцогчид бие даан болон хосоороо эсвэл багаараа даалгавраа хийж гүйцэтгэнэ. Даалгавраа гүйцэтгэсний дараа тэд хэрхэн хийсэн болон ямар дүгнэлт, үр дүнд хүрснээ тайлбарласан тайлан бэлтгэнэ. Энэ үед сургагч багш сургалтад оролцогчдод зөвлөгөө өгөх, хянах байдлаар дэмжлэг үзүүлнэ.
- Даалгаврын дараах шат (Post-task – Review) – Хамгийн сүүлийн үе бол дүрэм, онолд тулгуурласан үе шат юм. Даалгаварт ямар дүрэм, онол, үг хэллэг, нэр томьёо, ухагдахуун хэрэглэгдсэнийг тодорхойлно.
Даалгаварт суурилсан сургалтад хичээлийн ямар үе шатад хэрэглэхээс хамааруулан эхлүүлэх даалгавар, бататгах даалгавар мөн үнэлэх шалгах даалгаврыг ашиглана гэсэн үг юм.
- Эхлүүлэх даалгавар нь шинэ хичээлийг багш эхэлж заахгүйгээр сургалтад оролцогчид шууд даалгавар гүйцэтгэж суралцдаг тул тэдэнд уншиж ойлгох мэдээллийг хангалттай өгч шаардлагатай дэмжлэг үзүүлнэ.
- Бататгах даалгаврын хувьд сурсан мэдлэг, чадвараа төрөл бүрийн асуудал шийдвэрлэх тохиолдолд хэрэглүүлэхийг чухалчилдаг. Иймд бататгах даалгавар нь оролцогчдын хувьд сонирхолтой, түүнийг шийдвэрлэхэд мэдлэгээ хэрэглэх арга замыг сонгох боломжтой байвал зохимжтой.
- Үнэлэх шалгах даалгавар нь оролцогчдын юу сурсныг олж илрүүлэхэд чиглэнэ. Хичээлийн төгсгөлд үнэлгээ хийх хэрэгтэй ба өөрийн үнэлгээ, эсвэл үе тэнгийнхний үнэлгээ хийх нь тохиромжтой. Үнэлгээнд суралцагчийн оролцоог хангаснаар суралцахуйн үндсэн зорилгоо ойлгож, өөрийгөө оношилж, мэдсэн, мэдээгүй байгаагаа нөхөж авах, бие даан ажиллах арга барилд суралцана.
Аль ч тохиолдолд даалгавраар санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сэтгэх, асуудалд өөрийн байр сууринаас хандан шийдвэр гаргах, аливаа зүйлийг уялдаа холбоонд нь авч үзэх боломжийг олгодог байх нь чухал.
“Даалгаварт суурилсан сургалт”-ын хамгийн чухал зүйл нь чанартай даалгавар бөгөөд суралцагчдын ажиллах даалгавар дараах хэдэн шинж чанартай байна.
- Даалгавар нь дүрэм, онолоос илүү утга, агуулгад анхаарна.
- Даалгавар тодорхой үр дүнтэй байхаас гадна даалгаврын гүйцэтгэл нь чухал нөлөөтэй байна.
- Даалгавар нь суралцагчдыг илүү бодит амьдралд ойр асуудлуудыг шийдэхэд чиглэнэ.
- Суралцагчид даалгавраа гүйцэтгэхэд хэрэгцээтэй материал, эх сурвалжуудаа сонгон хэрэглэнэ.