ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Байгалийн нөөц: Байгалийн нөөц гэдэг нь хүний амьдралыг тэтгэх, шаардагдах хэрэгцээг хангах зорилгоор үйлдвэрлэлд шууд, тогтмол ашигладаг байгалийн эрдэс, бодис, түүхий эд, эрчим хүчний эх үүсвэрийг хэлнэ.

Байгалийн нөөцийн төрөл: Байгалийн нөөцийг шавхагдах, үл шавхагдах гэж 2 үндсэн ангилдаг. Шавхагдах нөөцийг нөхөн сэргээгдэх нөөц (хөрс, ой, ургамал, амьтан) ба нөхөн сэргээгдэхгүй (эрдэс, ашигт малтмал) хэмээн 2 ангилна. Үл шавхагдах нөөцөд уур амьсгал, гол мөрөн, далай тэнгис, ус, нар, салхи, газрын гүний дулааны энерги зэрэг орно.

Экосистем: Бүх амьд биет, түүний дотор ургамал, амьтан, амьд организмын бие биетэйгээ болон тодорхой газар дахь агаар, шороо, нар, хөрс, уур амьсгал зэрэг элементүүдтэй харилцан үйлчлэлийг багтаасан өргөн системийг экосистем гэж нэрлэдэг.

Экосистемийн үйлчилгээ: Хүн төрөлхтний байгаль, дэлхийгээсээ үнэ төлбөргүйгээр хүртэж буй үр ашиг юм. Экосистемийн үйлчилгээ нь экосистемээс хүнд шууд ба шууд бусаар хүрэх бүх төрлийн ашгийг илэрхийлнэ. Daily G. (1997)

Экосистемийн хангамжийн үйлчилгээ: (Provisioning services) Үүнд хүн төрөлхтний хүрээлэн буй орчин, экосистемээсээ авч ашиглаж буй бүхий л бүтээгдэхүүнүүд хамаарна.

Экосистемийн зохицуулах үйлчилгээ: (Regulating services) Үүнд хүн төрөлхтний хувьд хүрээлэн буй орчин, экосистемийн бүхий л үйл явцын зохицуулалтаас хүртэж болох үр ашгууд хамаарна.

Экосистемийн соёлын үйлчилгээ: (Cultural services) Үүнийг хүн төрөлхтөн амралт, гоо зүй, оюун санаа болон бие махбодийн тайвшралыг мэдрэх замаар буюу материаллаг бус хэлбэрээр экосистемээс хүртэнэ.

Экосистемийн дэмжих үйлчилгээнд: (Supporting services) Экосистемийн дэмжих үйлчилгээний хэлбэр нь хангамжийн, зохицуулах, соёлын зэрэг үйлчилгээний хэлбэрүүдийг тогтвортойгоор оршин тогтнох нөхцлийг тухайн экосистемд бий болгоход нөлөөлдөг. Тиймдээ ч дэмжих үйлчилгээний хэлбэрт гарсан аливаа өөрчлөлтүүд нь хүн төрөлхтөнд шууд хэлбэрээр, богино хугацаанд мэдрэгддэггүй хэдий ч хүн төрөлхтнийг эх дэлхийтэйгээ зохицон амьдрахад амин чухал нөлөөтэй экосистемийн үйлчилгээнүүд нь дэмжих үйлчилгээний хэлбэрт хамаарна.

Уур амьсгалын өөрчлөлт: Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхий даяар, эсвэл тодорхой бүс нутгийн уур амьсгалын нөхцөл хувьсан өөрчлөгдөхийг хэлнэ.

Тогтвортой байдал: Хойч үеийнхнийхээ хэрэгцээг хангах чадварыг алдагдуулахгүйгээр өнөөгийн хэрэгцээг хангах, эдийн засгийн өсөлт, байгаль орчныг хамгаалах, нийгмийн халамжийн тэнцвэрт байдлыг хангахыг хэлнэ.

Хүрээлэн буй орчны тогтвортой байдал: Байгаль орчны тогтвортой байдал нь эдийн засаг, нийгмийн дэвшлийг орхихгүйгээр биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэдэг. Биологийн талаас цаг хугацааны явцад бүтээмж, олон талт байдлаа хадгалах, улмаар байгалийн нөөцийг хамгаалах экологийн ухамсартай хариуцлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ амьдарч буй орчиндоо анхаарал халамж тавих хүний хөгжлийг дэмжих чадварыг хэлнэ.

Нийтлэсэн: user 2023-04-25 05:58:28