МОДУЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙ
Соёлын олон янз байдлыг бид хэрхэн ойлгох, олон улсын чиг хандлага болон монголчуудын соёл, үнэт зүйл нь соёлын олон янз байдалд хэрхэн нөлөөлдгийг судлан мэдэхэд хөтөч болно.
Бүх нийт соёлын олон янз байдлыг ойлгосноор дэлхий дахинд амар амгалан байдал тогтох, байгаль орчны тогтвортой байдлыг хангах, дахин сэвтээхгүй байх, ирээдүйд учирч болох олон гамшиг, сүйрлийн үр дагаврыг багасгах, аюул гамшгийг тойрч гарах боломж бүрдэх юм.
11-14 насны суралцагчдад зориулан орон нутаг, үндэстэн, бүс нутаг, дэлхийн түвшинд соёлын олон янз байдлын талаар сонирхолтой жишээ баримтыг цахим орчинд сонирхон судлах боломж бүрдүүлэх оролдлогыг агуулга, арга зүйн түвшинд хийж байна. Дэлхий дээр амьдарч буй хүн бүр өөрийн гэсэн хэл, шашин шүтлэг, баяр ёслол, зан заншил, өв уламжлалтай хүн амын нэгдэлд харьяалагдан амьдардаг. Улмаар тэрхүү гэр бүл, хамт олон, бүлэг, тэдний зан үйлээс ихээхэн хамааралтай байдгийг ажиглаж мэдэх юм. Суралцагч энэхүү модулийг судалснаар дэлхийн аль нэг хүн, угсаатан, улсын соёлыг өөр нэг хүн, угсаатан, улсын соёлоос илүү, аль эсвэл дутуу гэж үзэхгүй, бүгдийг адил, тэгш хүндэтгэн харилцах талаар мэдлэг, ойлголттой болно. Мөн тэдний соёлын олон янз байдал бидний оршин буй дэлхий, хүн, амьтан, ургамалд эерэг нөлөө үзүүлсэн олон тохиолдол байна. Монголчууд бид соёлын олон янз байдалд эерэгээр хандаж ирсэн уламжлалтай бөгөөд бусдын соёлыг хүндэтгэх талаар “Усыг нь уувал ёсыг нь дага” хэмээх сургаал үгээр зүйрлүүлэн сургаснаас харж болох юм.
Багш, эцэг, эх, асран хамгаалагчийн хувьд бодит асуудалд хамтран ажилласнаар тухайн орон нутгийн соёлд ямар ялгаатай байдал бий болж тэр нь байгаль орчинд эерэг нөлөө үзүүлж байгааг ажиглаж болох юм. Олон улсын хамтын нийгэмлэг нь экологийн асуудлыг гол төлөв техник технологи, шинжлэх ухааны хандлагын үндсэн дээр шийдвэрлэхийг эрмэлзэж ирсэн ч соёл, зан заншил, хүрээлэн буй орчны нэгдмэл чанартай олон талаар салшгүй холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Соёлын олон янз байдал нь хүрээлэн буй орчныг өөрчлөх, тогтвортой байлгах чухал хүчин зүйл болдог. Дэлхий дахинд хөдөө нутаг, уугуул хүн амын хамгаалж, хадгалж ирсэн байгальтай харилцах, түүний нөөц баялгийг зүй зохистой хуваарилах сайн туршлагыг бүтээлчээр ашиглахыг санал болгож байна. Монголчуудын байгаль орчноо хайрлан хамгаалж ирсэн уламжлалт соёл нь сайн туршлага болох тухай ойлгож, мэдэх юм.
Соёлын олон янз байдал агуулгын хүрээнд арга зүйч, мэргэжилтэн, судлаач, сургагч багшид зориулсан модулиар соёлын олон янз байдлын тухай олон улсын чиг хандлага хийгээд түүнд холбогдох үндсэн ойлголтууд, тоо баримттай танилцана. Монгол улсын хувьд соёлын олон янз байдлыг ямар байр сууринаас авч үзэх, цаашид үндэсний уламжлал, язгуур эрх ашиг, соёлын ямар бодлого баримтлах, Монголчуудын, монгол хүний ямар үнэт зүйлийг чухалчилж үзэх нь зүйтэй талаар судална.
Сургалтад хэрэглэх арга, хэрэгсэл
- Цасан бөмбөгийн арга
- Багт хуваах арга
- Хэлэлцүүлгийн арга
- Цахим судалгаа авах, боловсруулах
Сургалтыг удирдан чиглүүлэх суралцахуйн загвар
Сургалтад оролцогч амьдрах хэв маяг, хэл яриа, итгэл үнэмшил, үнэт зүйл, уламжлал, угсаатан тэдгээрийн холбоо хамаарлын талаар ойлголттой болж, өөрийн байр суурийг илэрхийлэх, соёлын олон янз байдалд хүндэтгэлтэй хандахад чиглэсэн асуудалд суурилсан сургалтын загварыг сонгон энэхүү сургалтын модулийг боловсруулав.
Асуудалд суурилсан сургалтын загварын хүрээнд дараах 4 алхмаар удирдан чиглүүлнэ. Үүнд:
Асуудалд суурилсан сургалтын загварт сургагч багш, оролцогчийн гүйцэтгэх үүрэг
№ | Асуудалд суурилсан сургалтын загварын алхмууд | Сургагч багшийн үүрэг | Оролцогчийн үүрэг |
---|---|---|---|
1 | Асуудал танилцуулах, ялган таних | Сургагч багшийн зүгээс оролцогчдод соёлын олон янз байдлаас үүсэж буй асуудал танилцуулах буюу эсвэл асуудал ялган таних даалгавар өгнө. Аль ч тохиолдолд сургагч багш оролцогчдыг хэрхэн багт хуваахыг тодорхойлно. Энэ шатанд сургагч багш оролцогчдод даалгавар гүйцэтгэхэд шаардлагатай алхмууд, тэдгээрийг гүйцэтгэх хугацааг зааж өгөх хэрэгтэй. | Оролцогчид сургагч багшийн танилцуулсан асуудал, даалгаврыг шинжилнэ. Зарим тохиолдолд оролцогчид асуудлыг ялган танина. |
2 | Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах | Сургагч багшийн зүгээс оролцогчдод асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах даалгавар өгнө. Оролцогчид асуудлыг нягт нямбай задлан шинжлэх, түүнийг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулахад дөхөм болох асуултууд тавьж болно. Асуудал шийдвэрлэх багуудыг сургагч багш оноож, эсвэл оролцогчид өөрсдөө бүрдүүлж болно. Багш оролцогчдын суралцахуй, төлөвлөгөө боловсруулахад нь шаталсан дэмжлэг үзүүлэх хэрэгтэй | Оролцогчид асуудал шийдвэрлэх боломжит төлөвлөгөө боловсруулна. Аль болох багаар ажиллавал сайн. Тэд боловсруулсан төлөвлөгөөгөө сайтар хэлэлцэж тогтоно. |
3 | Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх | Сургагч багшийн зүгээс оролцогчдод төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх даалгавар өгнө. Сургагч багш оролцогчдод даалгаврын гүйцэтгэлдээ тэмдэглэл хийх, протокол хөтлөхөд туслах зэргээр нэмэлт дэмжлэг үзүүлбэл тэд дараагийн шатанд өөрсдийн гүйцэтгэлээ үнэлж дүгнэх боломжтой болно. | Оролцогчид төлөвлөгөөгөө туршиж, хэрэгжүүлнэ. Төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүнд тэмдэглэл хөтлөх хэрэгтэй. |
4 | Гүйцэтгэлийн үр дүнгээ үнэлж дүгнэх | Сургагч багшийн зүгээс оролцогчдод төлөвлөгөөний гүйцэтгэлийг үнэлж дүгнэх, эргэцүүлэх боломж олгоно. Асуудал шийдвэрлэхэд ганцаарчлан болон багаар ямар хувь нэмэр оруулсан, мөн юуг өөрөөр хийж болох байсныг эргэцүүлэхийг сануулна. Ижил асуудлыг өөр өөр аргаар шийдсэн бол ямар давуу тал болон сорилт болсон тухай эргэцүүлэхийг хүснэ. | Оролцогчид төлөвлөгөөнийхөө гүйцэтгэл болон үр дүнг үнэлж, эргэцүүлнэ. Асуудал шийдвэрлэхэд ганцаарчлан болон багаар ямар хувь нэмэр оруулсан тухайгаа эргэцүүлнэ. Ижил асуудлыг өөр аргаар шийдсэн бол ямар давуу тал, сорилт байхыг харьцуулж үзэх хэрэгтэй. |