СЭДЭВ 1. СОЁЛЫН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ


Сургалтын эхэнд оролцогчдыг дараах аргаар багт хуваагаарай.
Сургалтад оролцогчдыг төрсөн сар, өдрөөр нь 4-6 гишүүнтэй багт хуваана. Ингэхдээ төрсөн он хамаарахгүйгээр 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаанд төрсөн дарааллаар нэг эгнээнд жагсаана. Жагсахдаа хоорондоо ярихгүй мөн дохио зангаа ашиглахгүй байхыг сануулаарай (өөрийнхөө мэдрэмжээр). Чиглүүлэгч оролцогчдоос төрсөн сар, өдрийг нь асууж байрлал зөв эсэхэд хяналт тавиад, дараа нь тэднээр 1-6 хүртэлх тоо тоолуулан, ижил тоо хэлсэн оролцогчдыг нэг багт байхаар хуваагаарай.

АЛХАМ 1: Асуудал танилцуулах, ялган таних
Чиглүүлэгч дараах асуултуудыг ашиглан эрэл хайгуул хийх, асуудал дэвшүүлэх даалгавар өгнө. Оролцогчдын мэдээллийн түвшнээс хамаарч уншиж судлах материалын  1. Соёл гэж юу вэ? 2. Соёлын олон янз байдал гэж юу вэ? 3. Соёлын олон янз байдлын шалтгаан юу вэ? 4. Олон соёлын оршин тогтнол гэж юу вэ? хэсгүүдийг танилцуулж болно.

Асуудлаа дараах хүрээнд боловсруулахыг оролцогчдод сануулаарай.

  • Гэр бүл         - Сургууль
  • Орон нутаг    - Улс
  • Бүс нутаг
  • Дэлхийн улс орнуудын хүрээнд амьдрах хэв маяг, хэл яриа, итгэл үнэмшил, шашин шүтлэг, үнэт зүйл, уламжлал, угсаатны соёлын олон янз байдлын ямар асуудал байгааг илрүүлнэ.

Чиглүүлэгч баг бүрд нэг хүрээнд тулгамдаж байгаа асуудлыг илрүүлэх байдлаар зохион байгуулж болно.

Багууд цасан бөмбөгийн аргаар ажиллаж, эхний шатанд оролцогч бүр асуудал дэвшүүлнэ. Хоёрдугаар шатанд хосоороо хэлэлцэж асуудлаа нэгтгэн оновчилно. Гуравдугаар шатанд багаараа хэлэлцэж асуудлаа нэгтгэн оновчилно. Багийн гишүүд зөв асуудал тодорхойлсон эсэхээ дараах шалгуураар үнэлээрэй.

Хүснэгт. Асуудал мөн эсэхийг таних шалгуур

Асуудал Нөхцөл байдал Бэрхшээл Зөрчил
Юу болохгүй байна вэ? Хэн оролцсон бэ? Хаана болсон бэ? Хэзээ болсон бэ?
             


Оролцогчдын мэдээллийн түвшнээс шалтгаалан асуудал дэвшүүлэх даалгаврын гүйцэтгэх хугацааг уян хатан байхаар төлөвлөж болно.

АЛХАМ 2: Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах
Чиглүүлэгч багийн гишүүн бүрд үүрэг онооно. Багийн ахлагч, мэдээлэл цуглуулагч, мэдээлэл нэгтгэгч, идэвхжүүлэгч, тайлагнагч гэх мэт байна. Чиглүүлэгч оролцогчдод төлөвлөн боловсруулах даалгавруудын хугацааны хуваарилалтыг хэлж, даалгаврыг жижиглэн өгснөөр хугацаандаа гүйцэтгэж дуусахад дэмжлэг болно. Чиглүүлэгч багийн гишүүдэд хуваах жижиг даалгаврууд, үүргийг тайлбарлана. Багууд интернэт болон бусад эх сурвалжаас тухайн агуулгын хүрээнд хаанаас ямар мэдээлэл олох, түүнийгээ хэрхэн боловсруулах талаар хэлэлцэнэ. Чиглүүлэгч баг бүртэй уулзаж, тэдний баримт бичиг боловсруулах программ, эсвэл илтгэлийн программ дээр баримтжуулсан төлөвлөгөөг нь ярилцана. Тулгамдаж буй асуудлыг илрүүлэх судалгааны асуултыг google forms болон бусад программ дээр боловсруулна. Багийн төлөвлөгөөг сайжруулах шаардлагатай бол юуг, яагаад сайжруулах талаар зөвлөнө. Багууд соёлын олон янз байдлын талаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө танилцуулна.

АЛХАМ 3: Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх
Чиглүүлэгчийн зүгээс оролцогчдод төлөвлөгөө хэрэгжүүлэх даалгавар өгнө. Чиглүүлэгч оролцогчдод хэрэгжилтдээ тэмдэглэл хийх, протокол хөтлөхөд туслах зэргээр нэмэлт дэмжлэг үзүүлбэл оролцогчид дараагийн шатанд гүйцэтгэлээ үнэлж дүгнэх боломжтой болно. Багийн гишүүд соёлын олон янз байдлын талаар тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх судалгаагаа туршиж, хэрэгжүүлнэ. Ингэхдээ боловсруулсан цахим судалгаагаа интернэт ашиглан гэр бүл, ах дүүс, найз нөхдийн хүрээг хамруулж үр дүнг нэгтгэнэ. Судалгааны үр дүнг тодорхой болгох үүднээс графикаар илэрхийлж дүгнэлт бичих нь зүйтэй.

АЛХАМ 4: Гүйцэтгэлийн үр дүнгээ үнэлж дүгнэх
Энэ шатанд чиглүүлэгч, оролцогчид ямар хувь нэмэр оруулсан, төлөвлөгөөгөө хэр үр дүнтэй гүйцэтгэсэн, багаар хэрхэн ажилласан талаар үнэлгээ хийлгэнэ. Оролцогчид бүх төлөвлөгөөг үнэлж, хариу санал өгч, авна. Мөн сайн хийсэн, эсвэл сайжруулах шаардлагатай зүйлсийг оролцогч тус бүр болон багаараа хэлэлцэх, багийн ажлын гүйцэтгэлд өөрийн оруулсан хувь нэмрийн талаар эргэцүүлэх боломж олгоно. Мөн өөрөөр хийж болох байсан, ижил асуудлыг өөр аргаар шийдсэн бол ямар давуу тал, сорилт байхыг эргэцүүлж бодуулна.
Оролцогчдынхоо ахиц, суралцахуйг хянаж, сургалтын турш харилцаж байх хэрэгтэй. Түүнээс гадна чиглүүлэгч, оролцогчийн ойлгосон, чаддаг болсон байх ёстой агуулгыг дүрсэлсэн явцын үнэлгээ боловсруулаарай.

Нийтлэсэн: admin 2023-04-25 06:20:46