СЭДЭВ 2. МОНГОЛЧУУДЫН СОЁЛ БА ҮНЭТ ЗҮЙЛ


АЛХАМ 1: Асуудал танилцуулах. ялган таних

Чиглүүлэгч дараах асуултыг оролцогчод танилцуулна.
- Монголчууд бид чухам хэн бэ, хэрхэн, яаж оршиж, хөгжих вэ?

Энэ нь яагаад бидний хувьд амь амьдралын чухал асуудал болж байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чиглүүлэгч дараах агуулгаар оролцогчдыг сэдэлжүүлээрэй.

Монгол эх орон, Монгол үндэстний бие даасан түүхэн чадвар, тусгаар тогтнолын хувь заяаг аливаа гадны бодлого, үзэл суртал болон харьжсан, хуулбарласан сэтгэлгээгээр шийдвэрлэх боломжгүй нь өдгөө цагт улам бүр илэрхий байна. Өөрийн хөрсөн дээр өөрийгөө ухаараагүй ард түмэн ямагт бусдын бодлого,  үйл ажиллагааны хөтөлбөрөөр хөтөлбөржин амьдрах болдог нь бидний өнгөрсөн бүхий л түүхээс нэгэнтээ ил болов. Улс орноо, үндэстнээ, үндэстнийхээ онцлогийг хэр зэрэг ухааран ойлгож байгаагаас тухайн улсын ард түмэн зөв замаар хөгжих, тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган хамгаалах, соёл иргэншлийнхээ дархлааг баталгаажуулах, хойч үеэ ухаалгаар бэлтгэх  бололцоо бүрдэнэ.

АЛХАМ 2: Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах

Чиглүүлэгч багийн гишүүн бүрд үүрэг онооно. Багийн ахлагч, мэдээлэл цуглуулагч, мэдээлэл нэгтгэгч, идэвхжүүлэгч, тайлагнагч гэх мэт байна. Чиглүүлэгч оролцогчдод төлөвлөн боловсруулах даалгавруудын хугацааны хуваарилалтыг хэлж, даалгаврыг жижиглэн өгснөөр хугацаандаа гүйцэтгэж дуусахад дэмжлэг болно. Чиглүүлэгч багийн гишүүдэд хуваах жижиг даалгаврууд, үүргийг тайлбарлана. Чиглүүлэгчийн зүгээс дараах 2 мэдээллийг оролцогчдод танилцуулна.

Мэдээлэл 1

Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал  “Алсын хараа 2050” баримт бичигт “Орчин үеийн  шинжлэх ухааны арга зүйгээр нарийвчлан судалж, хөдөлшгүй баримтад үндэслэсэн “нэг хэл, нэг түүх, нэг соёл, нэг итгэл үнэмшлийг” нийт хүн амд төлөвшүүлж, үндэсний ижилсэл-ондоошлын гүн ухамсар дархлаатай үндэстэн улс байгуулахад тулгуур болохуйц нэгдмэл үнэт зүйлсийг цогцлооно” гэж заасан. Мөн “Үндэсний аюулгүй байдлын тухай” хуульд “Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхолд Монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй байдал болон бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэл, үндсэн хуульт байгууллын аюулгүй байдал, эдийн засгийн бие даасан байдал, экологийн тэнцвэрт хөгжил багтана” гэж заажээ.

Мэдээлэл 2
Үндэстний үнэт зүйлийн цөм агуулга нь identity юм. Энэ нь латины idem хэмээх үгийн “яг тэр зүйл” гэсэн утга аж.  Ингэхлээр үндэсний ижилсэл гэдэг нь үндэстэн, хувь хүний амин чанар, тэдний  нийгэмших, бусадтай ижилсэх, мөн бусдаас өөрийгөө ялгах, хамгаалах үүрэг бүхий үнэ цэнэт зүйл юм. Дэлхийн олон үндэстний  ард түмэн биднийг ямар нүдээр хардаг вэ? Тэр нь Монголчууд биднийг бусдаас ялгаж, ондоошлыг бий болгодог зүйл. Гадныхан биднийг Чингис хааны үе буюу XIII-XIY зууны эрэмгий дайчин дүр төрхөөр, эсвэл адуу малаа хариулсан нүүдэлчний соёлоор төсөөлдөг билээ. Энэ нь бидний ижилслийг  харуулах юм. Өөрөөр хэлбэл, биднийг гадаад байдлаар бусад улс, үндэстнээс ялгаруулж, онцгойруулж байна. Дотооддоо биднийг ижилсүүлж, нягтруулж, цул нэгдмэл болгож байгаа газар нутаг, түүх, хэл, төр, соёл, ёс заншил болон бусад үнэт зүйлийн цогцыг үндэсний ижилсэл гэнэ.

Оролцогчид дээрх 2 мэдээлэлтэй танилцсаны дараа багт хуваагдан интернэт болон бусад эх сурвалжаас агуулгын хүрээнд хаанаас ямар мэдээлэл олох, түүнийгээ хэрхэн боловсруулах талаар хэлэлцэнэ.

Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө багаараа ярилцан, бусдадаа танилцуулна. Чиглүүлэгч энэ асуудлын хүрээнд судалгааны асуулт боловсруулж нэгтгэх чиглэл өгнө.

АЛХАМ 3: Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх
Оролцогчид уншиж судлах материалтай танилцана. Асуудлыг шийдвэрлэх судалгааг “Шигтгээ 8”-ыг ашиглан боловсруулж цахим, интернэт ашиглан ажлын хамт олны хүрээнд хамруулж үр дүнг нэгтгэнэ. Судалгааны үр дүнг тодорхой болгох үүднээс графикаар илэрхийлж дүгнэлт бичих нь зүйтэй.

Шигтгээ 8.

Шинжээчид үнэт зүйл, эрхэмлэх зүйлсийг ялгаатай гэж үзсэн бөгөөд бүхэлд нь шинжилгээ хийхэд монголчуудын нийтлэг үнэт зүйлсийг дор дурдсанаар нэрлэсэн байна.
• үндэсний тусгаар тогтнол  • ёс суртахуун   • уламжлалт амьдрах ухаан  • зан заншил • түүхэн өв соёл (биет, биет бус өв)  • эрх чөлөө • эх оронч сэтгэлгээ • гэр бүл • хүнлэг сайхан сэтгэл • нийгмийн оюун санааны нэгдмэл байдал • эв нэгдэл • хүний оюун билиг • монгол хүн  • эрдэм боловсрол • хүнийг дээдлэх • ахмад үеэ хүндлэх • тус дэм, санаа тавих  чанар    •  үр  хүүхэд  •  ажил  хөдөлмөр  •  нэр  төр  •  байгаль  орчин  •  монгол  хэл  • ардчилал

Чиглүүлэгч оролцогчдод гүйцэтгэлдээ тэмдэглэл хийх, протокол хөтлөхөд туслах зэргээр нэмэлт дэмжлэг үзүүлбэл тэд дараагийн шатанд хэрэгжилтээ үнэлж дүгнэх боломжтой болно.

АЛХАМ 4: Хэрэгжилтийн үр дүнгээ үнэлж дүгнэх
Энэ шатанд чиглүүлэгч, оролцогчид ямар хувь нэмэр оруулсан, төлөвлөгөө хэр үр дүнтэй болсон, багаар хэрхэн ажилласан талаар нь үнэлгээ хийлгэнэ. Оролцогчид бүх төлөвлөгөөг үнэлж, хариу санал өгч, авна. Мөн юуг сайн хийсэн, юуг сайжруулах шаардлагатай вэ, багийн ажилд ямар хувь нэмэр оруулсан тухайгаа оролцогч тус бүр болон багаараа хэлэлцэх боломж олгоно. Мөн юуг өөрөөр хийж болох байсныг эргэцүүлж, ижил асуудлыг өөр өөр аргаар шийдсэн бол ямар давуу тал, сорилт байхыг эргэцүүлж бодуулна.

Оролцогчдынхоо ахиц, суралцахуйг хянаж, сургалтын турш харилцаж байх хэрэгтэй. Түүнээс гадна чиглүүлэгч оролцогчийн ойлгосон, хийж чаддаг болсон зүйлийнхээ талаар дүрслэх явцын үнэлгээ боловсруулаарай.

СУРГАГЧ БАГШИД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

  • Чиглүүлэгч яагаад ийм асуудлын хүрээнд хэлэлцэж байгааг хэлэлцүүлгийн эцэст агуулгыг ашиглан дүгнэлт хийгээрэй.
  • Асуудлын хүрээнд судалгаа хийхэд оролцогчдыг чиглүүлээрэй.
  • “Шигтгээ 8”-ыг ямарч хэлбэрээр ашиглах боломжтой талаар зөвлөөрэй. Жишээ нь агуулгыг өөрчлөх, асуултын хэлбэр өөрчлөх гэх мэт.
  • Судалгааны асуултаа оновчтой боловсруулахад чиглүүлэгч дэмжлэг үзүүлээрэй.
Нийтлэсэн: admin 2023-04-25 06:26:30