УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ
МОНГОЛЧУУДЫН СОЁЛ БА ҮНЭТ ЗҮЙЛ
Үнэт зүйлийг XIX зууны эхээр Баруунд үүсэж, хөгжсөн Аксиологи буюу үнэт зүйлийн сургаал хэмээх философийн салбар ухаан тусгайлан судалдаг. Үнэт зүйл гэдэг нь нийгэм, хувь хүний болон ерөөс аливаа үзэгдлийн бодит шинж чанар болон түүний эерэг сөрөг утга, үнэ цэнийг илэрхийлсэн ойлголт юм. Үнэт зүйл нь олон талт утгатай бөгөөд багтаамж, эрэмбээр нь хувь хүн, бүлэг хамт олон, байгууллага, орон нутаг, бүс нутаг, улс үндэстэн, дэлхий дахин, даяаршлын хэмээн ангилж, багцалж болно.
Монголчууд бид чухам хэн бэ? Хэрхэн, яаж оршиж, хөгжих вэ? гэсэн асуудал бидний хувьд амь амьдралын асуудал болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол эх орон, Монгол үндэстний бие даасан түүхэн чадвар, тусгаар тогтнолын хувь заяаг аливаа гадны бодлого, үзэл суртал болон харьжсан, хуулбарласан сэтгэлгээгээр шийдвэрлэх боломжгүй нь өдгөө цагт бүр илэрхий байна. Өөрийн хөрсөн дээр өөрийгөө ухаараагүй ард түмэн ямагт бусдын бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрөөр хөтөлбөржин амьдрах болдог нь бидний өнгөрсөн бүхий л түүхээс нэгэнтээ ил болов. Улс орноо, үндэстнээ, үндэстнийхээ онцлогыг хэр зэрэг ухааран ойлгож байгаагаас тухайн улсын ард түмэн зөв замаар хөгжих, тусгаар тогтнол, бие даасан байдлаа ханган хамгаалах, соёл иргэншлийнхээ дархлааг баталгаажуулах, хойч үеэ ухаалгаар бэлтгэх бололцоо бүрдэнэ.
Монголчуудын үндэсний үнэт зүйлийг уламжлуулья, танин мэдье, өсвөр, залуу үедээ өвлүүлэн үлдээе, түгээн дэлгэрүүлье гэвэл түүнийг чухам юу гэж ойлгох, эдгээрийн өнгөрсөн хийгээд өдгөөгийн байдал, хөгжлийг сайтар шинжилж, ирээдүйн чиг хандлагыг зөв тодорхойлох ёстой. Ийнхүү үзвэл өнөөдөр монголчууд дэлхийн хэмжээний үндэстний хувьд үнэт зүйлийнхээ мөн чанар, ялгаа, нийтлэгийг гүн танин мэдэх, ухаарах учиртай. Жишээлбэл, Монгол хүн, Монгол үндэстэн гэж хэн бэ?, Монголчууд хэр зэрэг боловсрол, хүмүүжилтэй вэ?, Монгол хүний, Монгол үндэстний давуу, сул тал чухам юу вэ?, Бид ямар үзэл баримтлалаар хэрхэн, яаж хөгжих ёстой вэ? Монгол үндэстний нэгдмэл үнэт зүйлийг хэрхэн тодорхойлох вэ? Эдгээр нь Монголын хөгжил, эв нэгдлийн эх сурвалж, бахархал мөн үү? зэрэг олон асуудалд эрэл хайгуул хийж, хариу өгөх шаардлагатай байна. Эдгээр нь даяаршлын далбаан дор Монгол хүн өөр соёл иргэншлийн нөлөөнд автаж, “Монгол үндэсний ижилсэл (national identity)”-ээ алдаж, харийншиж, язгуур үнэт зүйлсийнхээ хомсдолд орж байгаатай бас холбоотой юм.
Шигтгээ 9.
“Үндэсний ижилсэл хүчтэй байх нь зөвхөн үндэстнийг нэгтгээд зогсохгүй авлига, шударга бус явдал буурахад ч нөлөөтэй. ...Танигдахуй (Identity) нь хүний дотоод, гадаад мөн чанарын хоорондын ялгаанд суурилдаг.” хэмээн эрдэмтэн Фрэнсис Фукуяма онцлон тэмдэглэсэн байна.
Үндэстний үнэт зүйлийн цөм агуулга нь identity юм. Энэ нь латины idem хэмээх үгийн “яг тэр зүйл” гэсэн утга аж. Ингэхлээр үндэсний ижилсэл гэдэг нь үндэстэн, хувь хүний амин чанар, тэдний нийгэмших, бусадтай ижилсэх, мөн бусдаас өөрийгөө ялгах, хамгаалах үүрэг бүхий үнэ цэнэтэй зүйл юм. Дэлхийн олон үндэстний ард түмэн биднийг ямар нүдээр хардаг вэ? Тэр нь Монголчууд биднийг бусдаас ялгаж, ондоошлыг бий болгодог зүйл. Гадныхан биднийг Чингис хааны үе буюу XIII- XIY зууны эрэмгий дайчин дүр төрхөөр, эсвэл адуу малаа хариулсан нүүдэлчний соёлоор төсөөлдөг билээ. Энэ нь бидний ижилслийг харуулах юм. Өөрөөр хэлбэл, биднийг гадаад байдлаар бусад улс, үндэстнээс ялгаруулж, онцгойруулж байна. Дотооддоо биднийг ижилсүүлж, нягтруулж, цул нэгдмэл болгож байгаа газар нутаг, түүх, хэл, төр, соёл, ёс заншил болон бусад үнэт зүйлийн цогцыг үндэсний ижилсэл гэнэ.
Монголчууд чухамхүү цагаан сарын ёслол, монгол наадмынхаа өдрүүдэд эдгээр язгуур үнэт, амин зүйл дээрээ бие, оюун, сэтгэлээрээ төвлөрч, эелэж, баясаж, бахархаж, улам ихийг бүтээхийн төлөө сэдэлжиж байдаг. Үндэсний ижилслийг бас эх оронч үзэлтэй ямар холбоо, ялгаатайг ч хөндөх учиртай. Эх оронч үзэл нь тухайн улс орны нийгмийг бүрдүүлэгч эд эс нь болсон хувь хүн өөрөө өөрийгөө үзэх үзэл, зан үйлдээ сэтгэл, ухамсартай, эзний ёсоор бүтээлчээр хандах хандлага, эх орон, улс үндэстнээ хайрлах, бахархах, хөгжүүлэх үзэл, үнэмшил, төлөвшлийн цогц гэж хэлж болно. Үүгээрээ эх оронч үзэл нь үндэсний нэгдмэл үнэт зүйлийн илрэл болдог тул түүнийг өдгөө үед иргэний төлөвшлийн нэг чухал үнэт зүйл хэмээн үзнэ.
Шигтгээ 10.
Монгол хүүхэд нялх балчраасаа үндэсний ижилсэл буюу амин чанарын холбоо бүхий ёс заншлаар холбогдсон байдаг. Жишээ нь, “Эх хүн хөнгөрсний гурав хоногийн дараа заавал гэртээ харих ёстой. Энэ заншлын цаадах соёлын утгыг шинжвэл, нялх хүүхэд төрсний дараа 5-7 хоногийн дотор анх нүдээ нээж, юм харна. Тэр үед нялх хүүхдийн хараанд анх монгол гэрийн тооно харагддаг гэнэ. Түүгээр гэрээ таньж, сэрэх болгондоо тооноо хараад гэртээ байна гэж санаа амар болдог гэнэ. Тиймээс нүдээ нээж, тооноо танихаас нь өмнө гэрт нь буцааж байгаа ухаантай юм гэж настан ярьж байна”. Тооноо, тэнгэртэй нь таньсан нялхас гэр орноо төдийгүй, эх орон, үндэстнээ хайрлах, амин чанараа дэлгэх элэг зүрхтэй болно гэсэн үг. Монгол хүний эх оронч үзэл, сэтгэл, амин чанар ийм байдлаар бүрэлдэж эхэлдэг.
Бидний үндэсний ижилсэл, нэгдмэл үнэт зүйл Монголд анхны төр улс бүрэлдэн тогтохоос үүсвэрээ тавьж, түүхэн урт хугацаанд нэг бол тодорч, эсвэл бүдгэрч байдаг зүй тогтолтой аж. Тухайн улс үндэстний ижилсэл, ялгарал нь өөрийн өвөрмөц, тод шинжээ алдвал бусад үндэстэнд уусаж, алга болох аюултай билээ.
“Өнөөдөр дийлэнх судлаачид үндэстнийг улс төрийн категори тухайлбал,өөрөө өөрийгөө захиран засагладаг, тусгаар тогтносон төр улст ард түмэн, эзэн эрхт иргэдийн нийгэмлэг гэж ойлгож, иргэншлээр тодорхойлдог. Монгол улсын иргэн бүхэн нийлж Монгол үндэстнийг бүрдүүлдэг. Үндэстнийг ойлгох иргэнлэг ойлголт, энэ ойлголтод суурилсан үндэсний үзлийг иргэнлэг үндэсний үзэл гэж нэрлэх нь бий. Үндэстэн гэдэг ойлголтыг ингэж тодорхойлохдоо эзэн эрх (sovereignty) гэдэг ухагдахууныг хамгийн түлхүүр ач холбогдолтой гэж боддог. Энд эзэн эрх гэдэг ойлголт нь зөвхөн гадаад улс орноос хараат бус, тусгаар тогтносон байх гэсэн ойлголт төдий бус, харин иргэд улс орныхоо буюу өөрсдийн нийтийн хэргийг хүсэл зоригоороо шийдэх бүрэн эрхтэй эзэн нь байх ёстой гэдэг зарчим шийдвэрлэх учир холбогдолтой. Чухам тиймээс л үндэстний улсууд нь онолын хувьд бүгдээрээ эзэн эрхт иргэдийн нийгэмлэг, иргэд бүгдээрээ нийтээр засаглах төр улсын хэлбэрээр оршдог” гэж үндэстэн, түүний нэгдмэл үнэт зүйлстэй холбогдох асуудлыг доктор Л.Мөнх-Эрдэнэ онцлон тэмдэглэсэн байна. Монгол улс үндэстэн бүрэлдэн тогтох бүтцийн болон соёл, сэтгэл зүйн түүхэн үйл явц Хүннүгийн анхны төр улсын бүрдэл үеэс эхлэлээ тавьж, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний үед төлөвшин тогтсон нь түүхэн эх сурвалж, баримтуудаас харагдаж байна. Энэ нь Эзэн Чингис хааны манлайлсан Их Монгол улс, Эзэнт гүрний үед Монголын нэг нутаг дэвсгэр, хил хязгаар, Монгол угсаат нэг үндэстэн хүн ам, Монгол төр, түүний мөнх тэнгэрийн үзэл, Нүүдлийн сонгодог мал аж ахуй, эдийн засаг, Монголчуудын нэгдмэл бичгийн хэл, нэгдмэл бичмэл хууль (Их засаг), Монгол ёс суртахуун, зан заншил, Их гүрний нийслэл (Хархорум хот), Монгол дипломат ёс, гадаад харилцаа бүрэлдэн тогтсон баримт нь аливаа үндэстэн улсыг тодорхойлдог олон улсын эрх зүйн жишиг, шаардлагыг хангаж байгаагаар нотлогдож байгаа билээ. Ийнхүү Монгол улс үндэстэн бүрэлдэн тогтсоноос хойших 800 гаруй жилд түүхэн олон нугачаа, салаа зам, сорилт, бэрхшээлийг туулж, өдгөөгийн ардчилсан Монгол улс хөгжиж буй нь туйлын бахархалтай үйл хэрэг бөгөөд чухамхүү Монголын ард түмэн, Монгол эх орончдын мятаршгүй тэмцлийн болоод Монголын тусгаар тогтнол хэмээх үнэт зүйлийн гайхамшигт үр дүн юм.
Монголчууд XVI зуунд дорнын соёлын нөлөөнд, XX зууны эхээр өрнийн соёлын нөлөөнд орсон хэдий ч язгуурын болон уламжлалт соёлоо хадгалсаар ирсэн юм.
Гэхдээ даяаршлын эрин үед амьдарч буй бид үндэснийхээ соёлыг уламжлан хамгаалахаас гадна, соёл хоорондын харилцаа холбоог танин мэдэх, дасан зохицох шүтэн барилдлагыг ухаарах чухал болоод байгаа юм. Израилийн түүхч Юваль Ноа Харари аль нэг үндэстэн өөрийн соёл, түүхийн онцлогоо хэт дөвийлгөх үндсэрхэг үзлээс илүү өнөөгийн хүн төрөлхтөнд цөмийн зэвсэг, уур амьсгалын өөрчлөлт, технологийн тэсрэлт гэсэн гурван том эрсдэл байгааг сануулжээ. Өөрөөр хэлбэл, үндэсний үнэт зүйлсээ эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ нийт хүн төрөлхтний болон бусад үндэстний үнэт зүйлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
Монголчуудын соёлын үнэт зүйл бол түүхийн урт хугацааны туршид ард түмний оюун сэтгэлгээнээс урган гарч, уламжлагдан баяжиж, гээгдэж мартагдах, улмаар дахин шинээр үүсэх зэрэг соёлын амьд зүй тогтлын дагуу эдүгээд дамжин өвлөгдөж ирсэн байна. Тиймээс монголчуудын соёлын үнэт зүйл нь маш өргөн хүрээг хамарсан ойлголт юм.
Монголчууд хэдэн мянган жилийн тэртээгээс нүүдлийн мал аж ахуй эрхлэн, жилийн дөрвөн улиралд ээлжлэн нүүдэллэж, өвс ургамлын шимтэйг, ус горхины тунгалагийг шилэн таван хошуу малаа адгуулж, аж амьдрал, ахуй соёлоо оюун сэтгэлгээ, ардын аман өв уламжлал, билиг оюундаа тээж ирсэн ард түмэн. Энэ нь дан ганц мал хариулах арга ухаан, байгалийг таних мэдлэгийн асуудал биш. Монголчуудын соёлын тогтолцоог бүтээж буй технологи буюу уламжлалт амьдрах арга ухааныг багтаана.
Нүүдлийн иргэншлийн ахуй, ертөнцийг үзэх үзэл, оюун сэтгэлгээний мөн чанараас улбаалж тогтсон үндэсний язгуур соёлын хэлбэрүүд өнөө үед ч хадгалагдсаар байна. Үүнд, монголчуудын ёс суртахуун, гоо зүй, уран сайхан, урлаг хийгээд бусад оюуны өв соёлын бэлгэдэл болсон ардын зан үйл, баяр наадам, тэмдэглэлт үйл явдал, ахас ихэсээ хүндэтгэх ёс, байгаль дэлхийтэй харилцах арга ухаан, цаашлаад хүнийг хүн болгон төлөвшүүлэх соёлын үнэт чанарууд оршиж байдаг.
Шигтгээ 11.
Монгол ёс заншил, түүх, соёл, өв уламжлалтай холбоотой бүхнийг мартагнуулах бүдгэрүүлэх, уусгах, үгүй хийх аливаа оролдлогыг таслан зогсоож, иргэн бүр монгол хүн байхын тулд, Монголоо мэдрэхийн тулд, бахархахын тулд өөрөө хэн бэ, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ, юу хийж бүтээсэн бэ, юу үлдээх вэ гэдгийг өөрөөсөө асуугаад, бусадтай харьцуулан сэтгэл, зүтгэл гаргаж ажиллах нь зохистой юм.
Ахмадуудын зүгээс залуучууд гадны соёлын түрлэг, нөлөөлөлд автах, өөрийн үндэсний зүйлээ үгүйсгэх хандлагад автах шинж илэрч байгааг дурдсан байдаг. Иймд гадаадыг шүтэх, гадны үзэл суртлыг авах гээхийн ухаанаар эргэцүүлэлгүйгээр хуулбарлахаас болгоомжилж, үндэсний түүх, соёл, амьдрах ухааны арга технологийг уламжлуулан төлөвшүүлэх шаардлагатай болжээ.
Үнэт зүйлийг нийгэмд төлөвшүүлэхэд цаг ямагт анхаарч байхыг тодотгоод бусад орны соёлын хандлагатай харьцуулж үзсэн байна. Жишээ нь, Герман хүн, япон хүн гэсэн нийтлэг ойлголт, төсөөлөл тогтож бий болоход үнэт зүйл нь тодорхойлогч шинжтэй байдаг. Энэ нь соёлын болон үндэсний онцлогийг тодорхойлох шинж байсан гэдэг нь нотлогдож байгаа тул бусад орнууд ч үлгэр жишээ болгон ярьдаг байна. Мөн өнөөгийн Монгол хүний үнэлэмжийн өөрчлөлтөд нөлөөлж буй гадаад хүчин зүйлсэд даяаршил, баруунчлал, харийн соёлын түрэлт гэх мэтийг тэмдэглэсэн байна.
Их сургуулийн удирдлагад олон жил ажилласан эрдэмтэн шинжээч монголчуудын үнэт зүйлийг дараах байдлаар томьёолж болно гэжээ. Үүнд: “Тусгаар Монгол Улсын хамгийн үнэт эрдэнэ (зүйл) нь: нэгд, Монгол хүн, түүний оюун билиг, хоёрт, монгол төр, түүний тусгаар тогтнол, гуравд, монгол газар нутаг, түүний эрдэнэт баялаг, дөрөвд, монгол соёл иргэншил, түүний өв дархлаа мөн хэмээн томьёолж тодорхойлж болох юм”.
Нийгмийн ёс суртахуун, эдийн засаг, шашин, урлаг, соёл, улс төрийн нийтлэг үнэт зүйлсийг дараах байдлаар эрэмбэлж болно.
Монгол орон XX зууны эхэн үеэс өрнө дахины соёл-иргэншлийн хөгжлийн замналд татагдан орсон нь түүхэн зүй ёсны үйл явц мөн боловч, үүнийг хэрэгжүүлэхдээ өөрийн соёлын их сан хөмрөгийг хэт үгүйсгэх, түрэмгийлэн устгах арга зам туйлширсан түүх бий. Иймд түүхийн сургамжийг санаж, өнөө ба ирээдүйн монгол хүн, монгол соёл ямар байх загвар төсөөллийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулахад үндэсний үнэт зүйлээ судлахын нэгэн ач холбогдол оршиж байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА АРГА ЗҮЙГ ТХ-ИЙН ЗОРИЛГУУДТАЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Байгалийн нөөцийг ашиглах, хамгаалах | |
Хүнсний бүтээгдэхүүний тэжээллэг чанар, хэрэгцээтэй хоол хүнс | |
Энх тайванч болон хүчирхийллийн бус соёл, дэлхийн иргэншил болон соёлын олон янз байдал, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмэр, мэдлэг, ур чадварыг эзэмших | |
Айл өрх болон гэр бүлд хариуцлагыг тэнцвэржүүлэх нөхцөлийг үндэсний онцлогийг харгалзан сайжруулах | |
Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах, хадгалах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх | |
Нийгмийн бүх давхаргын төлөөллийн оролцоотой, хариуцлагатай шийдвэр гаргах тогтолцоог бүх шатанд нэвтрүүлэх |