СЭДЭВ 1. ЦАГ АГААР, УУР АМЬСГАЛЫН ЯЛГАА


Сүүлийн 170 жилд дэлхийн гадаргуу дээрх температур 1.09 хувиар өссөн байхад Монголд сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин их байна гэсэн үг. Үүний улмаас Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, 45 хувь нь хүнд болон нэн хүнд хэлбэрээр цөлжсөн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын
26 дугаар бага хурлын урьдчилсан хэлэлцүүлэг. 2021.10.21

Чиглүүлэх асуултууд:

  • Уур амьсгал гэж юу вэ?
  • Уур амьсгал болон цаг агаарын ялгаа юу вэ?
  • Монгол орны уур амьсгалын онцлог
  • Монгол орны газарзүйн байрлалын уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл 

Түлхүүр үг: уур амьсгал, цаг агаар, агаарын даралт, байгал, газар зүйн байрлал

Бие даан болон хамтран гүйцэтгэх үйл ажиллагаа: 

  1. Уур амьсгал гэж юу вэ? гэсэн асуултын дагуу хүн бүр богино эргэцүүлэл бичих эсвэл зурах даалгаврын аль нэгийг сонгож гүйцэтгэнэ.
  2. Оролцогчдын тооноос хамааран хөзөр эсвэл өнгийн цаас сугалах аргаар 4 хүнтэй багт хуваан баг тус бүр унших материалд заасан уур амьсгал болон цаг агаар сэдвийн аль нэгийг сонгон авч бэлдсэн агуулгын дагуу танилцуулга бэлтгэнэ.

1-р баг: Уур амьсгал гэж юу вэ? 
2-р баг: Цаг агаар гэж юу вэ? 
3-р баг: Цаг агаар болон уур амьсгалын ялгаатай онцлог байдал
4-р баг: Монгол орны газарзүйн байрлалын уур амьсгалд үзүүлэх нөлөөлөл 
5-р баг: Монгол орны уур амьсгал цаг агаарын онцлог байдал

  1. Чиний аж амьдралд цаг агаар хэр их нөлөөлдөг вэ? Өдөр тутамдаа өмсөх хувцсаа тохируулахаас эхлээд мал сүргээ хааш нь бэлчээх, тарьсан ногоогоо услах, аялал зугаалга хийх, цаг уурын аюултай үзэгдлээс хамгаалах зэргээр цаг агаарын мэдээг өдөр тутмын амьдралдаа ашиглах нь ямар эрсдэлээс сэргийлэх талаар жишээ бэлдэж, багтаа танилцуулаарай.
  2. Цаг агаарын мэдээллийг эрчим хүч, барилга, нисэх тээвэр, усан тээвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуйд ашиглахгүй бол ямар хүндрэл учирч болох талаар өөрийн мэдэх нэг нэг жишээг бичнэ үү. 

АЛХАМ 1. ДААЛГАВАРТАЙ ТАНИЛЦАХ, БҮЛЭГТ ХУВААГДАХ

  • Хөзөр эсвэл өнгийн цаас сугалах аргаар багт хуваагдаж, баг тус бүр уншиж судлах материалуудыг сонгон авна. Багш сонгосон агуулгын талаар танилцуулга бэлтгэх даалгаврыг гүйцэтгэх арга, аргачлалыг танилцуулна. 
  • Багш сургалтад оролцогчдод даалгаврын зорилго болон даалгавар гүйцэтгэсний дараа ямар үр дүнд хүрэхийг танилцуулна. Оролцогчид өмнөх мэдлэгээ эргэн санах, мөн шинэ мэдлэг, ойлголтыг олж авна. Багш цаг агаар, уур амьсгалын талаар өөрийн амьдралд тохиолдсон бодит жишээг бусадтайгаа хуваалцах сэтгэгдэл бичих, зурах боломжийг бүрдүүлж стикер цаас тараан өгнө. Дараа нь сурагчдын гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаар жишээг бүлэглэх, эрэмбэлэх замаар бүлгийн хэлэлцүүлэг хийх, цаашид уур амьсгалын тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай сэдвийг боловсруулж, багуудад асуултыг хуваарилна. 

АЛХАМ 2. БАГААР ХАМТРАН СУРАЛЦАХ, ОРОЛЦОГЧДЫН ХАРИЛЦАХ ХАМТРАХ ҮЙЛИЙГ ХЯНАХ

  • Багш багуудад том цаас тарааж өгнө.
  • Баг бүрд сонгосон асуудлын хүрээнд хялбаршуулсан мэдээллийг өгнө.
  • Баг бүр сонгон авсан агуулгын талаар танилцуулга бэлтгэнэ.
  • Даалгавраа гүйцэтгэсний дараа тэд хэрхэн хийсэн болон ямар дүгнэлт, үр дүнд хүрснээ тайлбарлан хэлэлцүүлнэ.

АЛХАМ 3. СУРСНАА ДҮГНЭХ, ОРОЛЦОГЧДЫН ХУВЬ НЭМРИЙГ ХЭМЖИХ

Тоглоом тоглох

Цаг агаарын үзэгдлийг харуулсан картыг ашиглан тоглоно. Тоглоом удирдагч 2 хүн байна. Бусад нь зураг зурж оролцоно.

Тоглоом удирдагч. Картыг хослуулан үзүүлж, цаг агаарын мэдээ гаргана. Жишээ нь: Нартай, цэлмэг, халуун гэх мэт
Оролцогч. Цаг агаарын мэдээнд тохируулж өмсөх хувцсаа зурж эсвэл бичиж үзүүлнэ. Хувцсаа тохируулж өмсөхгүй бол эрүүл мэндэд ямар нөлөөтэй болох талаар ярилцана.

АЛХАМ 4. ҮНЭЛЭХ ДААЛГАВАР

 

Нийтлэсэн: user 2023-04-20 06:00:57