ХИЧЭЭЛИЙН ЯВЦ


Үйл ажиллагаа 1. Булгийн усыг хамгаалах арга замыг тодорхойлох

АЛХАМ 1. Тулгамдаж буй асуудлыг тодорхойлно

1. Нөөц хэрэглэгдэхүүн 1.1-ийг  уншаад дараах хүснэгтийг нөхөж бичээрэй.

Он 2006 2013 2017
Элсний хэмжээ      

Нөөц хэрэглэгдэхүүн 1.1. Элсний нүүдлийн тухай

Цөлжилт, газрын доройтлыг олон янзаар тодорхойлдог ба үүнд элсний нүүдэл, хөдөлгөөн чухал байр суурийг эзэлдэг. (UNCCD,2014). 1940 оноос хойш дэлхийн томоохон элсэн цөл бүхий нутагт энэхүү асуудал хурцаар тулгарч, түүний учир шалтгааныг судлахад анхаарал хандуулж ирсэн байдаг (Bagnold, 1941).

Шилүүстэйн гол нь Жаргалант-Тарнын голын дагуух элсний зүүн хөвөөгөөр 20 орчим километр үргэлжилдэг. Жаргалант-Тарнын голын дагуух элсний нүүдэл хөдөлгөөнийг ЛАНДСАТ 7.8 хиймэл дагуулын  үр дүнгээс үзвэл 2006 онд 330 км2 талбай бүхий элс 2013 онд 325.9 км2 байсан бол 2017 онд 379.8 км2 болж, шинээр элсжих нь нэмэгдэх хандлагатай байна. Судалгаанд хамрагдсан талбайн орчимд хур тунадасны хэмжээ багассан, хүчтэй салхи, шуурганы давтамж ихэссэн. Зуны улиралд Тарнын голыг дагаж хүн мал ихээр төвлөрч бут сөөг, бургасыг түлшинд их хэмжээгээр хэрэглэсэн зэрэг нь байгаль цаг уурын болон хүний үйл ажиллагаатай холбоотой хэмээн таамаглаж байна.

Эх сурвалж: Геофорум сэтгүүл дугаар  06.2019/02 УБ., Элсэн орчны өөрчлөлтийг зайнаас тандан судалгааны аргаар тодорхойлох нь О.Ишцог,  Н.Мандах

Жаргалант-Тарнын голын дагуух элсний ойр орчимд байх булаг, шанд нуур, цөөрөм бүхэлдээ элсэнд хучигдах аюул тулгарч байна.

2. Нөөц хэрэглэгдэхүүн 1.2 дахь гурван тохиолдлыг уншаад, орон нутгийн иргэдэд тулгарч буй асуудлыг жагсаан бичнэ үү? 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.2. Булаг шандын талаарх өнөөгийн нөхцөл байдал

Булаг шандын талаарх өнөөгийн нөхцөл байдал:

Ш... голын энэ хэсэгт олон өрх айл нутаглаж, хүн, мал бүгдээрээ энэ булгаас ундаалж байна. Булгийн эх жил ирэх тусам багасаад байна. Энэ булаг байхгүй бол ойрын хавийн нуур цөөрөм бүгд ширгэх аюултай. (Малчин С)

Ш... голын энэ хэсэгт 12 өрх айлын 9000 бог, 1000 бод мал уг булгаас ундаалдаг. Элсний нүүдлээс болж булгийн эх ундарга дарагдах аюул тулгараад байна. (Багийн засаг дарга)

Ш... гол элсэрхэг зөөлөн хөрстэй. Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын нөлөө бас хүний буруутай үйл ажиллагаа, малын тоо толгойн өсөлтөөс хамаарч цөлжилт буюу элсний нүүдэл эрчимтэй явагдаж байна. Булгийн орчны зүлэг халцгайрч, булгийн эх элсний нүүдэлд дарагдахад хүрээд байна. (Байгаль хамгаалагч)

3. Булгийн эх, хажуугийн зүлэг, хөрсний эвдрэл, элсний нүүдэл зэргийг харуулсан зураг (нөөц хэрэглэгдэхүүн 1.3) болон нөөц хэрэглэгдэхүүн 1.4- ийг ашиглаад одоогоос 10 жилийн дараа булгийн ойр орчин, орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа ямар байх талаар төсөөлж, санал бодлоо “Т” хүснэгтэд бичээрэй. 

Ш... голын байгаль орчны тулгамдаж буй асуудал юу байна вэ? Орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа ямар байх хэрэгтэй вэ?
Цөлжилтөөс үүдэлтэйгээр булгийн эх дарагдах
  • Цаг агаарын дулаарал
  • Цөлжих үйл явц
  • Элсний нүүдэл
  • Шороон шуурга
 

Нөөц хэрэглэгдэхүүн 1.3. Булгийн ойр орчмын зураг

Булаг хоёр эх ундаргатай. Эх ундаргыг тойруулан 20:30 м шургааг модоор хашаа тойруулан барьсан. Булгийн эхийг тойруулан барьсан хашаанаас элсний нүүдэл 40 метрийн зайтай байна. Жил бүр булгийн хамгаалалтын хашаа руу элсжилт/ цөлжилт ойртож байна гэж нутгийн иргэд ярьжээ.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.4. Булгийн эхийг хамгаалах уламжлалт болон албан хэм хэмжээ 

Багшийн чиглүүлэг, дэмжлэг 

Багш дараах чиглэлээр мэдээлэл өгч суралцах үйл явцад дэмжлэг үзүүлнэ.

Цөлжилт нь тухайн бүс нутгийн хөрсний байдлаас хамаарч ялгаатай байдлаар үргэлжилдэг. Голчлон хөрсний алдагдал, давсжилт, элсжилт гэсэн гурван байдлаар илэрдэг байна. Манай орны хувьд эдгээрээс хөрсний элсжилт нь түгээмэл бөгөөд элсжилт гэдэг нь элс нүүж, газрын хөрсийг элэгдэлд ордог талаар багш тайлбарлаж өгнө.

Монгол улсад эрчимжиж буй цөлжилт нь хүний, байгалийн гэсэн 2 хүчин зүйлээс бий болдог. Цөлжилтөд нөлөөлөх хүний хүчин зүйл нь 87 хувь байхад байгалийн хүчин зүйл нь 13 хувийг эзэлж байна.

Бидний сонгож буй дээрх тохиолдолд байгалийн болон хүний хүчин зүйлийн аль илүү нөлөөлсөн бэ?

  1. Орон нутгийн иргэдийн амьдралын хэв маяг, эдийн засгийн байдал, газар зүйн байршилдаа тохируулан, байгаль орчин, ус, ургамлыг хамгаалж ирсэн уламжлалтай талаар ярилцана.
  2. Хүн ам, малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн хомсдол бий болж, нэг газраа удаан нутаглаж хүн малын төвлөрөл бий болсон нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар ярилцана.
  3. 2017, 2018, 2019, 2021 оны зуны улирал бүрд хур тундасны хэмжээ бага, өвөлдөө хуурай хүйтэн, хавартаа хүчтэй салхи шуурга гэх мэт байгалийн хүчин зүйл олон удаа тохиолдсон нь цөлжилтөд нөлөөлж буй талаар ярилцана.

Мөн багш хүний буруутай үйл ажилллагааны нөлөөгөөр нийт бэлчээрийн 70 хувь нь талхлагдаад байгааг дэлгэрүүлэн тайлбарлаж болох юм. Үүнд:

Бэлчээрийн даац хэтрэлт          - Усны нөөцийн хомсдол
Сүргийн бүтцийн өөрчлөлт        - Түлшний модны зохисгүй хэрэглээ гэх мэт

Иймээс хүний үйл ажиллагаа нь элсжилт/цөлжилтийн үйл явц бүрэлдэх гол хүчин зүйл болдог гэдгийг дүгнэх нь чухал байна.

АЛХАМ 2. Асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулна.

Багш сургалтад оролцогчдод дараах асуултыг тавьж, хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэнэ.

Булгийн ойр орчмын байгаль орчныг хамгаалах, элсний нүүдлийг сааруулах ямар  арга зам байж болох вэ?

Сургалтад оролцогчид янз бүрийн санал гаргаж болно. Тухайлбал:

  1. Цөлжилтийг багасгах хамгийн энгийн арга бол мод тарих гэж тайлбарлаж болно. Эрдэмтдийн үзэж байгаагаар 100 га талбайг ойжуулахад хур тунадас татах боломжтой ажээ. Мод хөрсийг шаардлагатай чийг, амин дэмээр үргэлж тэтгэж байдаг. Мод тарьж ургуулснаар элсний нүүдлийг зогсоож, ургамал ургах нөхцөлийг бүрдүүлж, газрын чийгийг хадгалдаг гэж үздэг гэх мэт.
  2. Булгийн ус хэрэглээ ихтэй тул хамгаалалтын хашаа эвдрэх эрсдэлтэй. Хашааг засварлах шаардлагатай гэж бас нэг хэсэг оролцогчид тайлбар өгч болно.

Багш сургалтад оролцогчдын саналыг нэгтгэж, асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө боловсруулах даалгавар өгнө. Тухайлбал, төлөвлөгөөндөө булгийн эхийг хамгаалсан хашааг засварлах, мод тарих гэж тусгасан бол нөөц хэрэглэгдэхүүн 1.5- ыг тараан өгч санхүүгийн зардлын тооцоолол хийлгэнэ.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.5. Булгийг эхийг хамгаалах хашааг засварлах, мод тарих зардлыг тооцоолоорой.

 Хашаа барих материал Нэгж үнэ (ш) Хэмжээ (м) Нийт талбай (м) Нийт тоо (ш) Нийт үнэ
1 Шургаа мод 12000 3 150 300  
2 Шон 7000 1.7   110  
3 Төмөр утас 50000     3  
4 Мод суулгац 3000     50  
5 Нийт зардал          

Тооцолол хийх үед дараах асуултууд гарч болно. Үүнд: Хашааны шон ямар хэлбэрийн байвал зохимжтой вэ? Дараах А, Б, В дугаартай хашааны шонгоос алийг нь сонгох вэ?

Монголчууд булгийн эх ундарга дээр дараах зүйлийг цээрлэдэг.

  • Булгийн эхэнд нүх ухахгүй байх
  • Булгийн эхээр гадас, шон зоохгүй байх
  • Булгийн ойр орчмыг халцлахгүй байх

Иймд аль дугаартай шонг ашиглах вэ? Хэрэв А шонг газарт сонговол нүх ухахгүйгээр тогтоох боломжтой, харин Б, В шонг заавал нүх ухаж тогтоох боломжтой, шонгийн орчмын газар халцлах магадлалтай. Газрын хөрсөндөө ямар сөрөг нөлөөтэй эсэхийг ярилцах хэрэгтэй. А, Б, В шонгийн аль нь дээрх цээрийг зөрчихгүй байна вэ?

 Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Багшийн анхаарах асуудал:

  1. Орон нутгийн зарим иргэд уул, ус, газар, шороог эзэнтэй, амьтай хэмээн үзэж, тодорхой зан үйл хорио цээрийг өнөөг хүртэл дагаж мөрдөж байна. Байгаль хамгаалах уламжлалт соёлын ойлголт, үнэ цэнэ, итгэл үнэмшил, үнэт зүйлтэй, орчин үеийн байгаль орчинд ээлтэй санал санаачилгыг хослуулан ус, ургамал, амьтныг хайрлах ухамсар, соёлыг орон нутгийн нийт иргэд бий болгоход агуулга, арга зүйг чиглүүлнэ.
  2. Сургалтад оролцогч хүүхдүүдийн соёлын ялгаатай байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй. Жишээ нь, Хотын хүүхдэд хөдөө амьдардаг хүүхэд байгаль, ундны ус хамгаалах соёлыг талаар танилцуулж, ярилцаж болох юм. Хүүхдүүд эх сурвалж ашиглан судалж буй угсаатны газрын зураг дээр аймаг, гол мөрөн, уулс гэх мэт мэдээлэл бүхий наалт нааж болно. Дараа нь хүүхдүүд ‘... аймаг, нутаг дахь нэг өдөр’ гарчигтай тохиолдол бичвэрийг уншин дасгалыг гүйцэтгэж болно.

 АЛХАМ 3. Булгийн эхийг хамгаалсан хашааг засварлана.

Багш оролцогчдод сонголт хийх, багаар ажиллах боломжийг бүрдүүлнэ. Хашааг засварлах технологийн дараалал болон аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулна. Жишээ нь: Технологийн горим: Хашааны шонгийн урт нь 4 метр, шон хоорондын зай 50 см зайтай байна гэх мэт.

Оролцогчид дүрмийг өөрсдөө зохиож болно.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.6. Булгийн эхийг хамгаалсан хашааны загвар

 Багшийн чиглүүлэг, дэмжлэг

Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх шаардлага бидэнд зайлшгүй тулгарч байна. Иймд бусад орны туршлагаас судлах хэрэгтэй. Цөлжилтөд нэрвэгдсэн улс орон бүр өөр өөрсдийн онцлогтоо тулгуурлан түүнтэй тэмцэж байна. Тухайлбал: Хятад улс мод тарих, хиймэл баян бүрдүүд байгуулах, Израйл улс цөлд тэсвэртэй ургамал тариалан тэндээсээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлж, ашиг олох замаар цөлжилттэй тэмцэж байна. Алжир, Тунис, Марокко зэрэг хойд Африкийн улс орнууд тэмээний аж ахуйг түлхүү хөгжүүлж байгаа бол Австрали, АНУ нь өөрсдийн техникийн чадамж, эдийн засгийн хүчирхэг байдлаа ашиглан цөлжилттэй тэмцэж байна. Намир, Нигер улсууд цөлжилтөд өртсөн болон уул уурхайн үйл ажиллагаанд нэрвэгдсэн орон нутгаа олон нийт, иргэдэд шилжүүлж газрын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд цөлжилтийг бууруулж байна.

Оролцогчдод дараах асуултыг дэвшүүлж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Булгаас 200 метрээс дотогш яагаад амьдарч болохгүй вэ? Бид булгийн эхийг яагаад хаших, хамгаалах ёстой вэ? Хүн бүр яагаад булгийн эхийг хашсан хашааг арчилж тордох ёстой вэ? Булгийн эхийг хамгаалахад миний хийж чадах зүйл юу вэ? гэх мэт.

АЛХАМ 4. Хэрэгжүүлсэн үр дүнгээ үнэлж дүгнэж, танилцуулна.
Багийн гишүүд сонгож авсан чиглэлээр танилцуулга бэлтгэж, бусдад тайлбарлана.

Нөөц хэрэглэгдэхүүн 1.7. Орон нутгийн иргэдийн булгийн эхийг хайрлах, хамгаалах ухамсар соёлын өөрчлөлт ба үйл ажиллагааны хамаарал

Багшийн чиглүүлэг, дүгнэлт

Соёл нь эрт дээр үеэс дорно, өрнийн мэргэдийн анхаарлыг татсаар ирсэн өргөн утгатай ойлголт юм. Эртний соён гэгээрүүлэгч Платон “... соёл бол тодорхой орон зай, цаг хугацааны явцад бий болсон оюуны үнэт бүтээлийн тодорхой үр дүн мөн” харин Ф.Б.Тейлор “Хүний итгэл үнэмшил, ёс суртахуун, эрх зүйн хэм хэмжээ, өвлөн авсан ёс заншил, эзэмшсэн мэдлэг боловсрол, бүхий л ур чадвар, чадамжуудыг соёл хэмээн тодорхойлж болно” гэжээ.

Соёлын олон янз байдал нь дэлхий дахинд өөр өөр байдлаар ашгаа өгч байна. Соёлын нэр томьёо болгоныг тодорхой, тодорхой биш олон янз байдлаар тодорхойлсоор иржээ. ЮНЕСКО-ийн тодорхойлсноор: Соёл гэдгийг нийгмийн гишүүн байхдаа олж авдаг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль тогтоомж, ёс заншил болон чадвар, дадал зуршлын цогц байдал хэмээжээ.

Аль нэг  хүн, угсаатан, улсын соёлыг нөгөө хүн, угсаатан, улсын соёлоос аль нэгийг илүү эсвэл дутуу гэж үзэж болохгүй. Тухайн газар орон бүрд өөрийн хэл, шашин шүтлэг, баяр, зан заншил бүхий хүн амын нэгдэл амьдардаг болохыг бид анхаарч үзэх ёстой. Тэдний соёлын олон янз байдал бидний оршин буй дэлхий, хүн, амьтан, ургамалд эерэг нөлөө үзүүлэх нь олонтаа. Ийм учраас монголчууд бусдын соёлыг хүндэтгэн үзэх учиртайг “Усыг нь уувал ёсыг нь дага” хэмээх сургаал үгээр зүйрлүүлэн хэлж сургажээ. Угсаатан бол тухайн хүмүүсийн соёлын онцлог байдлаар бүрэлдэн тогтсон нийгмийн бүтэц юм. Тухайн хүний онцлог, түүний гэр бүл, хамт олон, бүлгийн зан үйлээс хамааралтай болох нь ажиглагддаг.

Соёлын олон янз байдал бидний амьдралд чухал үүрэг гүйцэтгэж буй нь янз бүрийн амьдралын төлөвлөгөө, арга барил, амьдралын хэв маяг, практикаас сонголт хийх байдлаас харагдана. Тиймээс соёлын олон янз байдлыг аюул занал учруулна гэхээсээ илүү соёлыг баяжуулах, хөгжүүлэх ач холбогдолтой гэдгийг тайлбарлах ёстой. Бид соёлын ялгаанаас айх хэрэггүй, харин нэг бүхэллэг зүйл гэж ойлгож харилцан бие биеэсээ суралцах нь чухал. Соёлын олон янз байдал нь ертөнцийг илүү өнгөлөг болгож, олон янзын загвар,  өргөн сонголт хийх эрх чөлөөг олгодог болохыг оролцогчдод тайлбарлаж, ухааруулаарай. 

Нийтлэсэн: admin 2023-04-25 06:42:14