ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Хүний эрхийн тухай анхны ойлголтыг эртний Вавилоны Хаммурапийн хуульд, Хуучин гэрээ (МЭӨ 1200-100), Күнзийн сургаал (МЭӨ 551-479), Шинэ гэрээ (МЭӨ 40-100), Коран судар (МЭӨ 644-645), цаашлаад Магна Харта (1215), Вестфалийн гэрээ (1648), АНУ-ын тусгаар тогтнолын тунхаг бичиг, Францын хүн ба иргэний эрхийн тунхаглал зэрэг баримт бичгүүдэд тусгаж өгсөн.
- Хүний эрх хэмээх ойлголт хүн төрөлхтнийг аливаа төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байх боломж гэсэн утга санааг илэрхийлж, мөн тэр хэмжээгээрээ ийм боломжийг хүн төрөлхтөнд олгосон юм.
- Хүүхдийн эрхийн боловсрол (children’s rights education) гэдэг ойлголт нь нэгдүгээрт, чанартай боловсрол, хоёрдугаарт, хүний эрхийн боловсрол, гуравдугаарт, эрхэд суурилсан боловсрол гэсэн ойлголтуудаар дамжин илэрдэг.
Хүүхэд бүрийн төлөө үйлчилдэг, хүүхэд бүрд өөрийн чадавх, боломжийг бүрэн нээж ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг боловсролыг чанартай боловсрол (quality education) (НҮБХС, Бүх нийтийн боловсрол дахь хүний эрхэд суурилсан хандлага, 2007) гэж тодорхойлсон нь боловсрол эзэмших явдал зөвхөн хувь хүнээс шалтгаалахгүй, тухайн үеийн сурах орчин нөхцөл, сургуулийн харилцаанд оролцогчдоос хамаардгийг илэрхийлжээ.
- Судлаачид хүний эрх ба боловсрол хоёрын харилцааг дараах гурван үндсэн хандлагаар (Б, 2008) тодорхойлдог. Үүнд:
Нэгдүгээрт, сурч боловсрох эрх (right to education). Юуны өмнө сурч боловсрох үйл нь хүний үндсэн эрх, эрх чөлөө мөн.
Хоёрдугаарт, боловсролоор хүний эрхийг олгох (human rights through education). Энэ нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, үзэл санааг боловсролын арга хэлбэрээр дамжуулан нийгэмд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий үйл явцыг тэмдэглэсэн ойлголт юм. Өөрөөр хэлбэл, аливаа сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээ зэрэг бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн мөрдөх, дээдлэх хандлагыг тухайн шатны суралцагчдад бий болгохыг эрмэлзэх явдал юм.
Гуравдугаарт, боловсрол дахь хүний эрх (human rights in education). Боловсролын үйл ажиллагаа нь тухайн харилцаанд оролцогчдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрхээ эдлэх баталгааг хангах ёстой юм. Ялангуяа, сургалтын үйл явцад боловсролын харилцааны гол субъектууд болох сурагчид, хүүхэд, өсвөр үеийнхэн өөрийн эрх, эрх чөлөөгөө бүрэн эдэлж, аливаа зөрчил, халдлага, дарамт, ялгаварлан гадуурхалт зэргээс ангид байх ёстой гэсэн үг.
Иймд эдгээр хандлагуудыг нэгтгэн “Хүний эрхийн боловсрол” (human rights education) хэмээх үзэл баримтлалын агуулгыг гаргаж ирж болно. Хүний эрхийн боловсрол нь өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, зөв шударгаар үйлдэх зэрэг үнэт зүйлсийг боловсролын арга хэлбэрээр дамжуулан нийгмийн гишүүдэд түгээх үйл явц мөн.