УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

Хүний эрх (Human right) гэдэг нь хүн бүрд заяагдсан үндсэн эрх, эрх чөлөөг хэлнэ. Энэ нь хувь хүн бусадтай болон нийгэм, төртэй хэрхэн харилцах, төр хүний эрхийг хэрхэн хамгаалахыг тодорхойлдог. Хүний эрхийн зарчим гэдэгт:

Хүний эрх-түгээмэл, салшгүй байх.
Хүний эрх нь хүн бүрийн эрхэм зэрэг, үнэ цэнийг хүндэтгэх байдалд тулгуурладаг. Тиймээс хүний эрх бүх хүнд хамааралтай. Аливаа хүн хууль зөрчиж, мөн хуульд заасан үндэслэлээр эрхээ хязгаарлуулахаас бусад тохиолдолд, эрхийг нь салган авах ёсгүй.


Хүний эрх-харилцан хамааралтай, хуваагдашгүй.
Хүний эрх нь хүн бүрд хамаатай бөгөөд хэн нэгэн бусдаасаа давуу байх боломжгүй юм. Аливаа эрхээ эдлэх нь бусад эрхээ хэрхэн эдэлж буйгаас шууд хамааралтай. Үүний хамт аль нэгэн эрхийг зөрчих нь мөн бусад эрхэд сөргөөр нөлөөлнө. Аль нэг эрхийн хүртээмжийг нэмэгдүүлснээр бусад эрхэд эерэгээр нөлөөлнө.


Хүний эрх-тэгш бөгөөд ялгаварлан гадуурхалгүй байна.
Хүн бүр төрж мэндлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй байдаг. Хүн бүр эрхээ эрх тэгш, яс үндэс, арьс өнгө, нас хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа, бусад ялгааг үл харгалзан адилхан эдлэх ёстой.

 
Хүний эрх-эрх үүргийн нэгдэл байна.
Хүний эрх нь хүн бүрд хамаатайн адил хүн бүрийн үүрэг хариуцлага байна. Хүн бусадтай харилцахдаа, нэг бүлэг, нөгөө бүлэгтэй харилцахдаа эрх үүргийн харилцаанд ордог. Ялангуяа олон улсын хүний эрхийн хуульд зааснаар төр нь хүний эрхийг хангаж хамгаалах үүрэг хариуцлагыг өөртөө хүлээдэг. 


Бид яагаад хүний эрхийг судлах ёстой вэ?
Хүний эрх гэж хүн болохынхоо хувьд эрх чөлөөтэй, амар тайван амьдрахад шаардлагатай суурь стандартууд юм. Хүний эрхүүд нь хоорондоо салшгүй, нягт уялдаа холбоотой бөгөөд нэг нь нөгөөдөө нөлөөлж байдаг.  Хүний аль нэг эрхийг нь хангахгүй орхивол нөгөө эрхэд нь сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, Хүн сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй бол нийгмийн амьдралд оролцож чадахгүй, үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлж чадахгүй гэх мэт.


Ямар эрхүүд байдаг вэ?
Иргэний болон улс төрийн эрх: Амьд явах, халдашгүй дархан байх, иргэний харъяалалтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, баримтлах, шашин шүтэх эс шүтэх, төрийн үйл хэрэгт оролцох, сонгох сонгогдох, эрх зүйн чадвартай байх, нийгэм, төрөөр хамгаалуулах гэх мэт.
Эдийн засаг, нийгэм соёлын эрх: Сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ажил хаях, эрүүл мэндээ хамгаалуулах, соёлын амьдралд оролцох, шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, хэрэглэх, өөрийн бүтээлтэй холбогдсон ашиг сонирхлоо хамгаалуулах гэх мэт эрхүүд багтана.

Хүний эрхийг хэрхэн баталгаажуулсан бэ?
  Нэгдсэн үндэсний байгууллагаас 1948 онд “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ыг батлан гаргасан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын бүх заалтыг гишүүн улс орнуудад уриалсан нь хүн төрөлхтөн нийтээрээ хүлээн зөвшөөрсөн хүний эрхийг баталгаажуулсан анхны баримт бичиг юм. Тунхаглалыг дагалдан хүний эрхийн 2 суурь гэрээг 1966 онд НҮБ-аас баталжээ.
  Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт-д: амьд явах, эрх чөлөөтэй байх,  үзэл бодлоо илэрхийлэх, хуулийн өмнө эрх тэгш байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зэрэг эрхийг баталгаажуулсан байна. 
  Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын Пакт-д: нийгэм, соёлын амьдралд оролцох эрх, сурч боловсрох, хөдөлмөрлөх,  эрүүл мэндээ хамгаалуулах, хэл соёлоо хамгаалах, амьжиргааны зохистой түвшинд амьдрах зэрэг эрхийг баталгаажуулсан байна. Мөн тодорхой бүлгийн эрхийг хамгаалсан олон улсын гэрээнүүд батлагдан үйлчилж байна.


Хүний эрхийн талаар төрийн хүлээх үүрэг юу вэ?
  Төрийн зүгээс иргэдийн эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үүрэг хариуцлага хүлээдэг. 
  Хүндэтгэх үүрэг гэдэг нь төр хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд саад хийх буюу хувь хүмүүсийг эдгээр эрхээ өөрсдөө эдлэхэд нь саад болсон аливаа үйлдлээс татгалзах ёстой. 
  Хамгаалах үүрэг гэдэг нь засгийн газар хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хүн амыг хүний эрхийн зөрчлөөс, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг нь бизнесийн болон олон улсын санхүүгийн байгууллага зэрэг төрийн бус оролцогчид зөрчихөөс сэргийлэх ёстой гэсэн үг. 
  Хангах үүрэг гэдэг бол засгийн газрууд хууль ёсны эрх үүрийнхээ хүрээнд хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг бүрэн дүүрэн эдлэх нөхцлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх үүрэг мөн. 


Хүний эрхийг хангахад чиглэсэн олон улсын баримт бичгүүдийн хураангуй мэдээлэл


Нэг. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хураангуй

  1. Өөрөө засан тогтнох эрх
  2. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
  3. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш эрх
  4. Онцгой байдлын үед хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хэмжээ (4.5-р зүйл)
  5. Амьд явах эрх
  6. Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий хандахыг хориглох
  7. Боолчлол, албадан хөдөлмөрийг хориглох
  8. Халдашгүй чөлөөтэй байх эрх
  9. Эрх чөлөөгөө хасуулсан хүн бүрийн өөртэй нь хүнлэг, нэр төрийг нь хүндэтгэх ёсоор хандах эрх
  10. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эрх чөлөөг нь хасах
  11. Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, явах эх орондоо буцаж ирэх эрх
  12. Гадаадын иргэдийг албадан гаргах
  13. Шүүхийн өмнө эрх тэгш байх
  14. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх
  15. Эрх зүйн этгээд байх эрхийг хүлээн зөвшөөрөх
  16. Иргэний хувийн амьдрал, орон байрны байдал
  17. Шашин шүтэх, эс шүтэх
  18. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх
  19. Дайныг сурталчлах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хориглох
  20. Тайван жагсаал цуглаан хийх эрх
  21. Эвлэлдэн нэгдэх эрх
  22. Төрөөс гэр бүлийг хамгаалах
  23. Төр нийгмээс хүүхдийн эрхийг хамгаалах
  24. Төрийг удирдах хэрэгт оролцох
  25. Ялгаварлан гадуурхах явдлыг хориглох
  26. Цөөнхийн эрх

Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын олон улсын пактыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1966 оны 12-р сарын 16-ны өдрийн хуралдаанаар баталж, 1976 оны 3-р сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол улсад 1974 оны 11-р сарын 18-ны өдөр соёрхон баталж, 1976 оны 3-р сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон. Энэ пакт 2 нэмэлт протоколтой. Үүнд: Хувь хүний гомдол гаргах журмыг хүлээн зөвшөөрөх тухай, Цаазаар авах ялыг хэрэглэхийг хориглох тухай орсон байна.


Хоёр. Эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хураангуй.
Энэхүү пактад хүний эдийн засаг нийгэм, соёлын амьдралд хүртээмжтэй, тэгш эрхтэйгээр оролцохыг тодорхойлсон байдаг. Тухайлбал, сурч боловсрох эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх ба эмнэлгийн тусламж авах эрх, орон сууцтай байх эрх, хувийн өмчийн эрх, өв залгамжлах эрх, хувийн аж ахуй эрхлэх эрх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн таатай нөхцлөөр хангагдах эрх, хүүхдийн онцгой эрх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, өвчтөний эрх зэрэг хүний эрхүүдийг тусгасан.


Гурав.Эмэгтэйчүүдийг алагчлах бүр хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц 1979 он
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1979 оны 12-р сарын 18-ны өдрийн 34\180 тогтоолоор тус конвенцыг  баталж, 1981 оны 9-р сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол улс 1981 оны 5-р сарын 14-ний өдөр соёрхон баталж, 1981 оны 9-р сарын 3-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.

Конвенцын гол зорилго нь хүний эрхийн тухай олон нийтийн ойлголтыг өргөжүүлж, эмэгтэйчүүдийн үндсэн эрхээ эдлэхэд нь саад тотгор болж буй соёл зан заншил, эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах бодлогыг хэрэгжүүхэд чиглэгддэг. Тухайлбал, Конвенцид албадан гэрлүүлэх, гэр бүлийн хүчирхийлэл, сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, олон нийтийн ажилд оролцох боломжийг нэмэгдүүлэх мөн түүнчлэн ажлын байран дах ялгаварлан гадуурхах бүх хэлбэрүүдийг онцлон заасан байдаг.


Дөрөв. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц 2006 он
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 12-р сарын 13-ны өдрийн 61\106 тогтоолоор тус конвенцыг  баталж, 2008 оны 5-р сарын 3-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Монгол улс 2008 оны 12-р сарын 19-ний өдөр соёрхон баталж, 2009 оны 6-р сарын 13-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон.
Конвенцын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй бүх хүн, хүний бүх эрх, үндсэн эрх эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэх явдлыг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих, түүнчлэн тэдний нэр төр, нандин чанарыг хүндэтгэн дэмжихэд оршино.

 

 

Нийтлэсэн: Altansukh 2023-04-26 05:10:18