УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


ХҮҮХДИЙН ЭРХ ГЭЖ ЮУ ВЭ?

18 нас хүрээгүй хүн бүрийг “Хүүхэд” гэж “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын нэгдүгээр зүйлд заасан бөгөөд хүүхдийн үндсэн эрхийг хэн, хэрхэн хамгаалах тухай маш тодорхой тусгасан байдаг. Хүний эрхийн нэг хэсэг том салаа мөчир бол хүүхдийн эрх юм. Хүүхдийн үндсэн эрхэд амьдрах эрх, хамгаалуулах эрх, хөгжих эрх, нийгэм, соёлын амьдралд оролцох эрхүүд багтдаг. Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай монгол улсын хуульд хүүхдийн эрхийг дөрвөн үндсэн бүлэг агуулгаар авч үзсэн байна. Тухайлбал, 

 

  • Амьдрах эрхтэй: Амьдрах, эрүүл мэнд, хүнсний хангамж, нэр, иргэний харъяалал
  • Хамгаалуулах эрхтэй: Дарамт, хүчирхийлэл, мөлжлөг
  • Хөгжих эрхтэй: Боловсрол, хамгаалал, чөлөөт цаг, урлаг, соёлын арга хэмжээнүүд
  • Оролцох эрхтэй: Санал бодол, мэдээлэл, шашин, үзэл бодол

Хүүхдийн эрхийн талаарх олон улсын гэрээ болох Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийг хамгаалахад дараах дөрвөн зарчим баримтахыг оролцогч улс орон бүрт үүрэг болгосон байна. Эдгээр гол зарчмууд нь хүүхдийн бүхий л эрхийг хангахад чиглэж, хүний эрхийн зарчмуудыг мөн тусгажээ.

Нэгдүгээр зарчим
ХҮҮХЭД эсэн мэнд өсөн бойжиж, хөгжих эрхийг бие бялдарын, сэтгэл санааны, танин мэдэхүйн, нийгмийн болон соёлын амьдралын бүх талбарт эдэлнэ.
Хоёрдугаар зарчим 
ХҮҮХЭД ялгаварлан гадуурхагдах ёсгүй бөгөөд онцгой нөхцөл байдалд хүүхэд бүр тусгайлагдан хамгаалагдах эрхтэй.
Гуравдугаар зарчим
ХҮҮХЭД өөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд биечлэн оролцох, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
Дөрөвдүгээр зарчим
ХҮҮХДЭД нөлөөлөх аливаа асуудлыг шийдвэрлэхэд эн тэргүүнд хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангах ёстой.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын механизм

Хүүхэд бол хүн төрөлхтний ирээдүй хойч үе, төдийгүй өнөө үе, нөгөө талаас өөрийгөө бие даан хамгаалах чадваргүй учраас дэлхийн хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах, хөгжүүлэх талаар зуу зуун жилийн турш олон улс үндэстнүүд тэмцэж, нэгдэж ирсэн байна. 1919 онд Англид «Хүүхдийг аврагтун» сан байгуулагдаж улмаар «Олон улсын хүүхэд хамгаалах холбоо» болон өргөжсөн нь хүүхдийн төлөөх олон улсын байгууллагуудын эхлэл болжээ. 1924 онд уг холбооноос санаачлан “Хүүхдийн эрхийн тунхаглал»-ыг (Женев) баталсан. Уг тунхаглалд хүүхэд өөрийн бие махбодь, ёс суртахуун, оюун санааны хөгжилд шаардагдах хөрөнгөтэй байх, өлссөн, өвчилсөн, тахир дутуу болсон, өнчирсөн үедээ онцгой тусламж авах, гачигдсан үедээ тусламж гуйх, эдийн засгийн мөлжлөгөөс чөлөөтэй байх, нийгмийн хариуцлагаа ухамсарлах сэтгэлтэй болж хүмүүжих эрхтэй гэдгийг тунхагласан байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын  (НҮБ) төрөлжсөн байгууллага «Хүүхдийн сан», «Хүн амын сан», «Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага», «Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага»-ууд хүүхдэд чиглэсэн, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. «Хүүхдийн сан» нь Засгийн газар, олон улсын болон орон нутгийн төрийн хийгээд төрийн бус байгууллагуудтай хамтран Хүүхдийг эрүүл энх байлгах, хүнс тэжээлээр хангах, суурь боловсрол олгох, ундны цэвэр усаар хангах, ариун цэвэр байдлыг сахиулах зэрэгт анхаарч ажилладаг. 
НҮБ 1959 онд «Хүүхдийн эрхийн тунхаглал»-ыг  баталж, хүүхдийг гадуурхахгүй байх, өөрийн нэр иргэний харьяалалтай  байх эрхийг хүлээн зөвшөөрч,  боловсрол, эрүүл мэнд, онцгой хамгаалалд байх эрхийг тунхагласан. 1979 оныг «Олон улсын хүүхдийн жил» болгон зарлаж, Ерөнхий ассемблей хүүхдийн эрхийн талаарх конвенцийн төслийг боловсруулах НҮБ-ийн комиссын  гишүүд, гишүүн бус орон болон төрийн бус байгууллага, түүнчлэн төрөлжсөн байгууллагыг төлөөлсөн бие даасан мэргэжилтэн болон ажиглагчдаас бүрдсэн ажлын хэсгийг байгуулж ажилласнаар 1989 онд «Хүүхдийн эрхийн тухай конвенц»-ийг баталсан байна. Энэхүү конвенц нь хүүхдэд хамаарах стандартыг нэг журмын хүрээнээ нийтлэг бүрдэл болгож нэгтгэсэн, хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх талаар заавал дагаж мөрдөх хэм хэмжээ гэж зөвшөөрсөн олон улсын хүний эрхийн гэрээ болсон бөгөөд хүүхдийн эрхийг хамгаалан бататгахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Конвенцийг дэлхийн 192 улс, «Хүүхдийг зөвсэгт мөргөлдөөнд оролцуулахаас хамгаалах» болон «Хүүхдийг худалдах, биеэ үнэлэх, садар самуунд уруу татагдахаас хамгаалах» талаарх нэмэлт протоколуудыг 82-83 орон соёрхон баталжээ. 
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас «Ажилд авах насны доод хязгаарын тухай 138-р конвенц», «Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн даруй устгах тухай 182-р конвенц»-ийг батлан гаргасан. 182-р конвенцид хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг тодорхойлж улмаар тэдгээрийг устгахад нөлөөлөхүйц эдийн засгийн болон нийгмийн хүчин зүйлсийн уялдаа холбоог тодорхойлж өгсөнөөр тус конвенцид нэгдэн орсон гишүүн орон бүрийн үйл ажиллагааны үндсэн чиглэл болсон байна.  Гаагийн «Хүүхэд хамгаалах, улс хооронд хүүхэд үрчлэх асуудлыг зохицуулах тухай 33-р конвенц», «Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц»  нь хүүхдийн эрхийг хамгаалахад үйлчилж байна.    
НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын зэрэгцээ «Дэлхийн зөн», «Английн Хүүхдийг Ивээх сан», «Эмнэсти Интернэшнл» зэрэг олон улсын байгууллагууд дэлхийн хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний механизм

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр монгол улсын хэмжээнд хийгдэж буй бүхий төрлийн арга хэмжээний цогц нь хүүхдийн эрхийг хамгаалах үндэсний механизм болно. 
Монгол улсын 1992 оны Үндсэн хууль нь хүүхдийн эрхийн тухай асуудлыг юуны өмнө НҮБ-ийн Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Хүүхдийн эрхийн тухай конвенц хийгээд бусад олон улсын гэрээ, конвенц, пактуудын үзэл санааг тусган орчин үеийн олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд хуульчлан тунхаглажээ. Ингэхдээ хүүхдийн эрхийг бүх хүүхэд ямар нэг ялгаварлалгүй эдэлж, Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенц хуулийн нэгэн адил үйлчлэх, хүүхдийн эрх нь хүний салшгүй эрх байх, мөн үндэсний аюулгүй байдалд харшлахгүй байх гэсэн үндсэн зарчмуудыг баримталж Монгол улсын төрөөс баталгаажуулах, хамгаалах, зохицуулах эрх зүйн тогтолцооны нэгдмэл үндэс болсон байна.  
Монгол улс 1990 онд ерөнхийлөгчийн зарлигаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Үндсэн хууль болон НҮБ-ийн хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл санаанд нийцүүлэн хүүхдийн талаарх үндэсний хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох ажлуудыг  эхэлж, улмаар 1996 онд «Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль» баталсан. Энэхүү хууль нь хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хамгаалахад чиглэсэн үндэсний хэмжээний эрх зүйн нэгдсэн баримт бичиг болсон юм. 
Монгол улсад Боловсролын тухай хууль (2007 оны нэмэлт өөрчлөлт), Бага, дунд боловсролын тухай хууль (1995), Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль (1996), Нийгмийн халамжийн тухай хууль (1998), Эрүүл мэндийн тухай хууль (1998), Хөдөлмөрийн тухай хууль (1998), Гэр бүлийн тухай хууль (1999), Эрүүгийн хууль (2002 оны шинэчилсэн найруулга), Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого (1995), Их, дээд сургууль, багшийн коллежийн багшийн мэргэжлийн ёс зүйн ерөнхий дүрэм (2006) болон эдгээртэй холбогдон гарсан бусад эрх зүйн актуудад тогтоож өгч, хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангахад үйлчилж  байна.
Эдгээр хууль эрх зүйн актуудын зэрэгцээ Монгол улсын засгийн газраас хүүхдийн эрх, хөгжлийг хангах талаар бодлогын бусад баримт боловсруулан мөрдөж байна. Тухайлбал «Хүүхдийн хөгжлийг хангах талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөр»-ийг 1993 онд батлан хэрэгжүүлж, үүний дараа 2002 онд «Хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр»-ийг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хийгдсэн томоохон ажлуудын нэг нь үндэсний бүрэн хэмжээний «Хүүхдийн хөдөлмөрийн судалгаа» (2002-2003) юм. Манай улсад дотоодын 70 орчим төрийн бус байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр дагнасан үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо баримт бий. 
Үндсэн хуулийн зарчмын дагуу Монгол улсын нэгдэн орсон гэрээ, конвенц хуулийн нэгэн адил үйлчилж Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх  ажиллагаанд үр дүнгээ өгч байна. Тухайлбал манай улс:  

  • 2003 онд “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын Хүүхдийг худалдах, биеэ үнэлэх, садар самуунд уруу татахаас хамгаалах тухай нэмэлт протоколд 
  • 2004 онд, Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оруулахаас татгалзах тухай нэмэлт протоколд гарын үсэг зурж, хүүхдийн эрхийг хамгаалах, бэхжүүлэх чиглэлээр олон талын үйл ажиллагаа явуулж байна. 
  • 2000 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ажилд авах насны доод хязгаарын тухай 138-р конвенцид, 
  • 2002 онд Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг нэн даруй устгах тухай 182-р конвенцид
  • 2000 онд Гаагийн Хүүхэд хамгаалах, улс хооронд хүүхэд үрчлэх асуудлыг зохицуулах тухай 33-р конвенцид  
  • 2002 онд Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид тус тус нэгдэн орсон байна.

Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангаж хамгаалах арга зам

Сургууль бол сурах гол орчин. Иймд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, тухайн орон нутгийнхан бүгдээр сургуулийг аюулгүй бөгөөд хүчирхийллээс ангид байх ёстой хэмээн үздэг. Гэхдээ сургуулиас гадна ч хүчирхийлэлгүй орчин байх ёстой гэдгийг хэн бүхэн мэднэ. Сургуулийн орчинд удаан хугацааны туршид хүчирхийлэлгүй байх аваас аливаа зөрчилдөөн, уур бухимдлаа хүчирхийллийн бус замаар шийдэж чаддаг хариуцлагатай иргэн болон төлөвшихөд нь сайнаар нөлөөлдөг.
Сургууль нь хүүхдүүд өөрсдийгөө болон бусдыг хүндэтгэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжтой, аливаа бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүчирхийлэл үгүй, хүүхдийн ашиг сонирхлыг дээд зэргээр харгалздаг тийм орчин байх ёстой билээ. “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн дэлхийн тайлан”-д сургуулийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар нарийвчилсан зөвлөмжүүдийг боловсруулсан байна . Эдгээр зөвлөмжүүдийг НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцын үзэл санаанд тулгуурлан  хүчирхийлэлгүй сургуулийг хөгжүүлэх зорилгын төлөө төр, засгийн газар, боловсролын удирдах ажилтнууд, багш сурагчид, эцэг эх болон нийгмийн бусад гишүүдийг дэмжих зорилгоор боловсруулжээ.

Сургууль

Зөвлөмж Хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх
1 Сургуулийн бүхий л орчин хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй, хүчирхийллээс ангид, адил тэгш боломжийг олгосон байх ёстой. 
 Зөвлөмж Хүчирхийллийг сургуулийн орчинд бүрэн хориглох 
2 Бие махбодь, сэтгэл санаа болон жендэрт суурилсан зэрэг хүчирхийллийн бүхий л хэлбэрүүд нь сургуультай холбогдох хууль эрх зүйн хэм хэмжээ, сургуулийн дотоод дүрэм журмаар бүрэн хориглогдсон байх ёстой. 
 Зөвлөмж Урьдчилан сэргийлэх ажиллагааг чухалчлах
3 Сургуулийн удирдлагын зүгээс өөрийн бүх багш, ажилтнууд болон сурагчид, тэдний эцэг эхийг оролцуулан бүх хүмүүсийн эсрэг чиглэсэн ямар нэгэн хүчирхийлэл гарахгүй байх нөхцлийг хангасан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тусгай бодлого, хөтөлбөртэй байвал зохино.
 Зөвлөмж Эмзэг бүлгийн хүүхдүүдэд тусгайлан анхаарал хандуулах
4 Сургуулийн зүгээс эмзэг, хүнд нөхцөлд байгаа суралцагчид болон ажилтнуудыг аливаа хэлбэрийн хүчирхийллээс хамгаалах бодлого, дүрэм журмыг боловсруулан мөрдвөл зохино. Энэ нь суралцаж байгаа болон ажиллаж буй хөгжлийн бэрхшээлтэй, эцэг эхийн анхаарал халамжаас хол байгаа, амьдралын хувьд хүнд байгаа, хөдөлмөр эрхэлдэг зэрэг хүүхдүүдийг бүхэлд нь хамааруулсан бодлогын арга хэмжээ байна.
 Зөвлөмж Хүчирхийлэлгүй сургалт ба суралцахуй
5 Сургуулийн удирдлага, багш нар нь сургалтын бүхий л үйл ажиллагаа нь хүчирхийллийн бус арга зүй, хэрэглэгдэхүүн, орчинд тулгуурлан явагдах нөхцлийг хангаж өгнө. Сургалтын зохион байгуулалт, сахилга бат тогтоох арга хэмжээ нь аливаа айдас, дарамт шахалт, алагчлал зэрэг хүчирхийллийн хэлбэрүүдээс ангид байна.
 Зөвлөмж Хүчирхийллийг үл тэвчих мэдлэг, чадвар
6 Сургуулийн удирдлага, багш нар нь хүчирхийллийг үл тэвчих мэдлэг, чадвар, хандлагад суралцах, тийнхүү суралцахад ямагт эрмэлздэг байх шаардлагатай. Энэ нь улмаар тухайн багш, удирдлагуудыг ажлын гүйцэтгэл, чанарыг үнэлэх үнэлгээний нэгэн хэсэг болж тогтвол зохино. 
 Зөвлөмж Хөтөлбөрүүдийг шинэчлэх
7 Сургалтын хөтөлбөрүүдэд хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэх, хүчирхийллийн хэлбэрүүд, тэдгээрээс урьдчилан сэргийлэх болон харилцааны үр дүнтэй менежментийн талаар тусгасан зохих өөрчлөлт, нэмэлтийг хийх шаардлагатай. Үүний үр дүнд хүчирхийллийг үл тэвчих мэдлэг, чадвар сургуулийн бүх гишүүдэд түгэн дэлгэрэх болно. 
 Зөвлөмж Хүүхдийн оролцоог хангах
8 Сургуулийн бүхий л үйл ажиллагаа нь хүүхдийн дуу хоолойг сонсох, үгээ хэлэх, шийдвэр гаргахад оролцох бололцоог хангасан байвал зохистой. Сурагчид өөрсдөдөө холбогдох шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжтой байх нь хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй орчин бүрдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ. 
 Зөвлөмж Сургууль – багш - эцэг эхийн түншлэлийн харилцаа тогтоох
9 Сургууль нь хүчирхийллийг үл тэвчих соёлыг өөрийн үйл ажиллагааны бүх хүрээнд нэвтрүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд өөрийн суралцагчид, тэдний эцэг эх болон нийгмийн бусад гишүүдэд үлгэр дууриал болно. Энэ нь сургууль, багш, эцэг эхийн тогтвортой, нээлттэй, зохистой түншлэлийн харилцаанд үндэслэн хэрэгжих боломжтой тул түншлэлийн харилцааг бүрдүлэх нь нэн чухал юм. 

 

Нийтлэсэн: Altansukh 2023-04-26 05:19:53