СЭДЭВ 3. ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ


Чиглүүлэх асуултууд:

  • Хүний эрхийн боловсрол гэж юу вэ? Энэ нь яагаад хүн бүрд хэрэгтэй вэ? 
  • Хүүхдийн эрхийн боловсрол гэж юуг ойлгох вэ?
  • Хүний эрхийн тухай ярих ба хүний эрхийн төлөө үйлдэх хоёр ямар ялгаатай вэ? 
  • Бид энэ хоёр зорилгыг нэгэн зэрэг хангах боломжтой юу? 

АЛХАМ 1. “Хүний эрхийн процесс” загвараар төлөвлөлт хийх
Багш “Хүний эрхийн процесс” загварын зураглалыг тараан өгөх бөгөөд оролцогчид хосоор ажиллана. Өөрийн нийгэм, хамт олон, сургууль, гэр бүлийн орчинд буй хүний эрхийн боловсролын асуудлыг сонгон авч, уг загварт өгөгдсөн алхмуудын дагуу ажиллана. Уг ажлыг гүйцэтгэсний үр дүнд багшийн хувьд цаашид хэрхэн ажиллах чиг баримжаа, хувийн төлөвлөлт бий болно гэдгийг оролцогчдод  анхааруулна. 

“Хүний эрхийн процесс” загвар

 

Боловсруулсан: Кристи Рудельс Палмер, АНУ-ын Миннеасотагийн их сургуулийн Хүний эрхийн төвийн захирал


АЛХАМ 2.  “Т” Хүснэгтийн аргаар хэлэлцүүлэг хийх

  1. Оролцогчид хоёр баг болон хуваагдаж, тус бүр “Хүний эрхийн тухай боловсрол, хүний эрхийн төлөө боловсрол” хэмээх ойлголтуудыг нэг бүрчлэн  тодорхойлж, холбогдох үндэслэлийг боловсруулна.
            a. “Хүний эрхийн тухай боловсрол”
            b. “Хүний эрхийн төлөө боловсрол”
  2. Дараа нь энэхүү боловсролын хоорондын ялгаа, холбоо хамаарлыг хэрхэн тодорхойлсныг ялган, “Т” хүснэгтийн арга хэрэглэн эерэг ба сөрөг тал, давуу ба сул талуудыг тус тус хэлэлцэнэ. 


АЛХАМ 3. Хамтдаа хүний эрхийн ирээдүйн модоо цэцэглүүлцгээе
Асуудлын мод нь бидэнд хүний эрхийн боловсролын хүрээнд тулгамдаж буй гол асуудлууд, түүний шалтгаан, үр дагаврыг цогц байдлаар зураглан харах боломжийг олгодог бөгөөд оролцогч талууд, шийдвэр гаргагчдад удирдаж болохуйц зорилго, зорилт, үйл ажиллагааг төлөвлөхөд тусалдаг. Мод үндэс буюу шалтгаан, их бие буюу асуудал, мөчир буюу үр дагавар гэсэн хэсгээс бүрдэнэ.

1. Оролцогчид хүний эрхийн боловсролын хүрээнд бидэнд тулгамдаж буй асуудал, шалтгаан түүнээс үүдэн гарсан үр дагавар нөлөөний тухай ярилцаж, асуудлын мод загварын дагуу зураглал хийнэ.

Хэлэлцэх асуудал:

  1. Хүний эрхийн боловсрол
  2. Хүүхдийн эрхийн боловсрол
  3. Цаашид хүний эрхийн боловсролын талаар хэрхэн ажиллах талаар баримтлах байр суурь, ойлголт хандлагаа нэгтгэн “Үүрэг хариуцлагын амлалт” боловсруулж, хэлэлцэнэ. 

АЛХАМ 4. Хүний эрх, хүүхдийн эрхийн тухай хамтдаа ярилцья.
Хүний эрхийн мэдлэгээ бататгах нь тунгаан ярилцахаас эхэлнэ. Оролцогчид саналаа жижиг гэлтгүй жагсаан бичиж, дүгнэлт гаргаарай.

  • Та амьдарч буй орчиндоо мод тарих хөдөлгөөнд нэгдэх нь хүний эрхийг хүндэлсэн үйлдэл мөн үү?
  • Нэгэн сумын иргэд фэйсбүүк групп үүсгэн нэгдэж буй нь хүний суурь эрхийн ямар төрлүүдийг эдэлж байна вэ?
  • Хүүхдийн хөгжих эрхийг хангасан жишээ та хэдийг нэрлэж чадах вэ?
  • Сурагчийн гэрээс сургууль хүрэх замд хөгжих, оролцох, хамгаалуулах, эсэн мэнд амьдрах эрхүүдийг хангасан  орчин бүрэн бүрэлдсэн болов уу? Баг, сум, аймгийн төв, хотын зах, хотын төвийн сургуулийн сурагчийн эрх хэрэгжих орчинг тодорхойлж хэлэлцэнэ үү?
  • Дээрх хүний эрх, хүүхдийн эрхийн тухай ярилцсан үр дүнгээ хүний эрхийн ирээдүйн модонд байршуулж, баяжуулаарай.

    

Нийтлэсэн: Altansukh 2023-04-26 05:27:06