УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


ХҮНИЙ ЭРХИЙН БА ХҮҮХДИЙН ЭРХИЙН БОЛОВСРОЛ

Хүний эрхийн боловсролын талаар олон тооны тодорхойлолтууд байна. Иймд эдгээр хандлагуудыг нэгтгэн “Хүний эрхийн боловсрол” (human rights education) хэмээх үзэл баримтлалын агуулгыг гаргаж ирж болно. Хүний эрхийн боловсрол нь өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах, үүрэг хариуцлагаа ухамсарлах, зөв шударгаар үйлдэх зэрэг үнэт зүйлсийг боловсролын арга хэлбэрээр дамжуулан нийгмийн гишүүдэд түгээх үйл явц мөн. Энэ нь зөвхөн сургалтын хөтөлбөрөөс бус, харин сургалтын үйл явц, арга зүй, сургалт явагдаж буй орчин зэргээс хамаарна. Хүний эрхийг сургалтын агуулгын мэдлэг, дадлага туршлагын үйл ажиллагаагаар нэгэн зэрэг эзэмшүүлэх ёстой бөгөөд энэ үйл явц нь сургуулийн тогтолцооны бүх түвшинд хэрэгжих учиртай юм. Энэ утгаараа суралцагч хүүхдүүдийн нэр төр, сэтгэх эрх зэрэг эрхэм зүйлсийг нь хүндэтгэж, эрх чөлөөг нь хангасан сургалтын үйл ажиллагаа нь “Хүүхдийн эрхэд суурилсан боловсрол” (children’s rights based education) мөн. 
Хүний эрхийн боловсрол нь хүн өөрийн эрх, эрх чөлөөний тухай танин мэдэх, ухаарах буюу эрхээ эдлэх, хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн суралцахуйн болон сургахуйн үйл явц юм. Хүний эрхийн боловсрол нь аливаа хүн өөрийн “хүн” хэмээх эрхэм чанараа ойлгон бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн харилцах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх, хүний эрхийн бүх хэлбэрийн зөрчил, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чиглэсэн боловсролын нэгэн салбар юм.
Хүүхдийн эрхийн боловсролын гол зорилго нь сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан суралцагчдад хүүхдийн болон хүний эрх, тэдгээрийг хүндэтгэх, хэрэгжүүлэх, хамгаалах мэдлэг, чадвар, хандлага бүхий “цогц чадамж”-ийг төлөвшүүлэхэд чиглэдэг. Хүүхдийн эрхийн боловсролд суралцагч нь өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэн амьдрах, шийдвэр гаргах, бусадтай хамтран ажиллах, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэн ажиллах чадвар бүхий иргэн болон төлөвших үндэс болж өгдөг. Иймд суурь боловсролоор дамжуулан хүүхэд бүрд хүний эрхийн тухай мэдлэг, түүнийг хүндэтгэх соёлыг эзэмшүүлэх шаардлагатай болохыг НҮБ-ын хүний эрхийн боловсролтой холбоотой зөвлөмжүүдэд тодорхойлжээ. Ялангуяа, хүүхдийн сурч боловсрох, хөгжлийн үйл явцад сургууль, багш, эцэг эх голлох үүрэгтэй тул тэднийг хүүхдийн эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх гол үндсэн субъектууд гэж үзэж  болох юм.
Хүүхдэд болон нийгмийн бусад гишүүдэд эрх, эрх чөлөөний тухай заах нь тэдгээр эрхийн тухай ярьж өгөх, мэдээлэл өгөх төдийгөөр хязгаарлагдахгүй юм. Тиймээс сүүлийн үед “Хүний эрхийн тухай боловсрол, хүний эрхийн төлөө боловсрол” хэмээн ялган ярих болсон бөгөөд ялангуяа хүний эрхийн төлөө боловсрол олгох талаар ихээхэн анхаарч байна. Энэ нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, үзэл санааг нийгмийн бүхий л харилцаанд олон талт арга хэлбэрээр  дамжуулан нийгэмд хүний эрхийг хүндэтгэдэг зөв хандлага төлөвшүүлэх  зорилго бүхий үйл явц юм. Тухайлбал, боловсролын хувьд аливаа сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээ зэрэг бүхий л бүрэлдэхүүн хэсгүүд нь хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт, түүнийг эрхэмлэн мөрдөх, дээдлэх хандлагыг тухайн шатны суралцагчдад бий болгоход эрмэлзэх явдал юм.

Хүүхдийн эрхийн боловсрол (children’s rights education)

Хүүхдийн эрхийн боловсрол (children’s rights education) гэдэг ойлголт нь нэгдүгээрт, чанартай боловсрол, хоёрдугаарт, хүний эрхийн боловсрол, гуравдугаарт, эрхэд суурилсан боловсрол гэсэн ойлголтуудаар дамжин илэрдэг. Хүүхэд бүрийн төлөө үйлчилдэг, хүүхэд бүрд өөрийн чадавх, боломжийг бүрэн нээж ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг боловсролыг чанартай боловсрол (quality education) (НҮБХС, Бүх нийтийн боловсрол дахь хүний эрхэд суурилсан хандлага, 2007) гэж тодорхойлсон нь боловсрол эзэмших явдал зөвхөн хувь хүнээс шалтгаалахгүй, тухайн үеийн сурах орчин нөхцөл, сургуулийн харилцаанд оролцогчдоос хамаардгийг илэрхийлжээ. Судлаачид хүний эрх ба боловсрол хоёрын харилцааг дараах гурван үндсэн хандлагаар (Жадамба Б, 2008) тодорхойлдог. 
Хүний эрхийн боловсрол бол насан туршийн боловсрол мөн. “Хүний эрх “ гэдэг бол ямар нэгэн хийсвэр нэр томьёо биш, анги танхим, гэр орон, найз нөхөд, хамт олон зэрэгтэй нь холбогдох бодит амьдралын асуудал гэдэгт итгэдэг. Боловсролын салбар нь хүний эрхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээн дэлгэрүүлдэг чухал салбар юм. 
Хүүхдийн эрхэд суурилсан боловсролын үр дүн юунд чиглэх ёстой вэ гэвэл:

  • Хамтын ажиллагаанд сургах.
  • Мэдээлэлтэй ажиллах, дүн шинжилгээ хийх.
  • Өөрийн санаа бодол, эрх ашгийг илэрхийлэх, дүрслэх, тайлбарлах, бусдыг сонсох чадварт суралцах.
  • Хүүхдийн эрхийн конвенцуудын утгыг ойлгох чадварт сургах. Хүний эрх, хүүхдийн эрхтэй холбогдох ойлголт, үзэл баримтлалуудыг ойлгон мэддэг, таамаглал дэвшүүлэх, шалгах, дэмжих, чадвар.
  • Аливаа асуудалд шүүмжлэлт байр сууринаас хандах, шийдвэрлэгдээгүй орхигдсон асуудлуудыг тодотгох, өөр арга замуудыг томьёолох чадвар.
  • Өөртөө итгэлтэй байх. Бусдын эрх ашигт халдалгүйгээр өөрийн хүсэл сонирхол, итгэл үнэмшлээ илэрхийлэх чадвар,
  • Үйл ажиллагаа явуулах. Хүний эрх, хүүхдийн эрхийн төлөө илгээлт илгээх, компанит ажил зохион байгуулах, өөрсдийн буруу хандлагыг өөрчилснөөр хүүхдийн эрхийг дээдлэх үзэл санааг түгээн дэлгэрүүлэх чадвартай болно.

НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах зөвлөмжид хүний эрхийн боловсролыг улс орнууд дараах үе шаттайгаар олгох хэрэгтэй гэжээ.

Насны бүлэг: Эзэмшүүлэх чадвар, хандлага Түлхүүр ойлголтууд
Балчир насны хүүхэд
(3-7 нас)
  • Өөрийгөө хүндэтгэх
  • Эцэг эхээ хүндэтгэх
  • Багшийг хүндэтгэх
  • Бусдыг хүндэтгэх
  • Би
  • Гэр бүл
  • Хамт олон
  • Үүрэг хариуцлага 
Бага насны хүүхэд
(8-11 нас)
  • Нийгмийн харилцаа
  • Үүрэг хариуцлага
  • Иргэншил
  • Хэрэгцээг тодорхойлох
  • Хувийн ба бүлгийн эрх,
  • Эрх чөлөө 
  • Шударга ёс
  • Засгийн газар
  • Ардчилал 
Өсвөр насны хүүхэд
(12-14 нас)
  • Иргэний эрх
  • Улс төрийн эрх
  • Нийгэм, эдийн засгийн эрх зэрэг хүний эрхүүдийн тухай мэдлэг
  • Олон улсын эрх   зүй
  • Дэлхийн энх   тайван
  • Найрамдал   нөхөрлөл 
Идэр насны хүүхэд ба насанд хүрэгчдэд
(15 наснаас дээш)
  • Хүний эрхийн үндэсний ба олон улсын механизм
  • Өөрийн хувийн зан чанартаа өөрчлөлт хийх
  • Сургалт, ажилдаа хэрэглэх
  • Хуулийн ба эрх зүйн хариуцлага
  • Ёс зүйн үүрэг хариуцлага

Эх сурвалж: “НҮБ, ХЭБ-н Үйл Ажиллагааны Хөтөлбөр боловсруулах зөвлөмж”-өөс авав.  Eds. Nancy Flowers, Human Rights Here and Now


Хүний эрхийн асуудал нь ганцхан эрхийг хамгаалахаар хязгаарлагдахгүй бөгөөд ирээдүй хойч үедээ хариуцлагатай хандах, байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг дээдлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, түүнд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг даван туулах, байгальд ээлтэй, нөөцийн хэмнэлттэй, үр ашигтай хэрэглээний соёл, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх тухай өргөн хүрээний асуудлыг мөн багтаана. Бидний амьдарч буй орчин айх аюулгүй, амар амгалан, амьсгалж буй агаар, гишгэж буй хөрс шороо, харилцаж буй хүн бүр харилцан биеэнээ хүндэтгэдэг, аливаа зөрчил маргааныг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэж чаддаг байх нь нэн чухал
Өнөөдөр манай улсад хүний эрхийн нөхцөл байдал дараах байдалтай байна. Монгол улс 2021 оны хүний эрхийн төлөв байдлын индексээр 139 орноос 61-р байр, үүнд Үндсэн эрхийг хангах гэсэн шалгуурт 63-р байранд эрэмбэлэгдэж байгаа бол Дэлхийн эрх чөлөөний индексээр эрх чөлөөтэй ангилалд багтаж байна.
Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын нөлөөгөөр хүний эрхийн зөрчил, асуудлууд нэмэгдсэн. Хүн бүр сурч боловсрох эрхтэй, ингэхдээ хүртээмжтэй, хүрэлцээтэй, хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай боловсролыг шаардах эрхтэй. Цар тахлын улмаас боловсролын салбар дах тэгш бус байдал гүнзгийрч цахимаар хичээл орох явцад хүүхэд бүрийн оролцоог бүрэн хангуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн.

 

СУРГАЛТЫН АГУУЛГА АРГА ЗҮЙГ ТХ-ИЙН ЗОРИЛГУУДТАЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ

Энэхүү сургалтын модульд санал болгосон сэдэв, агуулга, арга зүй нь ТХБ-ын тодорхой нэг хэсгийг хөндсөн тул сургагч багш та цаашдын сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн дараах зорилгуудтай уялдуулан баяжуулж,  хөгжүүлэх бүрэн боломжтой.

Нийтлэсэн: Altansukh 2023-04-26 05:30:35