УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ
Амьдралын хэв маяг, тогтвортой хэрэглээ
Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 9,8 тэрбум давж, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдсэнээр хог хаягдлын хэмжээ 3.4 тэрбум тоннд хүрэх тооцоо бий. Гэвч эх дэлхий маань ийм их хог хаягдлыг тээгээд өөрчлөлтгүйгээр оршин тогтнож чадах болов уу.
Иймээс орчин үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөх, байгаль орчинд ээлтэй, урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй тогтвортой, ухаалаг хэрэглээ рүү шилжих боллоо. Энэ нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Зорилгуудад, тэр дундаа “Хариуцлагатай хэрэглээг дэмжих” 12-р зорилгод хүрэх чухал алхмуудын нэг болсон.
Бид гэрэл цахилгаанаа салгах, дулаанаа хэмнэхээс эхэлж, хог хаягдлаа ангилж хаях, элэгдэл ихтэй, чанаргүй автомашин унахгүй байх зэрэг байгальд ээлтэй дадлыг бий болгох, мөн хувцас, эд зүйлсийг удаан эдэлж хэрэглэхэд анхаарч, нэг удаагийн хэрэглээ, хуванцрын үйлдвэрлэлийг багасгахгүй бол бидний экологийн ул мөр өдөр ирэх бүр нэмэгдсээр байна. Бидний экологийн ул мөр хэдий чинээ их байна, төдий чинээ эх дэлхийдээ дарамт үзүүлж байна гэсэн үг билээ.
Монголчууд бид эрт дээр үеэс минималист хэв маягаар амьдарч, тогтвортой хэрэглээг олон зуун жилийн турш бий болгосон түүхтэй. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг нь хэрэгцээнээс давсан хэрэглээг бий болгоддоггүй онцлогтой. Илүү эд зүйлс нүүдэллэхэд дараа болдог учраас нүүдэлчид цомхон хэрэглээтэй, байгальтайгаа зохицож, амьдарч ирсэн билээ. Жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүдэллэхдээ гэрийн буурь, бууцандаа ганц гадас ч үлдээлгүй цэвэрлэж цэмцийлгэдэг уламжлал ч үүний нэг жишээ. Монголчууд таван хошуу малынхаа сүү, цагаан идээ, мах, дотор гэдэс, арьс ширийг бүрэн хэрэглэхийн зэрэгцээ аргал, хомоол, хорголыг нь хүртэл түлшиндээ ашигладаг.
Монголчууд байгалийн эрс тэрс уур амьсгалд дасан зохицож амьдрахын хэрээр өвөрмөц ёс заншил, соёл, ахуйтай болсон бөгөөд эд юмсаас гадна хүнсээ ч мөн цаг улирал, ам бүлдээ тохируулан хэрэглэж иржээ. Үүнийг гэрчлэх “хоол хэтэрвэл хор”, “хоёр идэхгүй хоосон хонохгүй...” зэрэг хэлц үгнүүд цөөнгүй бий. Нүүдэлчдийн эрүүл чийрэг байдал нь хооллолтын өндөр соёлтой холбоотой бөгөөд хоолоо үлдээхийг ихэд цээрлэн буян барагдана хэмээн үздэг байв. Хүнсээ ам бүлдээ тохируулан бэлтгэхээс гадна мал гаргах, гэдэс чанахдаа саахалт айлуудтайгаа хуваалцдаг заншил монгол нүүдэлчдийн дунд эрт дээр үеэс тогтжээ. Иймд хог хаягдалгүй амьдралын хэв маяг нь монголчууд биднээс хол хөндий, шинэ зүйл биш бөгөөд уламжлалт соёлоосоо суралцан хэрэгжүүлэхэд бидэнд тун дөхөм юм. Хоол хүнсний хог хаягдлыг ухаалаг, тооцоотой худалдан авах, бусадтай хуваалцах, хүнсээ зөв хадгалах зэргээр бууруулах боломжтой.
- Хог хаягдлаас зайлсхий.
- Хог хаягдлыг дахин боловсруул.
- Худалдан авахаасаа өмнө дахин бодож үз.
- Эрчим хүчээ хэмнэ.
- Усны хэрэглээг багасга
- Усаа дахин ашигла.
- Эко бүтээгдэхүүн, үйлчилгээг сонго.
Зураг 1.1. “Reduce, Reuse, Recycle” “Багасга, дахин ашигла, дахин боловсруул”
Ногоон ажлын байр. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн, шинжлэх ухаан, засаг захиргааны болон үйлчилгээний чанартай ажил хөдөлмөр, эрхлэлтийг ногоон ажлын байр гэнэ. Зохистой ажлын байр гэж хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлийг төрүүлэхүйц байх бөгөөд дараах нөхцлүүдийг хангахад чиглэсэн байна. Үүнд:
- Хувь хүн хөгжих боломжоор хангагдсан байх
- Ажилтнууд өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангагдсан байх
- Шийдвэр гаргахад оролцох боломжтой байх
- Ижил тэгш боломжоор хангагдсан, бүтээмжтэй байх
- Ажлын байрны аюулгүй байдлыг хангасан байх
- Нийгмийн хамгаалалд хамрагдсан байх
- Шударгаар орлого олох
- Бүтээмжтэй байх зэргийг чухалчилсан байдаг.
Ногоон үйлдвэрлэл. “Ногоон” бөгөөд илүү тогтвортой эдийн засгийг бүтээн байгуулна гэдэг нь бид хэрхэн хэрэглэж, яаж үйлдвэрлэж байгаагаа өөрчилнө гэсэн үг юм. Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, ашиг, орлого олоход чиглэсэн бизнесийн стратеги, хэрэгжүүлдэг үйлдвэрлэлийг ногоон үйлдвэрлэл гэнэ. Ингэснээр хог хаягдал багатай, цэвэр, аюулгүй үйлдвэрлэл, нөөцийн үр ашигтай зарцуулалт, илүү ил тод, нийгмийн хариуцлагатай байдлаас ашиг хүртэж болохоо ойлгосон бизнес эрхлэгчдэд илүү их өөрчлөлтийг авчирна.
Ирээдүйд тогтвортой эдийн засгийг бий болгохын тулд хэрэглээ ба үйлдвэрлэл нь экосистемийг алдагдуулдаг сөрөг “хоршлыг” эвдэхүйц шинэлэг шийдлүүдийг эрэлхийлэх нь зүйтэй. Эдгээр шийдлүүд нь бизнес эрхлэгчдэд нөөцийг хэмнэх, эдийн засгаа сайжруулах, хэрэглэгчтэй харилцах харилцааг сайжруулах, нэр хүндээ өсгөх, үйлдвэрлэлийн стандартыг хангах, хуульзүйн шаардлагыг биелүүлж, осол ба эрсдэл багатай ажиллах зэрэг олон боломжуудыг нээж өгнө. Хамгийн гол нь үйлдвэрлэлийн үргүй зардлаас зайлсхийж, оронд нь ур чадвартай боловсон хүчнийг татаж ажиллуулах, шинэ зах зээлд нэвтрэх, өрсөлдөгч нараасаа давуу талтай болох юм. Бизнесийн “ногоон” санаачилгууд нь Тогтвортой хөгжлийн зорилгын 12.6 дахь зорилт буюу “Хувийн хэвшил, ялангуяа томоохон, үндэстэн дамнасан компаниудыг тогтвортой байдалд чиглэсэн арга ажиллагааг нэвтрүүлж, энэ талаарх мэдээллийг өөрсдийн үйл ажиллагааны тайландаа тусгадаг байхыг дэмжих” зорилттой холбогдоно.
Эко-инновац. Эко-инновац гэдэг нь ямар нэг бүтээгдэхүүний үйлдвэрлэгдэн гарахаас, хог хаягдал болох хүртэл нийт амьдралын мөчлөгийн туршид тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ компанийн бүтээмж, өрсөлдөж чадварыг дээшлүүлж байдаг бизнесийн нэг аргачлал юм. Жижиг дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн тухайд шинэ ба өргөжиж буй зах зээлүүдэд нэвтрэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, бизнестээ хөрөнгө оруулалт татах, өртгийн сүлжээнээс ашиг хүртэх байдлаа сайжруулах, дүрэм, журам, ялангуяа хүрээлэн буй орчинтой холбоотой стандартуудын ард хоцрохгүй, харин ч түүчээлэн манлайлж явахад нь тус болно.
Эко-инновац нь компанийн төлөвлөгөө боловсруулахаас эхлээд аж ахуйн нэгжийн хүрээнээс хальж нийлүүлэлтийн сүлжээ хүртэл өргөн цар хүрээг хамардаг учир эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн сацуу тогтвортой байдлыг хадгалж чаддаг харилцан ашигтай шийдэл мөн. Эко-инновацыг хэрэгжүүлэх зургаан үндсэн үе шат бий. Үүнд:
- БЭЛТГЭЛ: Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тохирох салбар, зах зээл, компанийг сонгон авч, сонгогдсон субъектүүдийнхээ тогтвортой хөгжлийн асуудлаар тулгарч буй бэрхшээл, боломжуудын тухай анхан шатны ойлголтын зураглалыг гаргана.
- СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨХ: Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь сонгож авсан компанийнхаа үйл ажиллагаагаа явуулж байгаа байдлын талаар урьдчилсан үнэлгээ хийж, тогтвортой хөгжлийн асуудлаар тулгарч байгаа бэрхшээл ба боломжуудын талаарх ойлголтыг сайжруулна. Тухайн мэдээлэл нь тус компанид бизнесийн шинэ стратеги боловсруулж нэвтрүүлэхэд ашиглагдана.
- БИЗНЕСИЙН ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ: Тухайн компанийн одоогийн бизнесийн загварыг бүхлээр нь авч үзэн, тогтвортой байдалд нь нарийвчилсан үнэлгээ хийснээр энэхүү үе шат эхэлнэ. Ингээд бизнесийн боломжит шинэ загваруудыг, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болохуйц түвшний инновацуудын хамт боловсруулж гаргана. Дараа нь тэдгээр бизнесийн загварууддаа үнэлэлт өгч хамгийн сайныг хэрэгжүүлэхээр сонгож авна.
- ЗАМЫН ЗУРАГЛАЛ ГАРГАХ: Бизнесийн загвараа сонгомогц тус загварыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болох үйл ажиллагааны түвшний төслүүдийн зураглалыг гаргана. Эхний нэг юм уу хоёр бодитой төслийг сонгон авснаар бизнесийн загварыг хэрэгжүүлэх эхний алхмыг хийнэ.
- ХЭРЭГЖҮҮЛЭЛТ: Эхний ээлжийн төслийн санаануудыг ажил хэрэг болгож эхэлнэ. Асуудал гарч ирэхэд зохицуулах шийдвэр гаргаж ажиллахын тулд уян хатан байх шаардлагатай.
- ДҮГНЭЛТ: Хэрэгжилтийн эхний ээлжийн сүүлийн үе шат эхний төслүүдийнхээ алдаа оноог дүгнэж, компанийн авсан сургамжид үндэслэн бизнесийн загвараа шинэчлэн сайжруулснаар өндөрлөнө. Эко-инновацыг хэрэгжүүлэх нь нэг удаа хийгээд орхих ажил биш юм. Эко-инновацийн хэрэгжилт нь нэг үе шатнаас дараагийнх руу ямар нэг саадгүйгээр шилжин орох боломжтой шинж чанартай хэмээн НҮБ-ын гарын авлагад тусгасан байгаа боловч өөрчлөх, хөгжүүлэх, шинэ мэдээлэл оруулах шаардлага гарвал өмнөх үе шат руугаа эргэн нэг харах шаардлага гарч болох юм. Инновацийн ямар ч үйл явцад ийм зүйл байж болох бөгөөд доголдол гэж ойлгох хэрэггүй. Харин ч урт хугацаандаа иймэрхүү жижиг дутагдлууд нь илүү сайн үр дүнд хүргэх нь элбэг.
Ногоон худалдан авалт. Аливаа бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа үнэ ба чанарыг харгалзан үзэхийн зэрэгцээ байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг авч үзэж сонголт хийхэд оршдог бөгөөд ногоон хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх нэг гол арга хэрэгсэл юм.
Тогтвортой хөгжил буюу тэнцвэрт эдийн засгийн (sustainable economic develop- ment) хөгжлийн анхаарал хандуулдаг гол үндсэн асуудал нь ногоон эдийн засгийн хөгжлийн асуудал юм.
Эдийн засаг хурдацтай өсөхийн хэрээр зарцуулалт, үйлдвэрлэл ихсэж, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөн, нөөцийн хомсдол, бохирдол, орчны доройтол үүсгэж, уур амьсгалын өөрчлөлтөд нэрмээс болох тул тогтвортой худалдан авалтын ашиг тус тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа, хүний нөөц, санхүүжилт гаргахаар үүрэг хүлээснээр улс орнуудад дараах боломжуудыг бий болгож байна. Үүнд:
- Үндэсний бодлогын өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэх: Засгийн газарт төрийн худалдан авалтаар илүү тогтвортой хэрэглээ ба үйлдвэрлэл, хэв маягийг дэмжих томоохон боломжийг олгож байна гэсэн үг юм. Төр худалдан авалтын ажиллагаа хэрэгжүүлэхдээ “үлгэр дуурайлал” үзүүлэх боломжтой. Ингэснээр тогтвортой хөгжлийг цогцлооход дэм болох эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ зах зээлийг нээх болно.
- Байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулах: Засгийн газруудын худалдан авах ажиллагаа нь байгаль орчинд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тогтвортой худалдан авалтын бодлогоо батлан, хэрэгжүүлснээр цаг уурын өөрчлөлт, усны чанар, хог хаягдал зэрэг хүрээлэн буй орчны өргөн хүрээний асуудал, нөлөөллийг бууруулахад тустай. Бүтээгдэхүүн, үйлчилгээг илүү тогтвортой байдлаар сонгон, худалдан авч, хэрэглэх нь эдгээрийн хэрэгцээт байдлын талаар ойлгомжтой “дохиог” зах зээлд өгч, улмаар энэ нь байгаль орчны гүйцэтгэлийг сайжруулахад нөлөөлнө.
- Санхүүгийн өгөөжтөй байх: Байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга төдийгүй худалдан авагчид зардал хэмнэхэд өөрөөр хэлбэл худалдан авалтын үйл ажиллагааны зардал тооцох, эсвэл буцаах шийдлийг хэрэглэхэд, тустай.
- Илүү тогтвортой бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийг хөгжүүлэх: зэрэг болно.
Ногоон бүтээгдэхүүн. Бусад ижил төстэй бүтээгдэхүүнтэй харьцуулахад нөөцийн хэрэглээний үр ашиг өндөртэй, байгаль орчинд бохирдол бага гаргадаг бүтээгдэхүүн юм.
Ногоон бүтээгдэхүүн гэдэг нь ногоон худалдан авалтыг дэмжсэнээр дахин ашигласан материалаар хийсэн бүтээгдэхүүний зах зээл нэмэгдэж, байгаль орчинд нөлөөлж буй үйлдвэрлэл, бүтээгдэхүүний тоо багасан, эх дэлхийд тулгамдаж байгаа ус, эрчим хүчний хэрэглээ буурч, хог хаягдлын асуудлууд багасах сайн талтай юм.
Экo шошго. Хэрэглэгч эко шошгын тусламжтайгаар өөрийн хүрээлэн буй орчин, нийгэмд тавигдах шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгож чадна. Бизнес эрхлэгчдийн хувьд эко шошго бол бизнесийн бүтээмжийг хэмжих, аливаа нэг бүтээгдэхүүний байгаль орчинд сөрөг нөлөөгүй нь баталгаатай байгааг сурталчлах хэрэгсэл болох юм. Харин төрийн хувьд, эдгээр хэрэгслийн тусламжтайгаар үйлдвэрлэгчид ба хэрэглэгчдийн хандлагыг өөрчлөн, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгоход ашиглах боломжтой. Эко шошгын ач холбогдлыг олон улсын тавцанд хэдэн арван жилийн өмнө хамтдаа тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хийх ёстой нэг алхам хэмээн хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр байгаль орчинд ээлтэй шошгололтын нэлээн хэдэн төрөл байгаа бөгөөд зарим төрлийг нь бүлгүүдэд хувааж Олон улсын стандартчиллын байгууллага (ISO) дараах ангилалд хуваасан байна.
- ISO ТӨРӨЛ I буюу эко тэмдэг нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөг бүрд үзүүлэх байгаль орчны нөлөөллийг анхаарч, байгаль орчны чанарын олон шалгуур дээр суурилсан. Эко-шошго нь аливаа үйлдвэрлэгч юм уу үйлчилгээний байгууллагын өөрийнх нь байгаль орчинд ээлтэй гэх тэмдэг, тэмдэглэгээ, мэдэгдлээс огт ялгаатай бөгөөд эко-шошгыг зөвхөн найдвартай, гуравдагч этгээд шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгоно.
- ISO ТӨРӨЛ I БУЮУ ИЖИЛ хэмээх “магадлан итгэмжлэх схем” буюу “тогтвортой байдлын шошго” нь өмнөх төрөл I шошготой ижил зөвхөн тодорхой нэг асуудлыг тусгасан шинж чанартай. Гэхдээ илүү нарийн тодорхой нөлөөллүүд (жишээлбэл, эрчим хүч зарцуулалт, ХАА-н туршлага гэх мэт)-д төвлөрч, тодорхой нэг асуудлыг тусгагдаж (жишээлбэл эрчим хүч ашиглаж байгаа цахилгаан хэрэгсэл, ХАА-н бүтээгдэхүүн гэх мэт) байж ашиглагдана. “Органик шошго”, “Ширэнгэн ойн алъяансын шошго” зэрэг нь үүний жишээ юм.
- Нэг талаар, ISO ТӨРӨЛ II буюу өөрийн зарласан мэдэгдэл нь бие даасан эрх бүхий байгууллагаас олгоогүй, байгууллагууд дотооддоо сайн дураар зохион бүтээсэн байгаль орчны холбогдолтой шошго юм (ихэвчлэн дан тэмдэг юм уу, зарим үед компанийн өөрийнх нь байгаль орчны холбогдолтой лого байна).
- Сүүлийн төрөл буюу ISO ТӨРӨЛ III буюу байгаль орчны нөлөөллийн шошго бол бүтээгдэхүүний тоон мэдээллийг дэлгэрэнгүй дурдсан бүтээгдэхүүний тайлбар юм. Ерөнхийдөө тухайн бүтээгдэхүүний шимт бодисын мэдээллийг агуулсан хүснэгттэй төстэй, матриц хэлбэрээр тавигдсан байна.
СУРГАЛТЫН АГУУЛГА, АРГА ЗҮЙГ ТХ-ИЙН ЗОРИЛГУУДТАЙ УЯЛДУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ
Энэхүү сургалтын модульд санал болгосон сэдэв, агуулга, арга зүй нь ТХБ-ын тодорхой нэг хэсгийг хөндсөн тул сургагч багш та цаашдын сургалтын агуулга, арга зүйг ТХ-ийн дараах зорилгуудтай уялдуулан баяжуулж, хөгжүүлэх бүрэн боломжтой.
Ядуу, эмзэг бүлгийнхэн эдийн засгийн нөөц бололцоог эрх тэгш авч ашиглах, түүнчлэн нийгмийн үндсэн үйлчилгээ, газар болон бусад хэлбэрийн эд хөрөнгө өмчлөх, захиран зарцуулах, өв залгамжлах, байгалийн баялаг, зохих шинэ технологи, санхүүгийн үйлчилгээ, түүний дотор бичил санхүүгийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх | Ундны аюулгүй, боломжийн үнэтэй усаар хангах Усны болон ариун цэврийн байгууламжийн менежментийг боловсронгуй болгох | ||
Эрчим хүчний хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх, цэвэр хатуу түлшний технологийг хүртээмжтэй болгох | Технологийн шинэчлэл, инновациар дамжуулан, түүний дотор өндөр өртөг шингэсэн, ажиллах хүч ихээр шаарддаг салбаруудад голлон анхаарч эдийн засгийн бүтээмжийн өндөр түвшинд хүрэх Байгаль орчны доройтлоос эдийн засгийн өсөлтийг ялгаатай авч үзэх гэсэн үйлдвэрлэл, хэрэглээний чиглэлээр дэлхийн баялгийн үр ашгийг аажмаар нэмэгдүүлэх | ||
Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэржилтийг хөхиүлэн дэмжих Нөөц баялгийн хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлж, цэвэр, байгальд ээлтэй технологи, үйлдвэрлэлийн ажиллагааг нэвтрүүлэх Мэдээлэл, холбооны технологийн хүртээмжийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж, нэн буурай хөгжилтэй орнуудын хүн амыг хямд үнэтэй интернэтээр хангахыг эрмэлзэх | Хүрэлцэхүйц, аюулгүй, хямд үнэтэй орон сууц, суурь үйлчилгээгээр хүн бүрийг хангах Нийтийн тээврийг өргөжүүлэн сайжруулах замаар аюулгүй, хямд үнэтэй, хүртээмжтэй, тогтвортой тээврийн системийг хүн бүрд хүргэх Хүртээмжтэй, ногоон болон нийтийн эзэмшлийн талбайгаар хангах | ||
Байгалийн баялгийг үр ашигтай хэрэглэж, түүний тогтвортой менежментийг бүрдүүлэх Жижиглэн худалдааны болон хэрэглээний түвшинд нэг хүнд ногдох дэлхийн хүнсний хаягдлыг хоёр дахин багасгаж, үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн тогтолцоотой холбоотойгоор гарах хүнсний алдагдал, түүний дотор ургац хураалтын дараах алдагдлыг бууруулах Хог хаягдлаас сэргийлэх, түүнийг бууруулах дахин боловсруулах, дахин хэрэглэх, хог хаягдлыг амьдралынх нь мөчлөгийн хугацаанд байгаль орчинд ээлтэй байдлаар зохицуулах Тогтвортой байдалд чиглэсэн төрийн худалдан авах ажиллагааг дэмжих Шинээр ажлын байр бий болгодог, орон нутгийн соёл, бүтээгдэхүүнийг хөхиүлэн дэмжих Эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах байдлаар өөрсдийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж болохуйц нөлөөллийг бууруулах Татварын бүтцийг өөрчлөх, байгаль орчин сөрөг нөлөө учруулж буй татаасыг аажмаар багасгах замаар үрэлгэн хэрэглээг өөгшүүлдэг шатах түлшний үр ашиггүй татаасыг оновчтой болгох |