СЭДЭВ 2. УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


4. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь тухайн газар, нутгийн агаарын дундаж температур, жилд орох хур тунадасны хэмжээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, хор хөнөөл зэрэг үзүүлэлтэд урт хугацаанд гарсан өөрчлөлтийг хэлнэ. Яг одоо дэлхийн дулаарал явагдаж, уур амьсгал хурдацтай өөрчлөгдөж байна.
Уур амьсгалын өөрчлөлт хэр хурдацтай явагдаж байна вэ? Агаар мандалд ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж сүүлийн 2 сая жилийн аль ч үеийнхээс их, Арктикийн зуны сүүл үеийн далайн мөсний хэмжээ сүүлийн 1000 жилийн өмнөхтэй харьцуулахад багассан, мөн 2006 оноос хойш далайн түвшин нэмэгдэх хурд бараг хоёр дахин өсч, газрын гадарга дээрх агаарын халуун урсгал 1950 оноос хойш мэдэгдэхүйц халсан байна.
Дэлхийн дулаарал гэж юу вэ? Дэлхийн дулаарлын улмаас далайн усны төвшин, цаг агаарын аюултай үзэгдэлүүд ихсэж, хур тунадасны хэмжээ өөрчлөгдөнө. Мөн түүнчлэн хөдөө аж ахуй, мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл, зүйл зэрэг олон зүйлд сөргөөр нөлөөлөх болно. Энэхүү дулаарлыг яаж бууруулах, түүний тулд ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар олон улсын хэмжээнд улс төрийн болон олон нийтийн хэлэлцүүлэг, төрөл бүрийн үйл ажиллагаа явагдаж байна.
Уур амьсгалын өөрчлөлт юунаас үүдэлтэй вэ? Уур амьсгалын өөрчлөлтийн тэргүүлэх шалтгаануудын нэг нь агаар мандалд “хүлэмжийн хий” ялгаруулж буй хүний үйл ажиллагаа юм. Тухайлбал, газрын тос, байгалийн хий, нүүрсийг шатаах үед хүлэмжийн хий ялгардаг. Хүлэмжийн хий нь усны уур, нүүрстөрөгч, метан, азотын исэл, азон болон фторт устөрөгчийн нэгдлүүдээс бүрддэг. Эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Гэвч хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэмжийн хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа нь манай гаригийн температурыг нэмэгдүүлж, улмаар уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэж байна. Өнөөгийн дэлхийн температурыг 19-р зуунтай харьцуулахад 1.2 хэмээр нэмэгдэж, агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ 50 хувиар өсчээ.
Хүлэмжийн хийг ихээр ялгаруулдаг салбарууд: Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагааны улмаас агаар мандалд ялгарч байгаа хүлэмжийн хий юм. Хүн амын тоо ихсэхийн хэрээр хүний хүнс, өмсөж зүүх хувцас гээд бүхий л хэрэгцээ нэмэгддэг. Хүн амаа тэтгэж, тэжээхийн тулд үйлдвэржилт нэмэгдсэнээр агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж, уур амьсгалын өөрчлөлтийг түргэсгэж байна. Хүний үйл ажиллагааны улмаас агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламж ихсэж байгаа нь орчин үеийн уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Манай орны хувьд уур амьсгалын дулаарал дэлхийн дунджаас илүү эрчимтэй явагдаж байна. 2009 онд гарсан “Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн үнэлгээний илтгэл”-д дурьдсанаар агаарын температур 2 метрийн өндөрт 2.140С-аар дулаарсан гэж тэмдэглэсэн нь үүний гэрч юм. Энэ нь дэлхийн дунджаас даруй 3 дахин эрчтэй дулаарч байна гэсэн үг. Ялангуяа өндөр уулын бүс нутаг илүүтэй өртөж байна. Монгол Алтайн бүс нутаг 3-4 градус дулаарсан байдаг.

  • Аж үйлдвэрийн салбар
  • Цахилгаан, дулааны үйлдвэрлэл
  • Тээврийн салбар
  • Хог хаягдал
  • Мал аж ахуй
  • Хөдөө аж ахуй
  • Шатахуун олборлох, боловсруулах
  • Ойн нөөцийн хомсдол

Уур амьсгал хэрхэн өөрчлөгдөж байсан бэ?Урт удаан хугацаанд дэлхийн уур амьсгал тодорхой давтамжтайгаар дулаарах, хүйтрэх зэргээр өөрчлөгдөж ирсэн. Та нар “Юрийн галавын цэцэрлэг” гэдэг киног үзсэн үү? Энэ үед дэлхийн уур амьсгал дулаан чийглэг, ойм, шилмүүст мод ургасан ойтой, олон төрлийн үлэг гүрвэл амьдарч байжээ. Сүүлийн үлэг гүрвэл 60 сая жилийн өмнө мөхсөн. Яагаад мөхсөн талаар эрдэмтэд одоог хүртэл тодорхой тайлбарлаж чадаагүй байна. Карибын тэнгисийн орчимд асар том солир унаснаас их хэмжээний тоос нарыг халхалж уур амьсгал хүйтэн болж мөхсөн гэсэн онол байдаг. Тэр үеийн уур амьсгал өөрчлөгдсөн учир үлэг гүрвэл мөхжээ.

Ойролцоогоор 435 сая жилийн өмнө Сахар нь өмнөд туйл орчимд оршиж, өнөөгийн элсээр бүрхэгдсэн талбай нь мөсөн хучлагаар бүрхэгдсэн байжээ. Одоогийн Сахарт элбэг байдаг “U” хэлбэртэй тэвшин хөндий, хотос болон Алжирын тэгш өндөрлөг нь тэр үед 20 сая жилийн турш үргэлжилсэн мөстлөгийн ул мөр юм. 

Цэрдийн галавын сүүлч буюу 65 сая жилийн өмнө Сахарын уур амьсгал одоогийнхоос эрс ялгаатай байв. Африкийн хойд хэсгийн тал газар тропикийн далайгаар хучигдан, Египетийн баруун өмнөд хэсэгт бичил биетэн, замаг үржиж, шохойн чулуу тунан бий болжээ. Уур амьсгал хуурайшсаны дараа салхинд идэгдэн онцгой сонин хэлбэртэй хал чулуу бүхий газрыг эдүгээ “Цагаан цөл” хэмээн нэрлэдэг нь түүний гарал үүслийг хамтад нь илтгэж буй нэр юм.
Бас нэг жишээ авья. Одоогоос 20,000 жилийн өмнө уур амьсгал хүйтэрч мөстлөгт автаж байв. Хэрэв бид 20,000 жилийн өмнөх үе рүү буцаж очвол тэр үед АНУ-ын Нью-Йорк, Европын Манчестр, Стокольм болон Берлин бүгд л мөстлөгт автан, цас мөсөөр хучигдсан байх ажээ. Тэр үед далайн төвшин одоогийнхоос 120 метрээр доор байсан нь мөс их байснаас болжээ. Тиймээс тэртээ цагт Парисаас Лондон хүртэл, Аргентинаас Фолклендын арлууд руу, тэр ч бүү хэл Азиас Америк руу Берингийн хоолойгоор дамжин “алхаад” хүрч болох байлаа. Энэ мөстлөгийн үед Европд температур одоогийнхоос 6-10 хэмээр хүйтэн байсан нь цаа буга өсөхөд таатай орчинг бүрдүүлж байв. Гренланд үргэлж мөсөөр хучигдсан арал байгаагүй байна. МЭӨ 900-гаас 1300 оны хооронд тэндхийн дундаж температур 16⁰С байжээ. 982 онд тэнд анх очсон судлаач Эрик дэ Рэд үнэхээр л “Ногоон газар” (Greenland буюу Гренланд) юм гэж энэ нэрээр нэрлэх болжээ. Үүний дараа Викингчүүд мал ахуйгаа аваачин тэнд суурьшсан боловч 14 дүгээр зууны дунд үеэс уур амьсгал хүйтэрч амьдрахын аргагүй болсон байна. Түүгээр ч барахгүй цасан шуурга болон хөвөгч мөсөн уул Скандинов ба Исландын хоорондох замыг эвдэж буцах замыг хааснаас Викингчүүдийн соёл иргэншил мөхөх шалтгаан болсон гэж үздэг (Гай Жакус,2009). Эндээс бид эрт үед уур амьсгал ямар байсан талаар болон их урт удаан хугацаанд уур амьсгал өөрчлөгдөж ирснийг мэдэж авлаа.
Эртний уур амьсгал ямар байсныг мэдэхэд бидэнд “тусалдаг” зүйл олон бий. Үүний нэг нь мөсийг өрөмдөж “мөсөн сорил” хийх явдал юм. Одоо мөсөн бүрхэвчийг хэдэн зуун метрийн гүн хүртэл өрөмдөж, мөс үүсэх үеийн агаарын найрлага уур амьсгал ямар байсныг судлан тогтоож байна.
Уур амьсгал нарны цацраг, орбитын өөрчлөлт, дэлхийн тэнхлэгийн хазайлт, туйлын шилжилт, нар, сар, дэлхий гурвын харилцан байрлалын өөрчлөлт (астрономийн хүчин зүйл) зэрэг гадаад шалтгаанаас өөрчлөгдөж болно. Мөн тектоникийн хавтангийн шилжих хөдөлгөөн, галт уулшил эрчимжих, хүний үйл ажиллагаа зэрэг дотоод шалтгаан ч уур амьсгал өөрчлөгдөхөд нөлөөлнө. Тухайлбал, галт уулын дэлбэрэлтээс үүсэх үнс агаар мандалд 10-15 км-ийн өндөрт тархан тэнд удаан хугацаагаар тогтож, нарнаас ирэх гэрэл дулааны хааснаар дэлхий дээр хүйтэн болдог гэх мэт

5. Уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан ба хүлэмжийн хийн төрөл, эх үүсвэр
Та нар ногоо тарьдаг хүлэмжид орж үзсэн үү? Ямар байдаг вэ? Нарнаас ирэх богино долгионт цацраг хүлэмжийн шилэн ханыг нэвтлэн орж, ургамал болон гадаргад шингэдэг. Халсан гадаргаас ялгарах урт долгионт цацраг шилэн ханыг нэвтэлж гарч чадалгүй тэнд үлддэг учир дулаан байдаг. Энэ үзэгдлийн ачаар өвөл, зунгүй ургац авах ба халуун орны ургамал ч дүн өвлийн хүйтэнд хүлэмжид ургадаг юм (Зураг 5.1). Зун нартайд зогсоол дээр тавьсан машинд ороход гаднахаас илүү халуун байдгийг та нар мэднэ. Машины дотор талыг нарнаас ирэх цацраг халаана. Халсан гадаргаас ялгарах дулаан эргээд гарч чадалгүй машины шилэнд хаагддаг учир халуун байдаг.

Зураг 5.1 Ногоо тарьдаг хүлэмж

Дээрх жишээтэй нэгэн адил хүний үйл ажиллагаагаар бий болсон нүүрсхүчлийн хий, метан буюу намгийн хий, азотын исэл, усны уур, гадарга орчмын озон зэрэг нь “хүлэмж” шиг үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хий нарнаас ирэх богино долгионт цацрагийг нэвтрүүлэх боловч гадаргаас ялгарах урт долгионт цацрагийг тогтоон барьдаг. Иймээс эдгээр хийг “хүлэмжийн хий” гэж нэрлэдэг. Хүний үйл ажиллагаанаас болж үүссэн “хүлэмжийн хий”-н нөлөөгөөр дэлхийн дулаарал буюу уур амьсгалын өөрчлөлт болж байна (Зураг 5.2).
Дэлхийн агаар мандалд байгалийн гаралтай нүүрсхүчлийн хий байдаг. Тэр нь дэлхий оршин тогтноход шаардлагатай дулааныг барьж хадгална. Дэлхийн дундаж температур +15⁰С байдаг. Хэрэв байгалийн гаралтай нүүрсхүчлийн хий байхгүй байсан бол -17⁰С болж хүйтрэх байв.

Зураг 5.2 Хүлэмжийн хийн нөлөө

Хүлэмжийн хий хаанаас үүсэж байна вэ?
1750-2008 оны хооронд нүүрсхүчлийн хийн агууламж 38 хувиар, метан 157 хувиар, азотын исэл 19 хувиар өссөн байна (Нацагдорж, 2012).

Хүлэмжийн хийн ялгарлын 40 хувь нь газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээтэй холбоотой.
Нүүрсхүчлийн хий нь түлшний шаталтаас үүсэх ба цахилгаан станц, үйлдвэр, онгоц, авто машинаас ялгарах утаанаас үүдэлтэй. Метан нь мал аж ахуй, цагаан будаа тариалалт, хог хаягдлаас ялгардаг. Хөрс боловсруулалт, химийн үйлдвэр, онгоц, авто машины утаанаас азотын исэл ялгарна. Агаар мандлын доод давхарга буюу газрын гадарга орчимд автомашин, цахилгаан станц, уурын зуух зэрэг эх үүсвэрээс ялгардаг бохирдуулах бодисууд дулаан, нартай өдөр урвалд орж хоёрдогч бохирдуулах бодис болох гадарга орчмын озоныг үүсгэнэ. Агаарын бохирдлын эх үүсвэрүүдээс агаарт шууд хаягдаж байгаа бохирдуулах бодис (азотын ислүүд, нүүрс-устөрөгчид) нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр урвалд орсны улмаас озоныг үүсгэдэг ба халуун, хурц нарлаг өдрүүд үргэлжлэх зуны улиралд озоны бохирдол ихэсдэг байна. Энэ нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн давхарга агаар мандалд бий болсноор уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан болж байна. Ганц хүлэмжийн хийгээр хязгаарлагдахгүй ой модыг устгах, агаарын болон далайн бохирдол зэрэг олон асуудал байна. Ой нь нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн уушиг юм. Ой модыг устгаснаар хүлэмжийн хийн шингээлт багасаж, ялгарал ихсэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байгаа юм.

 

6. Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр зөвхөн агаарын температур нэмэгдээд зогсохгүй эерэг, олон сөрөг үр дагавар бий болдог. Сөрөг үр дагавар нь давамгайлна. Тухайн газар орны байгаль, нийгэм, эдийн засгийн тогтолцоо нь уур амьсгал, байгалийн нөхцөлдөө зохицсон байдаг. Тухайлбал, цагаан будаа халуун чийглэг уур амьсгалтай нөхцөлд тариалдаг гэх мэт. Уур амьсгалын өөрчлөлт болон өчүүхэн бага хувирал ч тогтсон амьдралын горимд зохисгүй нөлөө үзүүлнэ. Иймд уур амьсгалын өөрчлөлт байгаль, нийгэм, эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлж байна.
Уур амьсгал нь байгалийн бүрэлдэхүүн хэсгийн нэг учир түүний өөрчлөлт нь байгалийн бусад бүрэлдэхүүн хэсэгт нөлөөлдөг. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдээд ургамал, усны нөөц, хөрсний үржил шим, байгалийн бүс бүслүүр экосистем бүхэлдээ хувиран өөрчлөгдөж байна. Ийм учир уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн байгаль орчны бусад өөрчлөлтүүдийг дагуулна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр туйлын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэх, мөсөн гол, мөнх цас хайлах, цэвдэг гэсэх үйл явц явагдаж байна (Зураг 6.1, 6.2, 6.3). Тухайлбал, Сибирийн их тайгын мөнх цэвдэг хайлж агаарт асар их хэмжээний намгийн хий ялгарч, дулаарлыг хэд дахин хурдасгаж болзошгүй.

Зураг 6.1 Австрийн хамгийн том мөсөн гол Пастерце ( 1875 ба 2004 он. 9 км урт. д.т.д 3433м-2100 м-ийн өндөрт, Зүүн Альпийн нурууны Гроссглокнер ууланд оршдог.) Эх сурвалж: http://priroda.su/item/389 Зургийг: Gary Braasch

Зураг 6.2 Гриннелийн мөсөн гол (Канад,1940, 2006 он)
Эх сурвалж: https://ecoportal.info/globalnoe-poteplenie-i-ego-posledstviya/

Хиймэл дагуулууд Антарктид, Арктик, Гренландын бүрхүүл мөстлөг хэр хэмжээгээр багассаныг хянаж байна. Мөстлөг хайлах явц жигд бус байгаа юм. Гренландын мөстлөг хайлах явц 1992 оныхоос тав дахин хурдан байна гэж үзжээ. Сүүлийн тооллогоор хойд ба өмнөд туйл 1320, 2940 тэрбум тонн мөс алдсан байна. Энэ хугацаанд Антарктидын зүүн хэсгийн мөсөн бүрхүүл эсрэгээрээ нэмэгдсэн нь ч мөс хайлж байгааг нөхөхөд тус болохгүй юм.

Зураг 6.3 Хойд туйлын мөсөн бүрхүүлийн өөрчлөлт (Зураг: NASA). Эх сурвалж: https://animalworld.com.ua/news/Tajanije-poljarnyh-lednikov-rezko-uskorilos

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. 1000 хоногт нэг удаа тохиолддог байсан цаг агаарын аюултай үзэгдэл одоо 200-250 хоногт, өөрөөр хэлбэл 4-5 дахин их тохиолддог болжээ (Бердин, и др. 2018). Мөн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулсаар байна.
Уур амьсгалын өөрчлөлт түүний үр дагавар дэлхийн газар орон бүрд жигд бус өөр өөрөөр илэрч байна. Манай гаригийн дундаж температур нэмэгдэхийн хэрээр далай, нуур, гол мөрний усны ууршилт нэмэгдэж, зарим газарт хур тунадас, аадар бороо орж үер болж байхад зарим хэсэгт нь гол мөрөн ширгэж, хуурайшилт, ган болж ургац алдахад хүрч байна. хүргэдэг. Экватор ба халуун өргөрөгт байрладаг бол хэт халуун өдрүүдийн тоо 50 дахин, хур тунадас ихтэй өдрийн тоо 2.5 дахин нэмэгдэх болно. Өмнөд Европт, хойд Африк, Ойрхи Дорнод, Чили, Австралид илүү ган гачиг тохиолдож, эдгээр улс, бүс нутгийн оршин суугчдыг ундны ус, хүнсний хомсдолд оруулах аюул заналхийлж байна. Европт халууны давалгаа 2003 оны 6 дугаар сард эхэлж, 8 дугаар сарын дунд хүртэл үргэлжилж температур 40⁰С хүрч их халсан байна. Франц, Итали, Герман, Испани улсад энэ давалгаанд хамгийн их өртсөн. Хэт их халалт нь хүмүүсийн эрүүл мэндэд таагүй нөлөө үзүүлж 50,000 гаруй европчуудын амь насыг хохироосон гэж тооцжээ (АНУ, Колумбын их сургууль).
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр усны хомсдол, ган гачиг, үер, хар шуурга зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөгөөр өлсгөлөн, ажилгүйдэл, ядуурал, өвчин тархах зэрэг нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлууд бий болж байгаа нь хүн төрөлхтний анхаарал татсан асуудал болохыг харуулж байна (Хүснэгт 6.1).

Цаг агаарын аюултай үзэгдэл: (агаар мандал, хуурай ус, далайд үүссэн цаг агаарын нөхцөлтэй холбоотой үүсэх ба хүн, амьтан, ургамлыг үхэлд хүргэж болзошгүй, эдийн засагт ноцтой хохирол учруулдаг үзэгдлүүд) удаан үргэлжилсэн халуун эсвэл хэт хүйтэн, маш хүчтэй салхи, хар салхи, шороон (элс) шуурга, аадар бороо, их хэмжээний цас орох, үер, ган гачиг, цасан нуранги болон бусад олон зүйлс орно.

 

Хүснэгт 6.1 Уур амьсгалын өөрчлөлт манай оронд (Уранчимэг, 2022)

Эерэг нөлөө Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө
  • Өвлийн хүйтний эрч суларч, өвөл дулаавтар болох
  • Хавар эрт болж, намар оройтно.
  • Гол мөрөн, нуур цөөрөм намар орон хөлдөж, хавар эрт гэснэ.
  • Ургамлын ургах боломжит хугацаа уртсана (халуун өдрийн тоо нэмэгдэж, ургамлын ургалтын хугацаа 2-3 долоо хоногоор уртасчээ).
  • Дулаасаг ургамлын тархац тэллэх, гаднаас хил дамнан орж ирж нутагших
  • Таримал ургамлын төрлийг олшруулах, чийгийн хангамжийг шийдсэн нөхцөлд ургац нэмэгдэх боломжтой
  • Галлах хугацаа богиносож, хөрөнгө зардал хэмнэх, утаа багасах
  • Нүүдэллэдэг амьтдын буудаллах хугацаа сунах
  • Аялал жуулчлалын хугацаа уртсах
  • Дэлхийн дунджаас илүү дулаарч байна. 1940-2008 оны хооронд агаарын температур 2.14⁰С-аар дулаарсан. Ерөнхийдөө дулаарч, халуун өдрийн тоо нэмэгдэх боловч өвөл үе үе эрчимтэй хүйтэрнэ.
  • Хур тунадасны хэмжээнээс ууршилт давсан
  • Хур тунадасны улирлын шилжилт болж, өвөл орох цасны хэмжээ нэмэгдэнэ.
  • Ууршилт эрчимжиж, хөрсний чийгийн хуримтлал буурна.
  • Хөрсний чийгийн жилийн дүн буурна.
  • Хур тунадас ууршилтын өөрчлөлтийг дагаад хөрсний болон гүний ус сэлбэлт, гол горхийн урсац багасна.
  • Мөнх цас хумигдаж, мөсөн гол агшсаны улмаас тэдгээрээс эх авдаг булаг шанд, гол горхины ус багасах, ширгэх
  • Байгалийн бүс хойшоо шилжиж, босоо бүслүүр уул өөдөө дээшээ огшино.
  • Ойн бүс хойт хил рүү шахагдаж, чийг дулааны харьцаанаас хамаарч багасах
  • Говь цөлийн бүс хойшоо тэлэх
  • Бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэлд өөрчлөлт орж малын бэлчээрийн даац буурах 
  • Ургамлын ургалтын үе шатны шилжилт болж аж ахуй эрхлэх тогтсон уламжлалд дарамт үүсэх, амьтны аймгийн өсөлт үржилтэд нөлөөлөх
  • Мөнх цэвдэг хайлсны улмаас байшин барилга суух, зам гүүр эвдэрч гэмтэх 
  • Зунын халуунаас үүссэн халдварт өвчин тархах
  • Зуны улиралд агааржуулалт сэрүүцүүлэхэд зарцуулах зардал өсөх 
  • Дулаан бүсийн нутагшмал өвчин эмгэг тархах

 

Нийтлэсэн: user 2023-04-20 06:58:02