ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Жендэрийн хэвшмэл үзэл: Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, эдлэх эрхийн талаар хүйсийн шинжээр уламжлагдан тогтсон ялгаатай ойлголт, хандлагыг хэлнэ.

Жендэрийн тэгш эрхийн зорилго нь жендэрийн ялгаа гэсэн ойлголттой ижил биш. Жендэрийн тэгш эрх нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгмийн бүх талын оролцоог дэмждэг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн амьдралын хэв маяг харилцан адилгүй байдаг. 

Жендэр ба хүйсийн тэгш байдлын тухай үзэл баримтлал: Жендэр бол улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй хүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага, тэдний нийгэмд эзлэх байр суурийн талаар уламжлагдан тогтсон, түүхэн явцад хувьсан өөрчлөгддөг ойлголт, үзэл, хандлага юм.

Жендэрийн тэгш байдлын тухай хууль: 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “жендэрийн эрх тэгш байдал” гэж эрэгтэй, эмэгтэй хүн улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж, хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг” заасан.

Жендэрийн ойлголтыг соёлд хэрэглэснээр уламжлал, хөгжлийн хэрэгцээг харгалзах нь: Нийгэм, соёлын хүчин зүйлс, үнэлэмжийг харгалзан үзэж уян хатан хандах, улс орон бүр өөрийн нөхцөл байдал, хэрэгцээнд тохируулах боломж олгодог.

Цаг хугацааны хүчин зүйлийг тооцох: Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хэрэгцээ, үүргийн өөрчлөлт ба хөгжлийг олж харах, цаг үеийн хэрэгцээнд тохируулах боломж олгодог.

Анги давхарга, амьжиргааны түвшин, ястан үндэстэн, байршил, насны зэрэг ялгааг тооцох: Нэг хүйсийн доторх эрх мэдэл, хүчний харьцаа, ялгаварт байдлыг авч үзэх боломж олгодог.

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-05 02:35:08