Жишиг хичээл 1: Түүхийн хичээл
Алхам 1: Хичээл төлөвлөлтийг судална.
Жишиг төлөвлөлтийн танилцуулга: Ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн түүхийн хичээлийн суралцахуйн зорилтын хүрээнд боловсруулсан “Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл (1911-1919 он)” нэгж хичээл төлөвлөлтөөс жендэрийн тэгш эрх хүний эрхтэй хэрхэн холбогдох, уламжлалт ойлголтыг шүүмжлэлтэйгээр асуулт тавьж, хүлээн зөвшөөрч чаддаг болох төлөвлөлт, үйл ажиллагааг хэсэгчлэн оруулав. Энэхүү жишиг хичээлийн дасгал, даалгаврыг 11-14 насны хүүхдүүдийн сургалтын модульд оруулсан болно.
Сэдэв сонгосон үндэслэл, багшид зориулсан тэмдэглэл
“1911-1919 оны Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл”-ын талаар түүхийн сэдэв агуулгын хүрээнд Тогтвортой хөгжлийн 5-р зорилт “Жендэрийн тэгш байдал: Жендэрийн тэгш байдалд ахиц, амжилт олох, охид, эмэгтэйчүүдэд эрх олгох”-той холбон сурагчдад соёлын мэдрэмжүүдийг хүндэтгэхийн зэрэгцээ жендэрийн уламжлалт ойлголтыг шүүмжлэлтэйгээр авч үзэх хандлагыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзсэн.
Жендэрийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрөхөд тухайн улс үндэстний түүхэн явцад бүрэлдэн тогтсон үзэл хандлага нөлөөлдөг гэдэгтэй хүний эрхийн судлаачид санал нэгддэг. Тиймээс энэхүү тогтсон хандлагыг өөрчлөх, зөв хандлагатай болоход нь нөлөөлөхийн тулд эх орныхоо түүхийн тодорхой үе бүрийг судлахдаа тухайн үед тогтож байсан хандлага, үзэл санааг сонирхон судалж, авах гээхийн ухаанаар хандах учиртай. Монголчуудын хувьд эх хүн, эмэгтэй хүнийг дээдэлдэг соёл уламжлалтай ч тэднийг нийгмийн амьдралд оролцуулах, шийдвэр гаргах түвшинд хэргэм зэрэг, эрх ямба олгох тал дээр “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино” гэх мэт хэвшмэл хандлага тогтсон байдаг. Иймийн тул Богдын Засгийн газраас 1911-1919 оны Монгол Улсын нийгэм, эдийн засаг, соёл”-ын сэдвийн хүрээнд ялангуяа, боловсролын бодлого, үйл ажиллагаатай холбоотой баримт, эх сурвалжтай ажиллуулахдаа жендэрийн тухай авч үзэх, тухайлбал, зөвхөн “хөвгүүд” гэсэн заалт байгаа нь жендэрийн талаарх тогтсон хандлагатай хэрхэн холбогдох талаар ярилцаж, жендэрийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрч сурахад дэмжлэг үзүүлэх боломжтой.
Суралцахуйн хөтөлбөрийн агуулга (суралцахуйн зорилт): Богдын засгийн газраас үндэсний тусгаар тогтнол, эдийн засаг, аж ахуй, соёлын хөгжлийн талаар авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг ойлгож, өнөөгийн байдалтай холбон ярилцана.
ТХЗ: Жендэрийн тэгш байдал: Жендэрийн тэгш байдалд ахиц, амжилт олох, охид, эмэгтэйчүүдэд эрх олгох:
ТХБ-ын суралцахуйн зорилт: Суралцагч ахуй соёлын мэдрэмжүүдийг хүндэтгэхийн зэрэгцээ жендэрийн үүрэг, хариуцлагын тухай уламжлалт ойлголтыг шүүмжлэлтэйгээр асуулт тавьж, хүлээн зөвшөөрч чаддаг болох
ТХБ-ын сэдэв: Жендэрийн тэгш бус байдал, уламжлалт жендэрийн үүрэг оролцоо, бүтцийн ялгаварлан гадуурхал (structural discrimination- ялгаварлан гадуурхлын шууд бус, хэвшмэл, ерөнхий хэлбэр)
Хичээлийн үндсэн агуулга:
1911-1919 оны Монгол Улсын соёлын түүхийн хүрээнд боловсролын тухай, түүн дотор анхны сургууль (иргэний) байгуулагдсан тухай судална. Үүний тулд:
- Богд хааны тэргүүлсэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааг эх сурвалж судлах замаар ойлгоно.
- ... өнөөгийн байдалтай холбон ярилцахдаа дараах асуудлыг хөндөнө, үүнд:
- өнөөгийн боловсролын байдал;
- боловсрол яагаад чухал болох, охид яагаад сүүлд сургуульд явах болсон;
- өөрийн боловсролын зорилгын талаар гэх мэт
Үндэслэл
Үйл ажиллагаа
Үр дүн
- ....сургуулийн эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоог ашиглан жендэрийн тухай авч үзэх, тухайлбал, яагаад эрэгтэй хүүхдүүд суралцдаг байсан, охид цөөн буюу бараг байхгүй байгаа нь жендэрийн талаарх тогтсон хандлагатай хэрхэн холбогдох талаар хөндөх боломжтой.
- Бага сургуулийн анхны дүрэм болон өргөх бичгүүдэд шинжилгээ хийж, яагаад хөвгүүдийг суралцуулахыг онцолсны учир шалтгааныг хайх, олох замаар эмэгтэйчүүдийн талаарх уламжлалт (жендэр) ойлголтыг илрүүлнэ.
- Тогтсон хандлага, хоцрогдсон ёс уламжлалд шүүмжлэлтэй хандаж, жендэрийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрнө.
Тодруулга: Энэ хэсэгт түүхийн агуулга/суралцахуйн зорилтын хүрээнд хийгдэхээр төлөвлөсөн хичээлийн үндсэн үйл ажиллагааны алхмуудыг хасаж зөвхөн жендэрийн агуулгатай холбоотой эх сурвалж, ажиллах аргачлалыг боловсруулсан багтай зөвшилцсөний дагуу хэсэгчлэн оруулсан болно.