Багшийн чиглүүлэг, дүгнэлт


Дараах эх сурвалжуудаас сонгон жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтын талаар ярилцах үйл ажиллагааг төлөвлөнө.

Эх сурвалж 1: 1915 онд хэвлэн нийтэлсэн “Сургуулийн танхим байгуулж бага хөвгүүдийг эрдэм сургахуй нь” хэмээх сурвалж бичигт:

“Нэгэн зүйл. Нийслэл хүрээ ба олон хошуу, шавийн газар бага, дунд, дээд зэргийн сургуулийн танхим байгуулж бага сургуулиас үүсгэн зүйл бүрийн эрдэм чадлыг сургах зэрэг дэс буй. Олон хан, ван, гүнгийн хөвгүүд, дүү нараас эхлэн аливаа арван наснаас дээш арван таван наснаас дотогш ухаан сэргэлэн хөвгүүдийг цөм сургуульд оруулж тогтоосон дүрэм хэмжээг дагаж явуулмой. Олон хошуудын бага сургуулийн хөвгүүдэд тогтоосон тоогүй, уул хошууны хүн амын үлэмж цөөний байдалд тэнцүүлэн сургуулилмой. Нийслэл хүрээний бага, дунд хоёр сургуулийн хөвгүүд бүгд наян хүнээр тоо тогтооно.” 

Эх сурвалж: Монголын автономит үеийн сургууль, 1966, 7 дахь тал 

Эх сурвалж 2: 1915 оны зун Богд хааны зарлигаар батлагдсан энэхүү Бага сургуулийн дүрмийн зарим гол зүйл:

Нэгдүгээр зүйл. Бага сургуулийн танхимд олон чуулган аймаг, хошууд ба шавийн зэрэг газрын аливаа түшмэл тайж ба харц албат нарын хөвгүүдийг зарлан хуруулж сургуульд оруулан таван жилийн хугацааны дотор монгол бичиг үсэг заан сургаж, дараа сэцэн сэргэлэнг нь сонгон авч дунд зэргийн сургуулийн танхимд дэвшүүлэн оруулж зүйл бүрийн эрдэм чадал сургахуй дор тус болговоос зохимой.
Хоёрдугаар зүйл. Бага сургуулийн танхимын энэхүү дүрэм хэмжээг зарлан явуулсан өдрөөс эхлэн хагас жилийн дотор Нийслэл Хүрээ, Маймаа хотын газраа нэжгээд олон чуулган аймгийн хошууд ба шавийн зэрэг газар болбаас цөм өөр өөрийн харьяат хошуу ба шавийн тамгын хэрэг шийтгэх газар ба бүгдийн даргын зэрэг газар нэжгээдийг эрхгүй тус тус байгуулбаас зохимой. Түүнээс бичиг үсэг сургах хөвгүүдийн тоог хүн амаар үлэмж цөөний байдалд тэнцүүлэн зохисыг үзэж сургуулилбаас зохимой. Басхүү тогтоосон жилийн дотор монгол бичигт ор сайнаар боловсрогдогсдод харьяат багш өөр зүйлийн бичиг сургууль үйлдүүлбээс зохимой. Хүн амаар үлэмжхэн, газар нутгаар уудам бөгөөд бага сургуулийн танхимын тоог нэмэгдүүлэн байгуулж, хөвүүд дүү нарын нэрийг хуваан илгээж, бичиг эрдэм сургахуй дор тус болгосугай хэмээвээс даруй өөрсдийн дураар нэмж байгуулбаас болмой.
Тавдугаар зүйл. Бага сургуулийн танхим дор нийслэл Хүрээ, Маймаа хотын газар болбаас хошуу, шавийг ялгахгүй бусад олон хошууд ба шавийн зэрэг газар бол цөм өөр өөрийн харьяат түшмэл, тайж ба харц албат нарын найман наснаас дээш арван наснаас дорогш хөвүүдийг бүрнээ зарлан хуруулж сургууль дор оруулбаас зохимой. Гагцхүү энэ хир албаны сургуулийг сая нээн хөгжүүлэх цаг тул анх удаа дор 18 наснаас дотогш арван наснаас дээш бичиг үсэг сурч төсөөлөөгүй хөвүүдийг мөн цөм нэгэн адил зарлан хуруулж сургуульд оруулбаас зохимой.

Зураг 1: Оросын консулын дэргэдэх Орос, Монгол орчуулагчийн
сургуулийн багш, сурагчид 1913 он

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 13:29:09