ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
Уур амьсгалын өөрчлөлт: Дэлхийн уур амьсгалын тогтолцоонд гарч буй өөрчлөлт (Өөрчлөлтийг наад зах нь 35-50 жил түүнээс дээш хугацаагаар тооцно)
Ган гачиг: Амазон мөрний сав газарт орших бүс нутагт (Бразил, 2005) сүүлийн зуун жилд тохиолдож байгаагүй ган гачигт нэрвэгдлээ. Гол мөрөн ширгэсэн тул хүмүүс завь, моторт завиар очдог байсан газарт чөлөөтэй алхаж очдог болсон.
Халууны давалгаа: 2003 онд Европт хэт их халалт болсон. Газар зүйн зураг дээрх улаанаар тэмдэглэсэн газрууд нь 2003 оны 7 дугаар сарын дундаж температур 2001 оныхоос өндөр байсан газруудыг харуулж байна.
Хар салхи: Далайн гадаргын усны температур нэмэгдэж байгаагаас болж аюултай хар салхи өнгөрсөн зууны дунд үетэй харьцуулахад илүү олон тохиолдож хүн ам, эдийн засагт хохирол учруулж байна (АНУ 2005 он). Катрина хар салхины улмаас далан устаж Нью Орлеанс хот усанд автагдсан. Луизиана мужийн зүүн өмнөд хэсгийн оршин суугчдын 90 хувийг нүүлгэн шилжүүлжээ.
Үер: 2013 онд Оросын Алс Дорнодод зуны сүүл, намрын эхээр хүчтэй бороо үргэлжлэн орж, Амур мужид унасан хур тунадасны хэмжээ жилийнхээс хэтэрч, бүр давсан байна. Үүний улмаас Амур мөрний усны түвшин нэмэгдэн (усны түвшин зарим газраар 9 м хүртэл нэмэгдсэн) үерт автаж, 20 мянган хүн гэр орноосоо салжээ.
Гэнэтийн хүйтрэл: 2013 оны арванхоёрдугаар сард Ойрхи Дорнод болон Хойд Африкт цаг агаар хүйтэрч, хүний амь нас эрсдэх болсон. Цас орсны улмаас сургуулиуд хичээлээ хааж, банкууд хаагдаж, олон зуун нислэг хойшлогдож, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Ойн түймэр: 2019 оны 10 дугаар сарын 27-нд АНУ-ын Калифорни муж улсад ой хээрийн түймэр гарчээ. Хүчтэй салхины улмаас тус мужийн хойд болон өмнөд хэсэгт түймэр тархаж, байшин барилгууд шатжээ. “Кинкэйд” хэмээн нэрлэгдээд буй энэхүү түймрийн улмаас79 барилга, байгууламж галд өртөж, 200 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түймэр 12 мянган га газар тархжээ. Байгалийн гамшгаас болж “Pacific Gas and Electric” компанийн нэг сая гаруй хэрэглэгч гэрэл цахилгаангүй болов. Энэ сард хуурайшилт болон салхи ихтэй байгаагийн улмаас ойн түймэр дэгдсэн гэж мэдээлсэн байна. Дэлхийн дулаарлын улмаас агаарын хэм нэмэгдэж, модод улам хуурай болж буй нь гал түймэр дэгдэх эрсдлийг нэмэгдүүлсээр байгаа юм.
Цөлжилт: Ургамлаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болж хувирах үзэгдэл. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас болж цөлжилт явагдаж байна. Монголын говиос гаралтай шар шороон шуурга буюу “түйрэн”-гийн давтамж жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд үүнд цөлжилт, ой модны доройтол, мал аж ахуй гээд олон хүчин зүйл нөлөөлж буй юм. Говь цөлөөс хаврын салхиар их хэмжээний элсний тоосыг зүүн зүгт Бээжин, Солонгосын хойг, Япон хүртэл зөөдөг.
Усны хомсдол: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр ууршилт нэмэгдэж, энэ нь гадаргын болон гүний усны эх үүсвэр алдагдахад шууд нөлөөлдөг учир усны хомсдолд нөлөөлөх нэг шалтгаан болж байна. Дэлхий дээр таван хүүхэд тутмын нэг нь өдөр бүр усны хэрэгцээгээ хангаж чадахгүй байна (НҮБ-ын Хүүхдийн Сан, 2021). Усны хомсдолд орсны улмаас ундны усны аюулгүй байдал алдагдаж, өвчин тахал тархах аюул нүүрлэж байна. Манай улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн нь 6095 байна. Үлдсэн 551 гол горхи тасарсан, буюу шургасан, ширгэсэн байна.
Байгалийн бүс, бүслүүрийн хилийн өөрчлөлт: Манай оронд говь цөлийн бүс хойшлон түрж, хээр ба ойт хээрийн бүсийг хойш ухрааж байна.