Эх сурвалж 1:


ЖТБМ 1 - Жендэрийн мэдрэмжтэй нэр дэвшүүлсэн өв

Хилийн чанад дахь Хятад иргэдийн Чяопи ба Иньшиний захидал харилцааны болон мөнгөн гуйвуулгын баримтууд, Хятад

Олон улсын өвийн жагсаалтад 2013 онд бүртгэгдсэн

ЖТБМ 1 - Нэр дэвшүүлэх өргөдлийн маягтын дүн шинжилгээний тайлбарт жендэрийн тэгш байдалтай холбогдох ганцхан баримт лавлагааг дурдсан боловч холбогдох бүртгэл тэмдэглэлүүд нь Зүүн өмнөд Хятадын эмэгтэйчүүдийн түүхийн талаар судалгаа хийж буй эрдэмтдийн хувьд мэдээллийн чухал эх сурвалжуудыг агуулсан тул ЖТБМ 1-ийн шалгуурыг хангасан гэж үзэх боломжтой юм. Жендэрийн тэгш байдлын тухай ойлголт нь барууны нийгэмтэй харилцаж байсан харилцаа холбооноос үүдэн гарсан бөгөөд энэ нь орон нутгийн боловсрол болон овог бүлгийн тогтолцооны зохион байгуулалтад тусгагджээ.
Эдгээр түүхэн баримт бичгүүдэд 19-20 дугаар зууны үед хилийн чанад дахь Хятад цагаачид болон тэдний ар гэрийнхний хоорондын холбоо харилцааны арга хэрэгсэл болох захидал, тайлан, дансны дэвтэр, мөнгөн гуйвуулгын баримтууд багтжээ. Чяопи буюу мөнгөн гуйвуулга бүхий захидал нь хилийн чанад дахь хятад иргэдээс Хятадад үлдсэн хамаатан садандаа илгээсэн харилцаа холбооны баримтууд юм. Эдгээр нь захидал, мөнгө, зарим тохиолдолд бэлэг сэлт байсан бөгөөд Хятадын олон улсын шилжилт хөдөлгөөний талаарх түүх болон дорно ба өрнийн соёл хоорондын холбоо хамаарал ба үндэстэн хоорондын харилцааны нотолгоо болох билээ. Чяопид өгүүлсэн болон тусгасан түүхүүд нь хүний олон төрлийн үйл ажиллагааг хамарсан байдаг. Баялаг агуулгатай тул Чяопи нь албан ёсны түүхэн баримт бичгүүдийн үнэ цэнтэй нэмэлт эх сурвалж болдог. Эдгээр нь мөн цагаач ажилчдыг ар гэрийнхэнтэй нь холбох оюун сэтгэлийн орлуулашгүй гүүр болж өгдөг.
Дин Жирун, Шямень, Фүжиан нарын хянан тохиолдуулсан Хятадын Чяопи ба Дэлхийн дурсамж (2014) нэртэй Чяопигийн тухай жендэрийн тэгш байдлын асуудлыг хөндсөн сонирхолтой судалгаа байдаг. Энэхүү судалгаагаар бүс нутаг дахь шилжилт хөдөлгөөний түүхэнд эмэгтэйчүүдийн гүйцэтгэсэн чухал үүргийг хөндсөн ба Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чяошян хотод ар гэртээ үлдсэн эмэгтэйчүүдийн амьдралын түүхийг онцлон авч үзжээ. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн талаарх судалгаа хийхэд мөнгөн гуйвуулга бүхий захидлууд нь үнэ цэнтэй бөгөөд эдгээрийг ашиглах хэрэгтэй талаар дурджээ. Хэдийгээр эмэгтэйчүүдийн тухай түүхийг нэлээд үл тоомсорлодог боловч мөнгөн гуйвуулга бүхий захидлууд нь судлаачдын анхаарлыг татсан баялаг мэдээллийг агуулсан байдаг.
Эдгээр захидал, ялангуяа эмэгтэйчүүдээс хилийн чанадад байгаа хамаатан садандаа бичсэн захидлууд нь шилжин суурьших явц дахь эмэгтэйчүүдийн сэтгэгдэл болон мэдрэмжийн талаарх мэдээллийг агуулсан байдаг. Эдгээр эмэгтэйчүүдийн захидалдаа бичсэн сэтгэгдэл мэдрэмж болон янз бүрийн асуудлуудаас ард үлдсэн эмэгтэйчүүд болон цагаач эрчүүдийн хамтын ажиллагаа болон зөрчилдөөн, цагаач өрхүүдэд гарсан өөрчлөлтүүдийн талаар мэдэж болдог. Тэдгээр нь гэр бүлд болон үндэстэн дамнасан сүлжээнд эзлэх эмэгтэйчүүдийн чухал байр суурийг тодотгодог бөгөөд энэ байдлаас үүдэн эх орондоо үлдсэн эмэгтэйчүүдэд хилийн чанад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нь шууд бөгөөд гүнзгий нөлөө үзүүлж байсныг харуулдаг. Үүний улмаас мөнгөн гуйвуулга бүхий захидлууд нь Хятадын зүүн өмнөд хэсэгт орших Чяошян мужид ар гэртээ үлдсэн эмэгтэйчүүдийн талаарх судалгааны чухал эх сурвалж болдог.
Чяопид хилийн чанад дахь хятад ажилчид эх нутаг, гэр бүлийнхнээ гэсэн хайр халамжаа илэрхийлж, Хятадын уламжлалт бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг гэдгээ илэрхийлсэн байдаг. Чяопид мөн эдгээр хятад цагаачдын төрөлх хот болон улс оронд баруун болон Зүүн өмнөд Азийн соёлын үзүүлсэн нөлөө болон тэдгээр соёлыг орон нутгийн соёлд уусган шингээсэн байдлыг тусгасан байна. Жишээлбэл, шударга ёс ба үнэнч шударга байдал хэмээх ойлголтыг тосгоны удирдлагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Жендэрийн тэгш байдлын тухай ойлголт мөн бий болж, уламжлалт мөн чанар бүхий орон нутгийн боловсрол болон овог бүлгийн тогтолцооны менежментэд тусгагджээ.

 

Нийтлэсэн: Lut-Ochir 2023-05-07 15:22:44