ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД


Сайн сайхан байдал (Wellbeing/Wellness): (Амар амгалан байдал, сайн байдал, сайн сайхан байх нь гэх мэт). Дутагдах гачигдах зүйлгүйгээр гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа, сэтгэл хөдлөлийн болон бие махбод, эрүүл мэндийн сайн сайхан байх хүний оршихуйн асуудал юм.1

Бие махбод болон сэтгэл хөдлөлийн хэмжээс (Physical dimension/Emotional dimension): Бие махбодын сайн сайхан нь зөвхөн өвчин эмгэггүй байх явдал биш, харин амьдралын хэв маягийг хэвийн байлгах явдал юм. Энэ ойлголтод байнгын эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалт, аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ, халдварт өвчний илрүүлэлт, хангалттай унтах, тэнцвэртэй хооллолт, тогтмол дасгал хийх гэх мэт дадал зуршлууд орно. Мөн архи, тамхи болон бусад мансууруулах бодис зэрэг эрсдэлтэй зүйлээс зайлсхийх, багасгах явдал багтана. Сэтгэл хөдлөлийн сайн сайхан байдал нь өөдрөг үзэл, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөртэйгөө болон бусадтай харилцах мэдрэмжийг мэдрэх, даван туулах чадварыг багтаадаг. Мөн өөрийгөө халамжлах дадлага хийх, дотоод нөөц, тэсвэр тэвчээрээ нэмэгдүүлэх, стрессээс ангижрах арга замыг олох, сэтгэл ханамжтай харилцааг бий болгох; цаашлаад, бусдыг өрөвдөх сэтгэлтэй байх, аливаад хүлээлт үүсгэх болон цаг хугацааны талаар бодитой хандлагатай байх, хэзээ тусламж гуйхаа мэддэг байх зэрэг орно.

Оюун санааны болон дотоод ертөнцийн хэмжээс (Mental dimension/Spiritual dimension): Оюун санааны сайн сайхан нь оюун ухааныг идэвхжүүлж, бүтээлч үйл ажиллагаанд оролцохыг дэмждэг. Шүүмжлэлтэй сэтгэх, бодитой дүгнэлт хийх, хариуцлагатай шийдвэр гаргах, шинэ санаа, өөр өөр үзэл бодлыг судлах чадвар зэрэг орно. Дотоод ертөнцийн сайн сайхан нь амьдралын утга учир, зорилгыг эрэлхийлж; олж авах, түүнчлэн өөрийн итгэл үнэмшил, үнэт зүйлд нийцсэн үйл ажиллагаанд оролцохыг хэлнэ. Хүн орчлон ертөнцтэй зохицохыг эрэлхийлж, бусдад энэрэн нигүүлсэх сэтгэлээ илэрхийлж, талархаж, өөрийгөө эргэцүүлэн бодох зэрэг багтана. 

Хүрээлэн буй орчин болон нийгмийн хэмжээс (Environmental dimension/Social dimension): Хүрээлэн буй орчны сайн сайхан нь байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандсан амьдралын хэв маягаар амьдрах тухай юм. Нийгмийн сайн сайхан нь нийгэм болон эргэн тойрныхоо хүмүүстэй холбогдоход чиглэдэг бөгөөд үүнд өөрийн нийгэм, соёлын гарал үүслийг мэдэх нь бусад хүмүүсийн олон талт байдлыг ойлгох гүүр болж өгдөг тухай юм. Сайн харилцаа холбоотой, нэгнээ дэмжсэн нийгмийн сүлжээг бий болгох, утга учиртай харилцааг хөгжүүлэх, аюулгүй, хүртээмжтэй орон зайг бий болгох зэрэг багтана.

Санхүүгийн болон мэргэжлийн хэмжээс (FInancial dimension/Occupational dimension): Санхүүгийн сайн сайхан байдал нь мөнгөтэй харилцах харилцаа, өөрийн боломжоор амьдрах нөөцийг удирдах ур чадвар, санхүүгийн үндэслэлтэй шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт хийх, бодит зорилго тавих, богино болон урт хугацааны хэрэгцээ, яаралтай үед бэлтгэлтэй байж сурах зэргийг багтаана. Мөн хүн бүрийн санхүүгийн хэрэгцээ, нөхцөл байдал ялгаатай гэдгийг ухамсарлах тухай юм. Мэргэжлийн сайн сайхан гэдэг нь таны үнэт зүйл, зорилго, амьдралын хэв маягт нийцсэн, сэтгэл ханамж өгдөг, амьдралыг сайжруулах ажил мэргэжилд суралцах, үүнд оролцох зэргийг багтаана. Мөн карьераа төлөвлөх, ажлынхаа сэтгэл ханамж, гүйцэтгэлийг үнэлэхэд нухацтай, идэвхтэй хандах хандлагын тухай юм.

Нийтлэсэн: user 2023-05-08 10:21:49