МОДУЛИЙН АГУУЛГА, АРГА ЗҮЙ


Ухагдахуун төлөвшүүлэх загвар нь сурагчдын тухайн ухагдахууны талаар гүнзгий ойлголт болон ухагдахууны мэдлэгийг хөгжүүлэхэд чиглэсэн динамик, интерактив загвар юм. Ухагдахууны мэдлэгийг

хөгжүүлэх нь хамтдаа илүү том утга (жишээлбэл, цаг хугацааны хэмжүүр)-ыг бүрдүүлдэг тусгай ухагдахуунууд (жишээлбэл, өдөр, долоо хоног, жил)-ыг ойлгохтой холбоотой юм. Ухагдахууныг бүх хичээлийн сэдэв, ангийн түвшинд авч үздэг.
Ухагдахуун төлөвшүүлэх загвар нь боловсролын салбарт маш удаан ашиглагдаж ирсэн түүхтэй. Үүнийг сурагчдын ухагдахууны мэдлэгийг хөгжүүлэхэд зориулж боловсруулсан боловч уг загвар нь мөн сурагчдын эргэцүүлэн бодох болон тунгаан бодох сэтгэлгээний стратегийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг. Энэхүү загвар нь сурагчдын тухайн ухагдахууны талаарх өмнөх мэдлэгт суурилан түүнийг өргөжүүлэх замаар судалж буй ухагдахуунаа бүрэн эзэмших боломж олгоно.
Судалгаанаас үзэхэд энэхүү загварын зарим давуу тал нь: (1) сайн тогтоохыг хөхиүлэн дэмжих, (2) сурагчдыг илүү идэвхтэй суралцахуйд оролцуулах, (3) дээд түвшний сэтгэлгээ (тунгаан бодох г.м.)-г дэмжих болон (4) сурагчдын өмнөх мэдлэгийг ашиглах г.м. байна. Эдгээр болон бусад ашиг тусын талаар энэ бүлгийн сүүлд илүү дэлгэрэнгүй авч үзнэ. Энэхүү загвар нь судалгаан дээр үндэслэхээс гадна сурагчдын сурч боловсрох явцад хуримтлуулсан туршлагыг хүлээн зөвшөөрч, өргөжүүлэх, сурагч сурах явцаа өөрөө хариуцах, тодорхой ухагдахуун болон илүү өргөн хүрээтэй ухагдахуун хоорондын харилцан холбоог судлахыг дэмждэг тул багш нар үүнийг ашигладаг.

  • Ухагдахуун төлөвшүүлэх загвар нь ямар гарал үүсэл, түүхтэй вэ?

Ухагдахууны судалгаа нь танин мэдэхүйн шинжлэх ухаан, философи болон сэтгэл судлалаас эхтэй. Танин мэдэхүйн алдартай сэтгэл зүйч болох Жером Брунер хүмүүс хэрхэн ухагдахууны талаар бодож, сурдгийг судалсан юм. Одоогоос хагас зууны өмнө Брунер болон түүний хоёр хамтрагчид болох Груднов, Остин нар судалгааны үндсэн дээр ухагдахуун төлөвшүүлэх загварыг боловсруулж, өөрсдийн гаргасан «A Study of Thinking» (Bruner, Goodnow, & Austin, 1956) номдоо баримтжуулан үлдээжээ. Брунер бараг бүх танин мэдэхүйн үйл ажиллагаанд зүйлчлэх үйл явц ордог гэж үзсэн. Ухагдахуун төлөвшүүлэх загвар нь суралцагчдыг тохирох жишээ ба тохирохгүй жишээг хооронд нь ялгах боломж олгодог чухал чанаруудыг хайж олоход түлхэц өгөх замаар зүйлчлэхийг дэмждэг. Брунерын судалгаа нь бидний ухагдахууны талаар заах арга барилын суурь болоод зогсохгүй өнөөгийн “мэдээллийн эрин үед» мэдээлэл боловсруулах, синтезлэх, зүйлчлэх болон хэрэглэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Загварыг боловсруулсан цагаас хойш маш олон судалгаа хийгдсэнээс гадна энэ загварын хэд хэдэн хувилбар гарч ирсэн. Үүний хамгийн том дэмжигчдийн нэг нь сургалтын хөтөлбөрийн нөлөө бүхий онолч, шинэчлэгч, багш Хилда Таба (1967) байсан бөгөөд түүний судалгаа сурагчид ухагдахууныг төлөвшүүлэх, ойлгох, ерөнхийлөх шаардлагатай байгааг онцолсон байв. Тэрээр ухагдахуун төлөвшүүлэх загварын талаар “Таба сургалтын хөтөлбөр хөгжүүлэх төсөл”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг болгон бичжээ. Таба нь ухагдахуун төлөвшүүлэх болон эргэцүүлэн бодоход сургахыг дэмжигч байсан бөгөөд энэхүү загвар нь түүний санаа бодлыг үлгэрлэн харуулсан юм. Мөн түүнчлэн уг загвар нь сурагчдын ялгаатай хэрэгцээг хангах боломжтой учир энэхүү загварыг ашиглахыг сурталчилж байжээ (Taba & Elkins, 1966). Мерил, Тенисон (1977), Тенисон, Кочиарела (1986), Тенисон, Пак (1980) зэрэг бусад эрдэмтэн уг загварыг дэлгэрэнгүй судалж өөрсдийн сургалтын хөтөлбөртөө өргөнөөр тусгаж өгсөн байна. Эдгээр эрдэмтдийн хийсэн ажил өнөөгийн бидний хэрэгжүүлж буй ухагдахуун төлөвшүүлэх загварын талаарх ойлголтыг цааш хөгжүүлсэн байна.

  • Ухагдахуун төлөвшүүлэх загварыг ямар үед, ямар зорилгоор хэрэглэх вэ?

Ухагдахууны мэдлэгийг заах, сурагчдын сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, ялангуяа ялгаж харах, ерөнхийлөх чадварыг хөгжүүлэх, мөн ухагдахууны талаар танилцуулах болон үнэлгээ хийхэд ухагдахуун төлөвшүүлэх загварыг ашиглах нь зохимжтой. Ухагдахууны талаарх чанартай тохирох жишээг нь тодорхойлж хуваалцах боломжтой үед чухал чанар бүхий ухагдахууны талаар заахад ухагдахуун төлөвшүүлэх загварыг ашиглах нь хамгийн их үр дүнтэй байдаг.
Ухагдахуун төлөвшүүлэх загвар дараах 4 алхмаас бүрдэнэ.

Ухагдахуун төлөвшүүлэх загвар дахь багш, сурагчийн үүрэг

Нийтлэсэн: user 2023-05-08 10:26:14