СЭДЭВ 1. УНШИЖ СУДЛАХ МАТЕРИАЛ


Бие махбодын сайн сайхан нь биеийг эрүүл байлгахын тулд ядаргаа, стрессгүй байх; хөдөлгөөн хийх, хоол тэжээл, оюун санааны тэнцвэрт байдлыг хангах тухай юм. Мөн эрсдэлтэй зан үйлээс зайлсхийх эсвэл багасгахын зэрэгцээ эрүүл мэндэд тустай дадал зуршилтай болох замаар өвчин эмгэггүй байх явдал юм.
Идэвхтэй хөдөлгөөн нь биеийг эрүүл байлгахад хамгийн чухал юм. Биеийн тамирын дасгалын хэд хэдэн батлагдсан ашиг тус нь яс, булчинг бэхжүүлж, цус харвах эрсдэлийг бууруулж, их энерги өгдөг. Мөн төрөл бүрийн шим тэжээл, витаминаар баялаг, тэнцвэртэй хооллолтоор бие махбодоо тэжээх нь өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай.

  • Өдөр бүр дор хаяж 30 минут биеийн тамирын дасгал хийх.
  • Тамхи, архи болон бусад мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх.
  • Өдөрт дунджаар 7-9 цаг унтах.
  • Стрессээ багасгах, зохицуулах.
  • Фитнессээр, эсвэл ямар нэгэн спортоор хичээллэх.
  • Урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх.
  • Амны хөндийн арчилгаандаа анхаарах, шүдний эмчилгээ хийлгэх.
  • Эрүүл мэндийн үзлэг, дархлаажуулалтад хамрагдах зэргийг хийж болно.

Сэтгэл санааны хувьд сайн сайхан байна гэдэг нь аз жаргал, уйтгар гуниг, уур хилэн зэрэг бүхий л сэтгэл хөдлөлийг мэдрэх, илэрхийлэх чадвартай байхыг хэлнэ. Мөн хайрлаж, хайрлуулах чадвартай байх, амьдралдаа сэтгэл ханамжтай байх, өөдрөг үзэлтэй байх, өөрийгөө үнэлэх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, мэдрэмжээ хуваалцах чадваруудын багтаадаг. Сэтгэл санааны хувьд эрүүл байх нь биеийн ерөнхий эрүүл мэндэд чухал ач холбогдолтой.

  • Өөрийн бодол санаа, мэдрэмжээ удирдах
  • Өөдрөг хандлагыг төлөвшүүлэх
  • Дэмжлэг авах, мөн үзүүлэх
  • Цагийн менежментийн ур чадварт суралцах
  • Стрессийг удирдах арга техникэд суралцах
  • Өөрийгөө хүлээн зөвшөөрч, уучилж сурах зэргийг давтаж болно.
Нийтлэсэн: user 2023-05-08 10:32:15