ХИЧЭЭЛИЙН ЯВЦ
ҮЙЛ АЖИЛЛАГАА 1. Үндсэн 2 ойлголтын адил болон ялгаатай талыг жишээгээр илрүүлэх
Үйл ажиллагаа 1-ийг хэрэгжүүлэхийн өмнө багш, сурагчдыг санамсаргүй байдлаар баг болгон хуваана. Баг тус бүрд Веннийн диаграм бүхий самбар тарааж өгнө. Тухайлбал (Нөөц хэрэглэгдэхүүн 2.1) Сурагчид багаараа ярилцан, өөрсдийн ойлгож буйгаар оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан хоёрын адил болоод ялгаатай талыг илрүүлнэ. Өөрсдийн гаргасан санаагаа ангийнхандаа танилцуулах ба багш гарсан санаануудыг нэгтгэн самбарт Веннийн диаграмыг гүйцээнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 2. Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхан хоорондоо ямар холбоо хамааралтай болохыг жишээгээр тайлбарлах.
Багш доорх мэт тохиолдол уншиж өгч, асуултын дагуу тайлбарлан, ярилцана.
• Тус тохиолдолд хэн нэг сурагчаас оюун санааныболон дотоод ертөнцийн гоо сайхан илэрсэн үү?
• Илэрсэн.
• Тус тохиолдолд хэнээс оюун санааны болон дотоод ертөнцийн гоо сайхан илэрсэн бэ? Хэрхэн, яагаад?
• Сувдаагаас оюун санааны болон дотоод ертөнцийн гоо сайхан илэрсэн. Учир нь тэр хүн бүрийн ялгаатай байдлыг ойлгон, энэрэнгүй сэтгэл үзүүлсэн нь түүний дотоод ертөнцийн гоо сайхныг харуулсан. Харин буруу үйлдэл хийсэн сурагчдад өөрсдийнх нь буруу болохыг хэлж, уучлалт гуйхыг зөвлөсөн нь асуудалд бодит, хариуцлагатай шийдвэр гаргаж буйгийн илрэл бөгөөд энэ нь оюун санааны гоо сайхан болно. Дээрх мэтээр анги нийтээр хамтран нэг тохиолдолд задлан шинжилгээ хийсний дараа сурагчдыг хосоор ажиллуулна. Хосоор ажиллах явцад сурагч А тохиолдол зохиож, сурагч Б: • Тус тохиолдолд хэн нэгнээс оюун санааны болон дотоод ертөнцийн гоо сайхан илэрсэн үү?. • Тус тохиолдолд хэнээс оюун санааны болон дотоод ертөнцийн гоо сайхан илэрсэн бэ? Хэрхэн, яагаад? гэсэн 2 асуултын дагуу тохиолдлыг задлан шинжилнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 3. Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхны талаар багшийн бэлдсэн нэмэлт материалтай танилцаад, дүн шинжилгээ хийн ярилцах
Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхны талаар багшийн бэлдсэн нэмэлт материалтай танилцаад, үйл ажиллагаа 2-ын хүрээнд зохион, задлан шинжилсэн тохиолдлуудын оновчтой, оновчгүйг ярилцана. Тухайлбал, сурагч А зохиосон тохиолдлоо уншиж, сурагч Б хэрхэн задалснаа хэлнэ. Ангийн бусад сурагч тохиолдол болон задлан шинжилгээ нь зөв байгаа эсэх талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГАА 4. Оюун санааны болон дотоод ертөнцийн сайн сайхныг хэрхэн олдог талаар өөрийн туршлагаа хуваалцах
• Оюун ухааны сайн сайхнаас олж авахад хүргэсэн, түүнд нөлөөлж байсан үйл явдлаас дурдана уу.
• Дотоод ертөнцийн сайн сайхнаас олж авахад хүргэсэн, түүнд нөлөөлж байсан үйл явдлаас дурдана уу. Багш анги нийт дунд дээрх 2 асуултыг тавьж, сурагчидтай ярилцана.