БАГШИЙН ЧИГЛҮҮЛЭГ, ДҮГНЭЛТ


Оюун санааны сайн сайхан нь өөртөө болон бусдад таагүй мэдрэмж төрүүлэхгүй байхаар ухамсартайгаар ухаан санаагаа удирдах явдал юм. Үүний тулд шүүмжилж, сэтгэлийн дайралт хийхээсээ илүү аливаад хүндэтгэлтэй хандаж, үйлдэл бүрийг бүтээлч үйл болгохыг хичээх хэрэгтэй. Иймээс бодит байдлыг байгаагаар нь хүлээн авч тэвчээртэйгээр нөхцөл байдалтай уялдуулан бодит дүгнэлт хийн хариуцлагатай шийдвэр гаргахыг эрмэлзэн шинэ санаа, гарах гарцыг олох нь чухал гэдгийг санаж байх хэрэгтэй. Тиймээс үйл ажиллагаа, үйлдэл бүрийн талаар ил тод ярилцан нээлттэй байх, ижил ойлголцолтой болж, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг бий болгох нь чухал байдаг.
Хүний дотоод ертөнцийн хүч нөлөө бидний амьдралын тохиолдол бүрт тусгалаа олж, аз жаргал болон бүтэлгүйтлийг авчирч байдаг. Энэ их хүчтэй нөлөөлөлийг сайн сайхан байлгах нь бидний амьдралын утга учрыг таньж мэдэх, зорилгоо ухамсарласан байдал, өөртөө итгэх итгэл үнэмшилээс шууд хамаарахыг энэ сэдвээр олгоно. Хэрэв бид зорилгоо биелүүлэх дотоод сэтгэлийн хүчтэй байвал биелэхгүй мөрөөдөл гэж байхгүй юм.
Жишээлбэл: Арнольд Шварценеггерийн төсөөлөл биелэлээ олсон явдал юм. Саятан, амжилттай улс төрч, үл хөдлөх хөрөнгийн наймааны томоохон хөрөнгөтөн, кино од, бялдаржуулах урлагийн 5 удаагийн “Орчлонгийн мистер” тэрбээр энэ бүх амжилтад өөрөө хүрсэн. Түүнд тархи бүгдийг бүтээнэ гэдэг итгэлээс өөр юу ч үгүй үе байсан юм.
Тэрбээр “Би бүр бага байхаасаа л ямар байхаа хүссэнээрээ харж чаддаг байсан. Би бодол санаандаа ийм болно гэдэгтээ хэзээ ч эргэлзэж байгаагүй. Тархи үнэхээр гайхамшигтай. “Орчлонгийн мистер”-ийг анх хүртэхээсээ өмнө би өөрийгөө тэмцээнд ялж байгаагаар ургуулан боддог байлаа. Гол шагнал минийх. Энэ үзэгдлийг би дотоод сэтгэлдээ асар олон удаа харсан болохоор сүүлдээ тэр шагналыг авна гэдэгтээ эргэлзэхээ больсон. Миний иймэрхүү төсөөлөл кино урлагийн салбар дах амжилтад маань ч нөлөөлсөн юм. Би өөрийгөө “Авьяастай, мөнгө их олдог жүжигчин” хэмээн төсөөлөн боддог байлаа.” хэмээн ярьсан юм.

Нийтлэсэн: user 2023-05-08 11:12:37