ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД
- Хүний эрхийн түгээмэл тунхаглал – НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Парист хотноо баталсан бөгөөд «хүн бүхэнд төрөлхийн заяасан эрх бий» гэсэн санааг дэлхий дахинд тунхаглан зарласан.
- Хүний эрх гэдэг бол хүн болохынхоо хувьд эрх чөлөөтэй, амар тайван амьдрахад шаардлагатай суурь стандартууд юм. Хүний эрхүүд нь хоорондоо салшгүй холбоотой бөгөөд хүнээс өөрөөс нь салгаж авах боломжгүй байдаг.
- Иргэний болон улс төрийн эрхэд амьд явах, халдашгүй дархан байх, иргэний харьяалалтай байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, баримтлах, шашин шүтэх эс шүтэх, төрийн үйл хэрэгт оролцох, сонгох сонгогдох, эрх зүйн чадвартай байх, нийгэм, төрөөр хамгаалуулах эрхүүд орно.
- Эдийн засаг, нийгэм соёлын эрхэд сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх, ажил хаях, эрүүл мэндээ хамгаалуулах, соёлын амьдралд оролцох, шинжлэх ухааны дэвшлийн үр дүнг ашиглах, хэрэглэх, өөрийн бүтээлтэй холбогдсон ашиг сонирхлоо хамгаалуулах гэх мэт эрхүүд багтана. Тухайн улсын засгийн газар эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах үүрэг хүлээдэг.
- Хүндэтгэх үүрэг гэдэг нь засгийн газар хүний эрх, түүний дотор эдийн засаг, нийгэм, соёлын эрхэд саад хийх буюу хувь хүмүүсийг эдгээр эрхээ эдлэхэд нь саад болсон аливаа үйлдлээс татгалзах ёстой. Хүндэтгэх үүрэг бол нэн даруй биелүүлэх ёстой үүрэг бөгөөд түүнийг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжгүй юм. Тухайлбал: хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэт үндсэн эрхэд нь шууд халддаг учраас хүндэтгэх үүргийг үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжгүй.
- Хүүхдийн эрхийн конвенц: НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 193 орон нэгдэн орсон бөгөөд Монгол Улс тус конвенцид 1990 онд нэгдэн орсон.
- Хүний эрхийг ангилах нь: Хүний эрхийг ангилах олон шалгуур байдагтай уялдаж ангилал тус бүр өөрийн онцлогтой байдаг. Хүний эрхийг шинжлэх ухааны судлагдахууны хувьд олон шалгуураар ангилан авч үзэх нь ач холбогдолтой юм. Эдгээрээс хамгийн түгээмэл ангиллыг дурдвал:
- Нэгдүгээрт, мөн чанар (уг гарвал) талаас нь 1. Хүний жам ёсны эрх, 2. Хүний зүй ёсны эрх гэж хувааж байна. Хүний жам ёсны эрх гэдэг нь байгалиас заяасан хүний амьдрах, үр удамтай байх эрх зэрэг хүнийг байгалийн бүтээгдэхүүн учраас түүний төрөлхийн заяамал хэрэгцээнээс эх үндэстэй, бичигдээгүй хуулиар зөвшөөрөгдсөн зан үйлийн боломж юм. Жам ёсны эрх гэдэг нь төрөөс тогтоож болохгүй эрхүүд болно. Хүний жам ёсны эрхэд хүний амьд явах, амьдрах, эрүүл аюулгүй орчинд аж төрөх, халдашгүй чөлөөтэй байх, гэр бүл, үр хүүхэдтэй байх зэрэг эрх хамаарна. Хүний зүй ёсны эрх гэдэг нь нийгмийн хэрэгцээнээс үүдэлтэй бөгөөд зайлшгүй хуульчлан зохицуулах шаардлагатай эрх юм. Өөрөөр хэлбэл түүний хүрээ, хязгаарыг төрөөс тогтоож, баталсан байдаг. Ийм эрхэд сурч боловсрох эрх, сонгох сонгогдох эрх, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах, эвлэлдэн нэгдэх, бүтээл туурвих, эд мөнгөний тусламж авах зэрэг эрх хамаарна.
- Хоёрдугаарт, түүхэн хөгжил талаас нь ангилж болно. Түүхэн хөгжил талаас нь эртний сэтгэгчдээс эхэлж болох боловч нөгөөтэйгүүр хүний эрхийн хөгжлийг Үндсэн хуульт ёсны түүхтэй холбоотой авч үзэх утгаар нь түүхийн 3 үед хуваан авч үздэг. Үүнд:
Нэгдүгээр үе: XVIII зууны сүүл үеэс XX зууны 50-иад он хүртэл. Энэ үед ардчилал, тэгш эрх, хүний эрх, эрх чөлөөний суурь тавигдаж, үндсэн хуулиудад тусгагдаж эхэлсэн байна. Сонгох, сонгогдох, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх, боолчлолоос ангид байх зэрэг улс төрийн эрх чөлөөний суурь тавигдсан бөгөөд хувьдаа байр орон сууцтай байх, өв залгамжлах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах зэрэг эрхийн тодорхой хүрээ бий болжээ.
Хоёрдугаар үе: XX зууны 50-иад оноос XX зууны 90-ээд он. Сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалуулах, бүтээл туурвих, шашин шүтэх, эс шүтэх, тэтгэвэр тэтгэмж авах гэх мэт эрх хангагдах баталгаа бүрэлдэн төлөвшсөн байна. Тухайн үеэс хүний эрх, эрх чөлөөний агуулга, хүрээг олон улсын хэмжээнд анх удаа хуульчлан томьёолж, эрх зүйн зохицуулалтыг бий болгосон.
Гуравдугаар үе: XX зууны 90-ээд оны эхэн үеэс эдүгээг хүртэл. Энэ үед эрүүл аюулгүй орчинд амьдрах, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх, мэдээлэл хайх, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах зэрэг эрх биеллээ олж, ихэнх оронд хэрэгжиж эхэлсэн байдаг. Түүнчлэн дэлхий дахинд улс төр, үзэл суртлын системийн ялгаа алга болж, нийтлэг жишиг тогтон, хүний эрхийн хүрээнд бүхэлдээ нааштай өөрчлөлт бодит зүйл болж төлөвшиж байна.